"Сониуч зүрх" төрсөн түүх

Шинэхэн мэндэлсэн номыг минь юуны тухай болохыг ээлж дараалан асууж буй хүмүүст нэг мөр товчхон танилцуулах зорилготой энэ бичвэрээ эхэлж байсан би гэнэт дэлгэрүүлж, ном яагаад бичсэн тухайгаа хуваалцмаар санагдсан юм. Магадгүй хэн нэгэнд шинэ санаа төрүүлж, санасан зүйлээ үйл хэрэг болгох урам зориг өгөх ч юм билүү. Үгүй дээ л, ном авсан уншигчдад минь сонирхолтой болов уу гэж бодсных. 

Энэ ном бол миний өөрийгөө нээх, өөртэйгээ танилцах аяны үр дүнд бий болсон бүтээл юм. Дотоод сэтгэлийн гүнээс хатгах тэр нэгэн түрлэгийг үл хорин, сэтгэлийн дуудлагаа сонсож, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хийсэн жижигхэн алхам хоёр жилийн дараа ном болсон нь энэ. (Өмнөх бичвэрт амлаж байсны дагуу өөрийгөө олох аян хэрхэн өрнүүлдэг, хүсэл сонирхлоо яаж мэддэг тухай туршлагаасаа тусад нь бичвэр болгон удахгүй хүргэнэ.) Хуулийн номнуудаасаа илүүтэйгээр загвар, урлагийн ном "уух мэт" уншиж, сар бүр хаана ямар үзэсгэлэн шинээр дэлгэгдэж байна, тийш зорьдог байсан нь миний жаргал байв.Зургийн аппаратаа тэвэрч, үзэсгэлэнгээ үзээд, лавшруулан судалгаа хийж, сонирхсон зүйлдээ хариулт олчихоод шинэ нээлт хийсэн мэт сэтгэл хангалуун байдаг байлаа. Үзсэн зүйлээ бодох бүр сэтгэлдээ бичвэр сараачиж, энэ бүгдээ бусадтай хуваалцах хүсэл аяндаа төрдөг юм. Авсан зургуудаа нийгмийн сүлжээнд хуваалцаж, энэ хүслээ бага ч гэсэн гүйцэлдүүлдэг байлаа. Энэ зуур, унших дуртай Гоодаль сэтгүүлд анхны нийтлэлээ бичих боломж гарсан юм. Оюунлаг, гэгээн энэ сэтгүүлд би үнэхээр их дуртай. Зүс үзээгүй ч, зарим нийтлэлчдийг бичвэрээр нь, нэрээр нь андахаа больсон, нууцхан шүтдэг байсан даг. Ийм гоё сэтгүүлд анхны нийтлэлээ бичиж байхдаа догдлоод, өөртөө үл итгэн, бас эмээгээд, үүр цайтал компьютерийнхээ ард суусан. Хамгийн анхны нийтлэл, Парисийн Гран Палайд дэлгэгдсэн Мисс Диор үзэсгэлэнгийн тэмдэглэл. Зураг, текстээ сэтгүүлийн хуудас шиг бэлдээд явуулсан, хариу ирэхий нь хүлээгээд цурам хийлгүй үд болгож билээ. "Бид таны бичвэрийг нийтлэхээр боллоо, харин зургуудаа тусад нь илгээнэ үү" гэсэн хариу аваад баярлсандаа нөхрөө цочтол орилсон, инээдтэй. Анхны нийтлэлтэй Гоодаль сэтгүүлийг Монголоос ирэхэд нь ном гаргасан мэт л баярлаж байснаа санадаг юм. Үзсэн харснаа дурандаа, бичвэртээ буулгаж, бусадтай хуваалцах нь надад ямар их баяр баясгалан бэлэглэдгийг би ингэж мэдсэн. Амташсан хэрээ 13 дахьдаг бол би  түүнээс хойш 16 дахьжээ. 

Нийтлэлээ бичихдээ тухайн сэдвээр хэд хэдэн ном уншиж судална."Хатан Хаан Сиссигийн мөрөөр" нийтлэлээ бичих гэж ойролцоогоор 20 ном уншсан. Аль эх сурвалж нь баттай, аль нь үгүй бол гэж лавшруулсаар яваад сүүлдээ тэс өөр сэдвийн ном барьчихсан сууж байдаг юм. Ер нь бол үзсэн харснаа, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэл шиг тоочоод бичнэ,  дараа нь яагаад ингэсэн юм бол, хэзээ юм бол, хэн юм бол, аль хувилбар нь үнэн юм бол гэж хөөсөөр яваад, нэг л мэдэхэд олон ном шагайсан байдаг. Германд хуулийн сургуульд оюутнуудад суулгаж өгдөг нэг чухал чадвар бол "судалгаа хийх". Ямар ч сэдвээр лавшруулан судлахыг ёстой нэг "яс маханд" ортол нь дасгал хийлгэдэг. "Википедиагаас эш татаж онигоонд оров оо" гэсэн үгийг хуулийн багш нар ямагт хэлнэ.Тийм болохоор аль болох баттай эх сурвалжууд олохыг хичээдэг болдог юм байна лээ.  

Өдөр үндсэн ажлаа хийдэг болохоор орой нь суун, шөнөжин бичнэ. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор ядрахыг үл мэднэ.Цаг их хурдан өнгөрнө. Нөхөр минь энэ ягаан компьютертэй намайг хардах тохиолдол гарсан шүү. Гэхдээ ихэнхдээ дэмжиж, цай, самар зэргийг дөхүүлж өгөөд, "хэт их битгий суугаарай" гэчихээд л орондоо ордог байсан. Хүсэл сонирхолдоо цаг гаргахад дэргэдэх хүн их нөлөөтэй. Чамд энэ бүхэн ямар чухал болохыг мэддэг хүн, чиний аз жаргал, баяр хөөрийг хэзээ ч хязгаарлахыг хүсэхгүй. Харин түүнд энэ бүхнээ учирлаж, ойлгуулах, өөрийг нь татан оролцуулах чухал. Найз нөхөддөө ч мөн адил. Амиа бодоод л, өөрөө ойлгуулах нэг ч алхам хийгээгүй байж, "тэд ойлгох ёстой" гэсэн хандлагатай байвал, эцэст нь баяр хөөрөө хуваалцах хүнгүй үлдэх вий.

Амралттай үед айлд зочлонгоо нөгөө өрөөнд нь бичсээр л  сууна.

Нийтлэл минь хэвлэгдсэн дугаар бүрийг нандигнан, зураг авдаг байж. 

16 нийтлэл, 16 Гоодаль

Нийтлэл бичиж эхэлсэн жилийн зул сарын баяраар нөхөр минь тэднийг эмхтгэсэн нэг цомог бэлэглэсэн юм. Их сургуулийн, хайртай нэгэн багш маань уг цомгийг сонирхон суунгаа, "сүүлд нэмэгдсэн нийтлэлүүдээ дээр нь нэгтгээд ном болговол..." гэхэд нь анх энэ тухай бодож эхэлсэн. Ингээд бүх нийтлэлээ нэгтгээд үзэхэд 390 хуудас болдог юм даа. Мэдээж, энэ ном хэнд хэрэгтэй вэ? Намайг үл таних хүмүүс уншаад ямар сэтгэгдэл төрөх бол? гэх зэрэг олон асуулттай тулгарна. Учир нь таньдаг хүмүүс арай өөрөөр хүлээж авдаг. Нэгтгэсэн эхээ хэн нэгэн төвийг сахьсан, намайг үл таних, хамгийн гол нь  урлаг загварын өндөр мэдрэмжтэй хүнд уншуулж, сэтгэгдлий нь сонсох, хэрэв таалагдвал өмнөтгөл бичүүлэх дараагийн алхам байлаа. Миний хүндэлж, биширч явдаг, үзэсгэлэнт эмэгтэйд гарчигаа явуулж, боломжтой бол эхээ явуулж уншуулах хүсэлтээ тавьсан юм. Содгэрэл эгч уншиж үзээд, "таалагдлаа" гэхэд би ямар их баярласан гээч. Үнэтэй зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцаж байсанд нь талархаад баршгүй.

Ном загвар, урлаг, аялал гэсэн гурван хэсэгт, Европын хотуудад дэлгэгдсэн үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэлээс бүтнэ. Зургаа мэдээж өөрөө авсан. Хоёр үзэсгэлэнгийн дотор нь зураг авах хориотой байсан тул хэвлэн нийтлэх зөвшөөрлийг  албан ёсоор авч, тус бүрд нь зохих тэмдэглэгээ хийсэн байгаа.  

Номын редактор, яруу найрагч, зохиолч Өлзийтөгс эгч. Бүтээл бүрийг нь амтархан уншдаг байсан энэ хүмүүнээр номоо редакторлуулна гэж зүүдлээ ч үгүй. Би гарчигаа явуулаад хандаж үзсэн. Дараа нь эхээ явуулчаад, шалгалтанд орох гэж буй оюутан шиг сандраад хэд хоног нойр хүрээгүй. Алдар цуу нь түгсэн, аугаа эмэгтэй мөртлөө үнэхээр эгэл, энгийн, сайхан сэтгэлтэй энэ эгчээс би их зүйл сурсан. Орой хүүгээ унтуулчаад засвараа хийж, хэдэн шөнө нойргүй хоносон боловч маш их сонирхолтой байлаа. Өөрийн үл анзаарах алдааг ингээд илчлэгдээд, урд гараад  ирэхэд засаж авна гэдэг том сургаал аж. Хэрэв та нар ном бичих санаатай бол чадварлаг хүнээр заавал редакторлуулаарай гэж зөвлөмөөр байна. Өөрийгөө хэчнээн сайн гэж боддог байсан ч хамаагүй, заавал өөр хүнээр нягтлуулаарай. Ялангуяа гадаадад олон жил болж байгаа, над шиг, монгол хэлээрээ уншиж, бичдэг хэдий ч, мартагдсан, эсвэл энэ зуур өөрчлөгдсөн олон зүйл байдаг гэдгийг санаарай. Ер нь мэргэжлийн хүний санаа оноог сонсож, тэднээс суралцана гэдэг их чухал. Би загвар, урлагийн хүн биш, сэтгүүлч, зохиолч бүр биш. Тийм болохоор эдгээр салбарын мэргэжлийн хүнээс сэтгэгдлийг нь сонсох, санал шүүмж хүлээж авах нэн эрхэм байсан юм. Содгэрэл эгч, Өлзийтөгс эгч  гээд Монголын сайхан эмэгтэйчүүдтэй анхны бүтээлээрээ холбогдсондоо би хязгааргүй их баяртай. 

Анхны номоо би эмээдээ зориулсан. Ээж минь оюутан байхдаа намайг төрүүлсэн болохоор эмээ минь намайг өсгөсөн. Эмээ дээрээ өссөн хүүхдүүд та нарын дунд зөндөө бий дээ? Хүүхэд өсгөх гэдэг хэцүү ажил-тийм ээ "ажил" гэж зориуд нэрлэлээ- болохыг өөрөө ээж болоод би мэдэрч байна. Монголд эмээ өвөө нар нь харж өгөөд л, албатай юм шиг байдаг, үнэндээ их сэтгэл гаргасан, өөрийгөө зольсон хэрэг шүү. Өндөр настай хүмүүст хүүхэд өргөх, араас нь гүйх зэрэг амаргүй л байгаа. Хэдий баяр баясгалан бэлэглэдэг ч ядрааж, туйлдуулдаг л байж таарна. Гэвч хэд нь үүнийг үнэлж, талархаж явдаг бол? Миний эмээ нутаг усандаа шагшигдсан сайхан хүүхэн байсан гэнэ лээ. Нуруу өндөртэй, үс зүс сайтай, ажилсаг, үйлэнд уран байсан гэдэг. Хөлд ороод би их хөдөлгөөнтэй, ийш тийш гүйгээд эмээ маань бөгтийгөөд л араас гүйдэг байсан, би улам хөөрөөд л зугтдаг байж. Гангар шаазан хагарах гэж байгаа юм шиг л миний араас хөөцөлддөг байсан тухай олон удаа сонссон. Хайранд өлгийдүүлсэн азтай хүн дээ би. Энэ их хайрыг цааш түгээх нь эмээгээ дурсан, миний зүгээс хийж чадах ганц зүйл. 

Номын хавтасны санаа хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Анхны хувилбараа одоо харахаар шууд гологдоно. Гэвч тэр үедээ их таалагдаж байсан шүү. Зун Хорватад амарч яваад цаасан хайчилбар хийдэг хүн намайг суулгаж байгаад, хажуунаас хайчилбар хийсэн юм.Үүнийгээ хавтсандаа ашиглая гэж бодоод блогныхоо сурагч ягаан өнгөн дэвсгэр дээр тавьж үзлээ. "Сониуч зүрх"  нэр  шууд л ороод ирсэн. Хадам аав, профессорууд, ажлынхан зэрэг олон хүн намайг "их зүйл мэддэг" гэхэд нь "үгүй дээ, би зүгээр л сониуч" гэж олон удаа хариулж байснаас үүдэн "сониуч" гэдэг үг миний хоч болсон. Миний их зүйл мэддэг гэж юу  байхав. Ярьсан сэдвүүдээр нь тохиолдлоор хэд хэдэн удаа хэлэх юмтай байж таарсан нь тэр. 

Анхны хувилбар нэг л таалагдахгүй дараагийн санаагаа дэвтэртээ буулгасан. Үүнийгээ зураг зурдаг найздаа өгч хоёр дахь хувилбарыг бэлэн болгосон. Гэвч энэ хувилбар олон хүнд гологдсон. 

Найз Флорианы зурсан бүтээл. Архитектор мэргэжилтэй энэ найз маань үнэхээр гоё зурсан байгаа биз?

Энэ хоёр хувилбар гологдсоор, камертай иллюстрацийг өөрчлөх болов. Нөхөр маань энэ охиныг зурж өгсөн, уг нь хөөрхөн болсон. Гэхдээ л хавтас маань санаанд хүрдэггүй. Өөрөө Меган Хесс шиг зурдаг бол гэж мөрөөдлөө. (Меган Хессийн тухай эндээс сонирхоорой.)

Ингээд Германы Урлагийн их сургуулийн оюутан дүү Тэгштуяад хандлаа. Богино хугацаанд, сэтгэл гарган хэд хэдэн загвар, ноорог гарган над руу илгээсэн, үнэхээр ажилсаг, мундаг охин. Аливаад ийм зөв хандлагатай бол их хол явж, амжилтанд хүрнэ гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байна. 

Тэгштуяагийн гаргасан загваруудаас энэ гурав надад их таалагдсан.

Энэ хөөрхөн зүрхэнд би шууд л дурласан. Бүр нэг эгдүүтэй. Тэр өмссөн, зүүсний нь хараад байгаарай. Флорианы иллюстрацуудыг доор нь оруулснаар номын хавтас эцсийн хувилбараа олсон түүхтэй. Би маш их сэтгэл хангалуун байгаа. Одоо номоо өөр хавтастайгаар төсөөлөхийн аргагүй. Та нарт аль хувилбар нь илүү таалагдаж байна? Сэтгэгдлээ хуваалцаарай. 

Сониуч зүрх ингэж төрсөн түүхтэй. Эцэст нь хэлэхэд, та нар дотроос хатгах, гарч ирмээр байгаа тэр зүйлд дуу хоолой өгч, хүсэл сонирхлоо нэг өнгөлөөд үзээрэй. Хүний дур сонирхол асар их эрч хүчийг өөртөө агуулж байдаг. Түүгээрээ ямар нэг зүйлийг хий, бүтээ. Эргэж харахад харамсахгүй байна гэдэг маш сайхан мэдрэмж. Цаг хугацаа урсдгаараа урсана. Харин та амьдралдаа хийж үзье, оролдъё гэсэн зүйлсдээ цаг гаргасан уу? Дотроос чинь нэг зүйл хатгасан хэвээр, нэг л зүйл дутуу мэт байсаар байна уу? Би өөрийн дуртай зүйлээ олж мэдснээр, түүнийгээ мэдсэн даруйдаа хийж эхэлснээр, өнөөдөр сэтгэл зүрх минь амгалан. Харуусал үгүй. Хамгийн гол нь хийж байх явцдаа шинэ зүйл сурч, сайн хүмүүстэй учирч, туршлага сууж, баяр хөөрөөр бялхаж байна. Пикассо хэлсэн байдаг: "Онгод оршсоор байдаг. Гэвч тэр хөдөлмөрлөж байх үед чинь таарах учиртай" (Inspiration exists but it has to find you working). Бодоод, мөрөөдөөд л хэвтээд байвал мянган сайхан санаагаар яах вэ? Бодит алхам хийж эхлээрэй. Ярих бус, хий. Бусад хүн юу гэх хамаагүй. Намайг "загвар, урлагийн салбарын хүн биш..." гэж хэлж байсан хүн бий гэнэ лээ. Хүний хэл ам, хов живэнд хэзээ ч бүү ач холбогдол өгч байгаарай. Миний эзэмшсэн мэргэжил намайг хайрцаглах ёсгүй. Хүсэл сонирхлоороо өөр талбарт орж, хаяагаа тэлнэ гэдэг бас л нэг боловсрол юм шүү. Бусдыг хэл амаа билүүдэж байх хооронд ном бэлэн болоод тэр салбарын номон дунд тавигдсан байна гэдэг өөрөө хариулт. Харин бүтээлч шүүмж, шүүмжлэлийг хэзээд хүлээн авах чадвартай байж, авах гээхийн ухаанаар хандаж байгаарай. 

Номын өдөрлөг Мюнхен хот дахь Монгол Улсын өргөмжит ерөнхий консулын газар болсон тэмдэглэл энд 

"Сониуч Зүрх" ном Монголд Их дэлгүүрийн "Мажестик", Интерном, Аз хур дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. Интерномд даалин урлал, эсгий хийц гэх мэт номнуудтай зэргэцүүлээд тавьчихсан байна лээ. Би ойлгоогүй, яагаад ингэж ангилсныг нь. Загвар,урлаг эсвэл аялалын, үгүй дээ л шинэ ном буланд баймаар.Та нар номын дэлгүүрт явж таарвал, Сониуч Зүрхийг зөв байрлуулж өгөхийг сануулж туслаарай.

Герман болон Европоос авах бол Chansys Desk фб хуудсаар холбоо бариарай. Номын тухай сэтгэгдэл, бүтээлч шүүмжийг мөн тэр хуудсаар илгээгээрэй.  Номын зураг, ном уншиж буй зураг, ном хаана байгаа зураг зэргийг нийгмийн сүлжээгээр хуваалцахдаа #acuriousheart, #soniuchzurh, #whereiscuriousheart, #сониучзүрх аргамж хийж @Chansy_Dash  хуваалцаарай. Өнөөдрийг хүртэл зургаа, сэтгэгдлээ хуваалцсан бүх сониуч зүрхнүүддээ маш их баярлалаа. Та нар, миний сэтгэлийн дуудлагаа даган хийсэн алхам зөв байж гэдгийг сануулж, урам өгдөг шүү. Дараагийн бичвэрээр уулзатлаа түр баяртай.

Kommentar schreiben

Kommentare: 5
  • #1

    secu_star@yahoo.com (Mittwoch, 15 Februar 2017 05:12)

    Tanii nomiig zaaval avch unshnaa, blogiig ni say l olj uzlee, uneheer soniuch zurhtei sonirholtoi hun umaa, bayarlalaa

  • #2

    Haliun (Montag, 08 Mai 2017 23:19)

    Nomig chin zaaval avj unshinaa tnx

  • #3

    Tsolmon (Donnerstag, 20 Juli 2017 22:02)

    Бүгдийг нь уншиж дууссан чинь Таны номыг хурдан л авж уншмаар санагдаж байна. Заавал унших болно :)

  • #4

    Binderiya (Donnerstag, 21 September 2017 03:52)

    Ямар мундаг эгч вээ, Сониуч зүрхийг сониучирхан байж уншиж дууслаа. Ингээд энэ зохиолч эгч ямар эгч юм болдоо гэж хайсаар байгаад блогных нь байнгын уншигч болчихлоо. Ингэж өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлэн урам зориг хайрлаж байгаад талархлаа.

  • #5

    Sanchka (Sonntag, 11 November 2018 16:11)

    I love your heart, Chansy! ❤