Хүйтэн уулын цайз дахь зул сарын зах

Германд арван хоёрдугаар сар бүхэлдээ баярын уур амьсгалтай байдгийн нэг шалтгаан бол зул сарын зах.  Ийм зах хэзээ эхэлдэг, ямар уур амьсгалтай байдаг, ялангуяа Мюнхен хотын зул сарын зах ямар болдог тухай урьд нь энд бичиж байсан даа. Энэ удаад та нарыгаа нэгэн өвөрмөц зул сарын захаар аялуулъя.

Мюнхен хотоос 50 гаруй километрийн зайд орших Хүйтэн уулын цайз тэртээ 1292 онд баригджээ. Он жилийн нугачаанд эзэмшигч гэр бүл, тэдний дайснуудын золиос, гучин жилийн дайн гэх мэт юу эсийг үзэхэв, нурж, засагдаж ирсээр өдгөө Баварийн Хунтайж Луипольдийн эзэмшилд байдаг аж. Энэ хүн бол Баварийн гуравдугаар Людвиг хааны гуч бөгөөд 1979 онд "Хүйтэн уулын баатруудын тулаан" хэмээх дундад зууны үеийн баатрууд, тэдний байлдах урлагийг харуулсан шоу тоглолтыг анх үүсгэн байгуулжээ. Цайзын эзэмшил газар өргөн уудам тул өдгөө жил бүр болдог, үзэгч дүүрэнтэй энэ алдарт тулаанаас гадна, задгай рок концерт тоглож, гар урлалын зах, харин өвөл зул сарын зах дэлгэгддэг байна.

Энэ жилийн зул сарын зах ах дүү Гриммийн үлгэрүүдээс сэдэвлэсэн зохиомжтой бөгөөд зул сарын баяр хүртэлх дөрвөн адвент гэгдэх амралтын өдрүүдээр үүд нь нээлттэй. Цас хаялсан ням гарагийн үдэд бид энэ захыг зорьсон юм. Цайз руу нэвтрэхээс өмнө 5 евроны үнэтэй тасалбар авна.

Ингээд хамтдаа үлгэрийн ертөнцөөр цасанд хэсэг алхцгаая.

Цайзын хашаа руу нэвтрэв үү үгүй юү, элдэв үлгэрийн баатрууд таарна.

Хонины нэхий иймэрхүү үнэтэй байх юм. Үнэгний арьс 200 гаран евро гэнэ дээ. Монголд ямар үнэтэй байдаг вэ? Дундад зууны үеэс сэдэвлэсэн зах болохоор ийнхүү амьтны арьс чөлөөтэй зарж байгаа байх. Тэрнээс Германд амьтны эрх хамгаалагчдын довтолгоонд өртөнө шүү дээ. Мюнхен том хот болохоор харьцангуй гайгүй, тэрнээс шуба өмсөөд явбал будаг цацуулахгүймаа гэхэд муухай харцаар нэвт шүршүүлнэ. Хиймэл үсэн шуба шүү гэж заримдаа хэлмээр санагдтал хардаг, өөр муж улсуудад. Өмсөх нь өмсөнө, эсэргүүцэх нь эсэргүүцнэ, хэн хэн нь зэргэцэн оршдог ардчилсан орон. Би хувьдаа өөр сонголт байгаа тохиолдолд амьтны үслэг эдлэл өмсөхгүй мөн худалдан авахгүй. Хүйтний эрч чангарахаар Дарханы нэхий дээл яалт ч үгүй бодогддог шүү.

Энэ уран бүтээлчээр гэр бүлийн овог, ургийн сүлд тэмдэг, далбааг дундад зууны үеийнх шиг хийлгэн авах боломжтой. Хүссэн амьтныг нь далбаанд залж өгнө гэж тэр айлдсан

Үлгэрийн баатрууд, дууч, үлгэр өгүүлэгч гээд тааралдсан бүх хүмүүс найрсаг гэж жигтэйхэн. Энэ хүнээс " Зураг авч болох уу?" гэж асуутал "Би малгайгаа засаадхъя, аятайхан гарч байна уу? Дажгүй биз? " гээд их хөөрхөн.Энэ инээснийг нь хар даа.

Зул сарын захын түгээмэл төрх бол гадаа зогсож, халуун дарс шимж, шарсан зайдас зооглон дотроосоо дулаацхыг мэдрэх явдал. Энэ өдөр гэвч цас зогсолтгүй хаялаад, хүүхдийн тэрэг норсон тул бид дотор түр амсхийв. "Дундад зууны" хэв маяг, бүх юм нь бүдүүн борог. Өвөрмөц.

Денерис Таргариен шууд бодогдохгүй байна гэж үү, Game of Thrones фэнүүд ээ?Луу, өндөг, ер нь энэ зах дээрх олон зүйл надад уг киног санагдуулсан.

Энэ хөгжмийг тогловол хөгжмийн хэмнэлээр энэхүү том цагаан  цасан ширхэг гэрлэн бүжиг бүжинэ. 

Дөрвөн жигүүртэй энэ цайзад уушийн газар, дарсны зоорь, түүнчлэн Людвиг хааны ордны шар айраг нэрэх үйлдвэрлэлийн нэг хэсэг байрладаг. 

Энд тэндгүй гал асаасан нь цастай, хүйтэн өвлийн өдөр бараадах хамгийн гоё зүйл байлаа. Дулаацангаа үлгэрийн баатруудтай хууч хөөрөөд л

Эгдүүтэй гуталт муур байгаа биз?

Ширмэн дэнлүү юм уу даа, өөрөөр юу гэж нэрлэх вэ? Данх шиг.

Энэ сиймхий амбаарт орж үлгэр сонсох уу?

Элдэв амттан, гар урлал борлуулах модон мухлагууд

Баратеон, Серсей хоёр ^^

Цайзын хашаа руу нэвтрэх хаалганы дэргэд байрлах энэ халуун шоколадны мухлагаар заавал, бүр заавал үйлчлүүлээрэй. Миний амьдралдаа ууж үзсэн хамгийн гоё амттай халуун шоколад байлаа. Бор эсвэл цагаан Бельги шоколадны сонголттой. Энэ аягатай шоколадыг хүртснээс хойш гэртээ хийж уудаг шоколад амтгүй санагддаг болов оо. 

Өвлийн улиралд Мюнхенд байх аваас энэхүү зул сарын зах руу очиж үзээрэй. Ялангуяа гэр бүлээрээ, хүүхдүүтэйгээ очвол элдэв үлгэрийн баатрууд сарнай, чихэр амттан тарааж, тайзан дээр үлгэр, театрчилсан тоглолт эсвэл үлээвэр найрал хөгжмийн концерт болох тул сатаарах зүйл ихтэй, сонирхолтой байх болно. Харин зун долдугаар сард болдог Баатруудын тулааныг хүүгээ томрохоор аваачиж үзүүлбэл гоё доо гэж буцахдаа бодож явлаа. 

Баварийн Хүйтэн уулын цайзын хашаагаар та нарыгаа багахан ч болов зугаалуулсан гэж найдья, дараагийн бичвэр хүртэл түр баяртай.

Kommentar schreiben

Kommentare: 4
  • #1

    Одончимэг (Freitag, 15 Dezember 2017 01:10)

    Ямар гоёын.

  • #2

    Одончимэн (Freitag, 15 Dezember 2017 01:11)

    Дээр үеийн сэдэвт кино шиг л. Шэйр хийж болхуу?

  • #3

    Bindka (Mittwoch, 27 Dezember 2017 02:43)

    Ийм сайхан гэгээлэг зүйлс оруулж байгаад баярлалаа.

  • #4

    Urnaa (Samstag, 13 Januar 2018 10:36)

    Цугтаа аялчихлаа. Сайхан байлаа. Баярлалаа.