Мюнхений зул сар

Олуулаа тоглодог “Цээр үг” хэмээх нэгэн хөгжилтэй тоглоом Германд бий. Үгийн үндсийг хэлэхгүй, мөн тодотголд нь мэдээжийн илт хамрагддаг үгсийг дурдахыг цээрлэн, нэг нэгнээрээ үг таалгадаг хөгжөөнт тоглоом. Жишээ нь, зул сарын баяр гэдэг үгийг таалгахдаа сүлд мод, шинэ жил, 12 дугаар сар, Христ,  баяр, бэлэг гэх мэт үгсийг хэлэхгүйгээр тайлбарлах гээд үз дээ. Хэвшил болсон эдгээр үгсийг оролцуулалгүйгээр зул сарын баярын тухай бичих гэсэн маань бүтэлгүйтэж, өөрийн эрхгүй энэ бүхэн үгүйгээр зул сарын баяр оршихгүй юм байна гэдгийг ухаарлаа. Улиг болсон хэмээн гоочлолгүйгээр энэ бүгдийг тодотгож байж л зул сарын баярын жинхэнэ уур амьсгалыг тод томруун дамжуулах боломжтой аж.

Мюнхен хотод Октоберфест дуусав уу үгүй юү зул сарын шинж төрхийг агуулсан чихэр, жигнэмэг дэлгүүрт хаа нэгтээ ганц хоёр харагдснаар чимээгүйхэн эхэлдэг зул сарын дохио төд удалгүй булан тохой бүрт илэрч, шилэн цонх, лангуу, гудамж бүгд гэрлэн чимэглэлээр дүүрч, хаа сайгүй сүлд модод сүр жавхлангаа гайхуулж, зул сарын баяр айсуйг анзаарахгүй байхын аргагүй болно. 

Он гарах дөхөхөөр ажил ихэсдэгт тэр үү, шинэ оноос урьтан төлөвлөсөн зүйлсийнхээ нэгийг нь ч болтугай амжуулах гэсэндээ ч юм уу, хүмүүсийн алхаа түргэсч, хурдан хурдан зөрөлдөнө. Харин би нэг л тайван болчихдог. Бүгд сандралдан, завгүй мэт гүйлдэх орчинд тааваараа аажимхан алхаж гэрэл, чимэглэл бүрийг тогтоон харна. Шинэ жилийг хүүхэд байх үеийнх шигээ догдлон хүлээдэг хэвээр. Гэхдээ догдлол минь яаран сандран, өдөр хоногийг тоолох бус, зул сарын баяр хүртэлх мөч бүрийг мэдрэн талархах тайван байдлаар солигдож буй маань жил ирэх бүр анзаарагдана. Хүрэх цэг хэдий чухал ч тэр цэг хүртэлх аялал түүнээс дутуугүй чухагтай адил, зул сарын баяр хүртэлх үе нэг л онцгой санагддаг юм. Яг л ийм үеэр би Зул сарын баярын зах хэмээн нэрийддэг задгай захтай анх танилцаж байж билээ. 

Туулайн бөөр, самар шарж халуунаар нь түгээгчийн модон амбаар, улаан дарсыг торхоор нь чанаж мөн л халуунаар нь аягалан өгөх худалдагчид, хагас метрийн урттай зайдсыг талханд хавчуулан зарах бүхээг, элдэв гар урлал, бараа бүтээгдэхүүн борлуулах лангуу гээд энэ зах дээрх эд эс бүхэн зул сарын баярын амтыг мэдрүүлнэ. Арван нэгдүгээр сарын сүүл үеэс эхлэн зул сарын баяр хүртэл үргэлжилдэг энэ зах өдөр бүр оройн 20:00, 23.00 цаг хүртэл нээлттэй байж, баярын уур амьсгал түгээнэ. Мюнхен том хот болохоор хэд хэдэн ийм зах нээгдэнэ. “Хн, Арван хоёр сар ч гараагүй байхад...! гэж бухимддаг хүмүүс хэдийнэ зул сарын зах дээр халуун улаан дарс шимэн, хууч хөөрөн сайхан ааштай зогсох нь цөөнгүй. 

Энэ жилийн хувьд  хамгийн анх үүдээ дэлгэсэн зул сарын зах бол Баварийн хаан, гүн, ноёдын өргөө болсон хотын төв дэх Ресиденцийн хашаан дахь зах байлаа. Ресиденцийн баруун үүдийг манан баварийн сүлд болох арслангийн хүрэл хөшөөнүүд дүнхийнэ. Хоншоорыг нь илж хүслээ шивнэвэл биелдэг гэлцэх тул тэнд буй дөрвөн арслангийн хоншоор хүний гарт илүүлсээр элэгдэж, ёстой л зэс нь цухуйжээ. Нэг арслан дээр нь очиж ээж, гэр бүлдээ, нөгөө дээр нь очиж найз нөхөд, ахан дүүстээ сайн сайхныг хүсч, гурав дахь хоншоорыг мөрөөдлөө бодон илээд, дөрөв дэхид нь энх цаг ашид үргэлжлэх болтугай хэмээн шивнээд дотогш ордог юм. Энэ гудамжаар явах бүрдээ би залхууралгүй 4 арслангийн хоншоорыг илнэ. Харин ээж маань Мюнхенд ирэхээрээ арслангийн хоншоорыг зөвхөн илээд орхилгүй, магнайгаа хүргэн адис авдагсан. Мюнхенчүүд хальт илээд л түргэн гэгч нь хажуугаар нь өнгөрдөг бол жуулчид хүслээ бодоод, эсвэл зурагаа татуулан ардаа урт цуваа үүсгэнэ.  

Ресиденцийн хашаан дахь зул сарын зах нээлтээ сүртэй хийж, бавари үндэсний хөгжим тоглон, үлээвэр найрал хөгжмийн аялгуу түрнэ. Оройн 18.00 цагаас хойш ажил тарсныг илтгэн хүний хөл ихэсч, зарим нь хамт олноороо халуун дарс уух бол оюутан залуус лекцээ тараад их сургуулиасаа ердөө хэдхэн минут алхаад л зах руу ороод ирнэ. 

Вайнахтен /Weihnachten/ гэдэг нь Христийн төрсөн өдрийн баяр бөгөөд “ариун дагшин шөнөд” /zu den geweihten Nächten/ хэмээх герман үгээс гаралтай. Зарим германчуудын хувьд энэ нь шашны баяр бол үлдсэн хэсгийнх нь хувьд  гэр бүлийн баяр нь болдог. Монголын цагаан сарын нэгэн адил энэ л үеэр хол байх хүүхдүүд нь аав ээждээ ирж, халуун ам бүлээрээ цуглардаг. Жилийн хамгийн харанхуй үе бол 12 дугаар сар. Түнэр харанхуй эртнээс л  хүн төрөлхтнийг айдаст автуулдаг байсан аж. Германчууд, келтүүд, ромчууд иймд нарыг шүтэж, өвлийн наран эргэж, өдөр уртасдаг 12 дугаар сарын 25-ны энэ өдрийг билэгшээн тэмдэглэдэг байжээ. Христийг чухам хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн тухай эх сурвалжуудад зөрүүтэй тэмдэглэдэг тул наран эргэсэн энэ л өдөр төрсөн хэмээн анхны Вайнахтенг 354 онд Ромд тэмдэглэж байсан тухай сурвалж бий. Хожим XVI зуунд шинэчлэгдсэн цаг тооллын бичиг ёсоор наран эргэх өдөр нь 12 дугаар сарын 21-нд тохиох болсон ч Христийн мэндэлсэн өдөр 25-нд хэвээр үлдсэн байна. Эдүгээ герман найз нараасаа Вайнахтен гэж чухам юу болохыг тодруулбал, наран ургах зүгээс гурван гэгээн хаантан (зарим нь мэргэд гэнэ) тэнгэрт тодрох нэгэн хурц одны учрыг тайлан уншиж, Бетлехем хотноо Христийн төрсөн газар ирээд хүүг мялаан, ерөөдөг тухай нэгэн дуугаар тайлбарлах вий. Тийм болохоор 24-ний орой мялаалт буюу гэр бүлийнхэн бие биедээ бэлэг өгдөг заншилтай аж. 

Зул сарын баяраар дөнгөж төрсөн нялх хүүгийн хэвтэж буй ор өлгий, гэр хашааг харуулсан жижиг хүүхэлдэйн хотхон хааяагүй тааралдана. Эртний сүжигтнүүд Христийн тухай түүхийг чихээр сонсохоос илүү нүдээр харах хүсэлтэй байсан нь лааны тосоор дуурайлган хийсэн энэхүү хотхоноор илэрнэ. Лааны тос, сүрлээр хийсэн хотхоныг хожим модоор урладаг болж, Христ, түүний ариун гэр бүл, гурван хаан, мэргэд, үхэр мал зэргийг дүрслэн олонд харуулж, түүхийг нь ярьж өгдөг байсан энэхүү уламжлалыг Австрийн хатан хаан Мария Тереза балар эртний заншил хэмээн хорих гээд дийлээгүй гэдэг. Өнөө ч энэ хотхон зул сарын баярын салшгүй нэгэн хэсэг хэвээр. 

Арван хоёрдугаар сарын 25 хүртэлх дөрвөн ням гаригийг баваричууд төмөр, зэс, мөнгө ба алтан адвент хэмээн нэрийддэг. Энэ нь нэгэн зүйл бэлтгэл бөгөөд ням гариг бүр нэг лаа нэмж асаан Христийн төрсөн баярын өмнөх “гэгээн орой”-г угтах ёслол хийдэг байна. 

Миний хувьд 12 дугаар сар эхлэнгүүт хамгийн их баярлан угтдаг зүйл бол адвент хуанли юм. Энэ нь, өдөр бүр нээх зориулалттай жижиг хаалга бүхий хуанли бөгөөд ялангуяа хүүхдүүдийн зул сарын баяраар бэлэг авах хүртлээ хоног тоолох хүлээлтийг өдөөдөг аж. Мюнхений “Райххолд ба Ланг” литограф урлагийн хэвлэлийн компанийн эзэн Вюртемберг гаралтай Герхард Ланг 1908 онд хамгийн анхны адвент хуанлиг хэвлэн гаргажээ. Ээж нь багад нь цаасан хайрцган дээр 24 ширхэг жижиг халаас хийж, тус бүр нэг жигнэмэг оёж өгч байсныг дурсан санасан тэрбээр жигнэмэгийн оронд  24 ширхэг зул сарын баярын түүх өгүүлсэн зураг хийн хэвлүүлсэн анхны адвент хуанлигаа Мюнхений зул сарын хуанли хэмээн нэрийдсэн байна.  Мюнхенд төрсөн энэхүү хуанли удалгүй тархаж, бусад хэвлэлийнхэн тэднийг дуурайн,  хаалга бүртээ амттан, элдэв гоёл, үнэртэн бүхий адвентт хуанли хийх болжээ. Түүгээр ч зогсохгүй хувь хүн, албан  байгууллага, компаниуд өөрийн хуанлиг зохиодог болсон байна. Патент аваагүйн улмаас нээлтээ хамгаалж, баяжиж чадаагүй Герхард Лангийг эдүгээ мюнхенчүүд адвент хуанлины жинхэнэ эцэг хэмээн дурсдаг.

Дэлгүүрийн нүүр ханын чимэг болсон адвент хуанли

Багачуудын дуртай амтат шоколадтай хуанлиуд

Хаалга бүрийн цаанаас гоо сайхны нэгэн бүтээгдэхүүн гарч ирнэ гээд боддоо, бүсгүйчүүдээ.

Эрчүүдийн мөрөөдөл адвент хуанли

Би гэртээ сүлд модоо засч, өдөржин чимэглэн суух дуртай. Гэртээ сүлд мод авахаар гацуур модны  нээлттэй худалдаанд очин, модоо сонгох ахуйд сэтгэл минь нэг талаас баясавч энэ олон моддыг зөвхөн чимэглэл болгохын төлөө хөрөөджээ гэж бодохоор эмзэглэнэ. “Найзууд” цувралын Фиби хөөрхий моддыг өрөвдсөндөө харж чадахгүй байх үед Жоуи үртэс болгон өрөмдөх гэж буй хуучин моддыг авчирч баярлуулдаг шиг л. Гэхдээ энэ бол агуу уламжлал аж. Германд зөвхөн зул сарын баярт зориулж гацуур моддыг зориуд тариалдаг ойн тариалан байх бөгөөд нэг гацуур модыг тайрахаас өмнө заавал шинэ мод тарьж байж тасалдаг тогтвортой хөгжлийн бодлого баримталдаг байна. Хэрэглэсэн, бас зарагдаагүй моддыг амьтдын тэжээл, бордоо болгон дахин боловсруулах юмуу шатаах, энерги гаргаж авах зэргээр ашигладаг байна. 

“Ай гацуур мод минь, чиний шилмүүс хичнээн үнэнч. Зөвхөн зун биш өвлийн цаснаар ч ногооноороо байх...”  гэж зул сарын баярын чихнээ хоногшсон нэгэн дуунд өгүүлдэг. Герман гэр бүлд гацуур мод яагаад нэмэгдсний шалтгаан энэ. Үргэлж ногоон байдаг үнэнч ногоон гацуур энэ л чанараараа айл гэрийн бат бөх байдлыг бэлгэддэг болохоор түүний шилмүүст мөчрийг эрт үеэс л хөшиг, таазнаасаа өлгөдөг байсан уламжлал нь яваандаа бүхэл бүтэн модоор гоёх уламжлал болон хувирчээ. 1600-гаад онд Штрасбургт анхны сүлд модыг засч сүндэрлүүлсэн тухай тэмдэглэл бий. Элдэв амттан, алим, бэлгээр чимэглэсэн энэ мод тун удалгүй моодонд оржээ. 1800 он гэхэд жил ирэх тусам хүнд, овортой болж байсан бэлэгнүүдийг мод даахгүй болсон тул бэлгээ модны доор тавьдаг болсон аж. Сүлд мод тэр чигээрээ бэлгэ тэмдгээр дүүрэн. Лаа нь гэрэл, өсөлт, амьдралыг бэлгэдэнэ. Лаа нь тухайн үед маш үнэтэй байснаас зарим гэр бүл бүтэн жил мөнгө хэмнэж байж лаа авдаг байсан байна. Лаа асаасан сүлд мод чимэг төдий зүйл биш харин итгэл найдвар, гэрэлт ирээдүйг зөгнөх бэлгэдэл юм.

Сүлд модны анхны чимэг тоглоом болж байсан алим ч дурын нэгэн жимс бус юм. Могойн ятгалгаар хориотой модны жимсийг хүртсэн Ева Адамд алим өгч,  тэд диваажингаас хөөгдсөн ч тэдэнд эргэж ирэх боломж олгосон тухай Хуучин гэрээнд өгүүлдэг. Үүнээс улбаалан алим диваажинд эргэн очих боломжийг бэлгэддэг байна. Иймээс хүмүүс алимыг гялалзтал нь өнгөлж, будаж, алтлаг болгох гэх мэтээр чимж иржээ. Зуу гаруй жилийн өмнө Тюрингенд нэгэн шил үйлдвэрлэгч алим мэт  шилэн бөмбөлгүүд хийсэн нь сүлд модны анхны тоглоом болсон байна.

Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг шиг Германд зул сарын баярын үеэр амттан олширно. Ялангуяа герман эзэгтэй нарын нууц жороор хийгдсэн жижиг жигнэмэгүүд, дотроо үзэм, бурамтай бүйлсний зуурмаг бялуунууд халуун дарстай нэн зохимжтой. Хаа сайгүй үнэртэх шанцай, улаан дарсны халуун аагинд улам хурц болно. Найз охидтойгоо хууч хөөрөнгөө хавирган саран хэлбэртэй, эсвэл дундаа чимсний чанамалтай, од хэлбэртэй олон жижиг жигнэмэг хийн, жижиг уутанд савлан эргэн тойрныхоо хөрш, танил, цэвэрлэгч, худалдагч нарт тараах ямар сайхан гээч. Өөрөө жигнэх завгүй  бол зул сарын зах дээрээс жижиг уутанд савласан жигнэмэг аваад гал тогоонд эргэлдэх цагаа хэмнэн халуун дарс шимэн зогсох боломжтой.

Зул сарын баярыг дагалдан гардаг нэгэн сөрөг үзэгдэл бол хэнд ямар бэлэг авахаа шийдэхтэй холбогдон үүсдэг зовиур. Дэлгүүрт хүн орохын аргагүй хөл хөдөлгөөнтэй болж, эцсийн мөчид тохирох бэлгийг хайж цөхөрсөн, ядарсан царай төрх хаа сайгүй харагдана. Тийм ээ, сонголт нэмэгдэх тусмаа зовлон болдог аж. “Урьд нь ийм байгаагүй шүү дээ. Бэлэг жижигхэн бөгөөд даруухан байсан, гэтэл одоо... “хэмээн үглэх хөгшидтэй нэг бус таарна. Эзэндээ таалагдахгүй бэлэг сонгох, хэрэггүй бэлэг авах аюулаас зайлсхийн, зул сарын баярын бэлэг болгон юу хүсч байгаагаа чөлөөтэй илэрхийлэх, хүсэх, түүнийгээ тунхаглан зарлах нь нэг л этгээд.  

Шашны баяр гэдгээс үл хамааран зул сарын баярын бас нэгэн тодотгол бол хайрын баяр билээ. Удаан уулзаагүй бүхэн учран золгодогт нь, нэг нэгэндээ баяр хөөр, аз жаргал түгээдэгт нь, сэтгэл дүүрэн хэд хоног амардагт нь, амраагүй ажиллаж байгаа нь нэмэлт хөлс авдагт нь би энэ баярт талархдаг. Хайр бялхсан энэ л өдрүүд, эвлэрэл, уучлал, ухаарал дагуулсан энэ л үе шинэ оны босгон дээр намайг жигүүрлэдэг. 

Kommentar schreiben

Kommentare: 2
  • #1

    NA (Samstag, 19 Dezember 2015 01:13)

    My naiz uneheer bichlegiin avyastai shu! 3uulaa ter jil Christmasaar saihan hamt bsan shu tee:)

  • #2

    Chansy (Samstag, 19 Dezember 2015 23:55)

    Bayarlalaa, harin th, goy bsan shvv, shine onoo hamt ugtaad l