Цэнхэр Морьтой танилцсан минь

Та урлагийн гэр бүлд төрж өсөөгүй, их дээд сургуульд урлаг судлалаар мэргэшээгүй, өдөр тутмын амьдрал тань урлагтай холбоогүй байж болно. Уран зургийн музей, үзэсгэлэн үзэх бодол тэр бүр төрдөггүй,  шаардлага ч гардаггүй. Тохиолдлоор нэг галерей орвол абстракт зураг хараад “Би бол сарааччих л юм байна. Ойлгомжгүй юм, юуг нь харж зогсдог байна аа?” гэж бодох...Урлаг бол тэр хүрээллийнхээ хүмүүст л хамаатай гэж сэтгэн, урлагийг хүртэх боломжийг өөртөө олгодоггүй байлаа. Осолдохгүй Пикассо, Ван Гог хоёрыг зураач гэж таньдаг ерөнхий мэдлэгийн хэлтэрхийтэй. Ер нь юм бүхнийг мэдэх албагүй шүү дээ. Би ингэж л боддог нэгэн байв.

Гэтэл, тэр нэгэн өдөр хөөрхөн цэнхэр морьтой зурагт хуудас олж харснаас хойш урлаг бид хоёр учир ургуулж эхэллээ. Яасан гоё морь вэ? Мюнхен хотноо байрлах Ленбаххаус галерейд  эх хувь нь өлгөөтэй гэнэ. Цэнхэр морио эх хувиар нь харвал бүр ч гоё  байх даа? Урт дараалалд зогссны эцэст цэнхэр мориныхоо урд ирлээ. Яагаад чи ийм цэнхэр болсон юм бэ? гэх асуултаар анхны бахдал минь сониуч зан болон хувирна. Ингээд сониуч зандаа хөтлөгдөн цэнхэр морийг хүлэглэн, цэнхэр болсных нь шалтгааныг олох аянд мордов. Миний анхны урлагийн түүхийн хичээл ингэж л эхэлсэн юм.

Бүтэн нэр нь Цэнхэр морь 1 гэх энэхүү сэтгэл татам уран зургийг 1911 онд зураач Франц Марк бүтээжээ. Эрэл минь Франц Марк хэмээх нэрэн дээр саатлаа. Аав Вилхелм Марк нь гэр бүлийнхнийхээ шахалтаар хуулийн чиглэлээр сурч, улсын шалгалтаа амжилттай өгсний эцэст сая нэг эрх чөлөөтэй болж, зураач болох замдаа орсон гэдэг. Тэрбээр хожим Мюнхений Урлагийн Академид профессор болсон нэртэй зураач бөгөөд ээж нь франц гаралтай байв. Франц Марк 1880 онд хоёр хүүтэй айлын отгон нь болон мэндэлжээ. Протестант шашинт гэр бүлд өсч торнихдоо тэрбээр номлогч ламынхаа нөлөөнд автан 17 настайдаа номлогч лам болох хүслээ илэрхийлсэн гэдэг. Гэвч шашин номоос гадна урлаг, утга зохиол сонирхдог Франц Марк жилийн дараа хэл шинжлэлийн ухаанд суралцахаар шийджээ. Ингээд 19 настайдаа Мюнхений их сургуулийн нийгэм, гүн ухааны тэнхимд элсэхээр болж, оюутан болохоосоо өмнө нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан байна. Цэргийн алба хаах үедээ морь унаж, моринд дуртай болсон нь хожим түүний уран бүтээлд нөлөөлсөн аж.

Жилийн дараа цэргээс халагдаад мөн л санаагаа өөрчлөн зураач болохоор шийдэж, Мюнхений урлагийн академид элссэн ба энэ шийдвэрийнхээ талаар дотны зөвлөгч, номлогч ламдаа захидал илгээн “Миний өссөн орчин, надад олгосон хүмүүжил намайг хагас санваартан, хагас хэл шинжээч болгосон ч би анхнаасаа урлагийн хүн байжээ. Гэвч энэ хоёр салбарт хөл дүрэлгүйгээр би уран бүтээлчийн хувьд амар амгалан, итгэл үнэмшил олохгүй л байсан болов уу. Юутай ч өнөөдөр би өөрийн мөн чанарыг, юу хүсч байгаагаа баттайгаар олсноо мэдэж байна” гэж бичжээ. 

Франц Мюнхений урлагийн академид гурван жил сураад Парис явж, дөрвөн сар аялсны эцэст ирсэн даруйдаа академиа орхиж,  бие даан уран бүтээл туурвих болжээ. 

Франц Марк © Франц Марк музей. Кохел

Энэ зуур өөрөөсөө 11 насаар эгчмэд, зураач,багш Марие Шнүр, урлагийн оюутан өөрийн үе тэнгийн Мариа Франк нартай танилцсан байна. Аль алинтай нь дотно харьцаа үүсгэж, дурлалын гурвалжин хэн хэнд нь зовлон авчирсан тухай намтар зохиолууддаа дурдсан байдаг. Марие Шнүр нөхөргүй боловч хүүхэдтэй байжээ. Тухайн үеийн хуулиар, хүүхдээ өөр дээрээ авч үлдэхийн тулд гэрлэсэн байх шаардлагатай тул Франц Марк дотно найзын хувиар Мариед туслахаар шийджээ. Гэтэл Францад дурлан дассан Мариа Франкт энэ шийдвэр том цохилт болсныг тэдний хоорондоо бичилцсэн захидлууд нь гэрчилдэг. 1907 онд Марие Шнүртэй зөвхөн туслах сэтгэлээр гэрлэж, гэрлэсэн оройдоо ганцаараа Парисыг зорьсон Франц Марк жилийн дараа гэрлэлтээ цуцлуулахдаа амьралдаа том алдаа гаргаснаа ойлгодог. Марие Шнүр тохирсон ёсоороо зүгээр салсангүй, түүнийг гэр бүлээс гадуур завхайрсан гэсэн гомдол гаргаж, Франц Марк Мариа Франк нарын гэрлэх боломжийг үгүй хийсэн гэдэг. Үргэлж захидлаар харилцаж, бие биеэ ойлгодог Франц, Мариа хоёр тэр үеэс хойш хамртан амьдарч, 1911 онд Лондон хотноо хууль ёсоор гэрлэсэн ч Германд энэ нь хүлээн зөвшөөрөгдөөгүй ба хожим 1913 онд Германы хуулиар хүчин төгөлдөр гэр бүл болсон түүхтэй .

Уулан дээрх хоёр бүсгүй. 1906 он. Зотон, тосон будаг. Франц Марк Музей. Кохел. Франц Марк энэ зургаа хожим урж хаясан тул эх ноорог л үлджээ. Урд сууж буй нь Марие Шнүр, нүүрээ даран хэвтэж буй нь Мариа Франк. Хоёр бүсгүй дотно найзуудаас гадна өрсөлдөгчид болох нь энэ зургаас харагдана. Мариа Франкийг цаад талд нүүр бууруулсан байдлаар зурснаар Франц Марк Марие Шнүртэй  гэрлэх үеийн бүсгүйн сэтгэлзүйн байдлыг илтгэсэн гэж судлаачид үздэг.

Мюнхен хотоос 70 гаруй километрийн алсад Кохел хэмээх үзэсгэлэнт нуур бий. Энэ нуурын хөвөөнд Франц Марк Музей байрладаг. Франц дөрвөн настайдаа зуны амралтаа анх энд өнгөрөөж, тэр үеэс хойш өсвөр залуу насандаа ч энэ хавиас салдаггүй нягт холбоотой байсан байна. 1986 онд байгуулан, 2008 онд өргөтгөн шинэчилсэн уг музей руу өдгөө түүний шүтэн бишрэгчид цувах болжээ. 

Аливаа амьтныг шууд хуулбарлан дүрслэлгүй, оронд нь өөрийгөө тавьж, амьтанд хайртай  чанартаа тулгуурлан түүний мөн чанарыг  буулгахыг нэгэн уран бүтээлч найз нь зөвлөсний дагуу Франц Марк Кохел нуурын хөвөөнд бэлчих морьдыг ажиглан тэдний хөдөлгөөнийг ажиглан зурж эхэлжээ. “Миний хувьд хүн гэдэг муухай бодгаль, харин амьтан бол ариун сайхан санагддаг болохоор амьтан зурах дуртай” гэж тэрбээр нэгэн захидалдаа дурдсан байдаг. Франц Марк хэзээний л муур тэжээдэг, хаана ч явсан дагах Русси гэх нохойтой, сүүлд Шлик, Ханни гэдэг хоёр гөрөөстэй болсон ба Берлинд хадмууд дээрээ зочлох бүрдээ амьтны хүрээлэн ордог, амьтныг хүний нүдээр бус яг л байгаагаар нь, тэдний ертөнцөөр зурахыг хичээн ажиглалт хийдэг байжээ. 

Бэлчиж буй морьд. 1910 он. Ленбаххаус галерей. Мюнхен хот

Морьд. Франц Марк музей. Кохел

Цасан дундах гөрөөс. 1911 он. Ленбаххаус галерей. Мюнхен хот.

1911 оны нэгдүгээр сард Франц Марк Василий Кандинскийтэй учиржээ. Кандинский хувь хүнийхээ төдийгүй уран бүтээлчийн хувьд ямар гүн сэтгэгдэл үлдээснийг тэрбээр Мариад бичсэн захидалдаа дурдсан байдаг. Харин Франц Маркт 1911 оны зургадугаар сарын 19-нд Кандинскийн бичсэн захидал урлагийн түүхэн дэх нэгэн том үеийн эхлэл болдог аж. Кандинский уг захидалдаа хамтран уран бүтээлийн цомог гаргахыг Франц Маркт санал болгосон нь “Цэнхэр морьтон”бүлгэмийн үүсэл болсон байна. “Бид цэцэрлэгт ярилцан сууж байгаад хэн хэн нь цэнхэр өнгөнд дуртай, Марк моринд хайртай, харин би морь сайн унадаг гэх зэргээр санал нэгдэн, хамтын ажиллагаагаа “Цэнхэр морьтон” гэж нэрлэхээр болсон” хэмээн Кандинский дурссан байдаг. Хожим тэднээр удирдуулсан “Цэнхэр морьтон” бүлгэмийн уран бүтээлчид Мюнхен хотын Швабинг дүүрэгт хөгжин цэцэглэсэн түүхтэй.

1915 онд эхнэр Мариадаа бичсэн захидалдаа тэрбээр “Амьтадаас алслагдаж, зөн совин минь намайг хийсвэр өөд татлаа. Амьтдаас ч мөн адил муухай чанар ажиглагдан, тэднийг дүрслэхдээ би улам л хийсвэржиж байна” гэжээ. Үүнээс үзвэл амьтад түүний хувьд урьдынх шиг гойдын ач холбогдолтой байхаа больсон нь харагдана. Тэгээд ч 1912 оноос түүний уран бүтээл илүү абстракт шинж чанартай болж ирсний шалтгаан энэ болов уу.

Шувууд. 1914 он. Ленбаххаус галерей. Мюнхен хот

Бар. 1912 он. Ленбаххаус галерей. Мюнхен хот

1914 онд дайн дэгдэж, олон залуус сайн дураар дайнд мордсоны нэг нь Франц Марк байв. Гучин зургаахан насандаа эргүүл хийж яваад гранатад өртөн амь алдсан Франц Маркийн дайны талбараас эхнэртээ бичсэн захидлууд хожим ном болон хэвлэгдэж, нэрд гарсан байдаг. Мариа нөхрөө нас барснаас хойш 40 жилийн дараа өөд болсон бөгөөд “нөхрийн маань бүх уран бүтээлийг нэр бүхий музейд өвлүүлэн үлдээгээрэй” хэмээн гэрээслэснийх нь дагуу 30 жилийн дараа өнөөдрийн Франц Марк музейгээр дамжуулан Франц Маркийн бүтээлүүдийг олонд хүргэж эхэлжээ.

Франц Марк музей. Кохел

Цэнхэр өнгө Франц Маркийн хувьд асар их утга учиртай байжээ. Уран бүтээлч найзуудтайгаа өнгөний тухай өөрийн ойлголтыг тайлбарлан мэтгэлцэхдээ Франц нэгэн зарчим гаргаж иржээ. Цэнхэр өнгө бол эрэгтэй мөн чанартай, хатуу бөгөөд оюунлаг. Шар өнгө бол эмэгтэй мөн чанартай, зөөлөн, дэврүүн бөгөөд халуун. Харин улаан бол матери, хэрцгий бөгөөд хүнд. Энэ өнгө нөгөө хоёр өнгөндөө дарагдаж байх учиртай. Нухацтай, оюунлаг цэнхэр өнгийг улаан өнгөтэй холивоос тэрхүү цэнхрийг дааж давшгүй их гунигт хөтлөх ба түүнийг аргадан зөөллөх шар өнгө зайлшгүй хэрэгтэй болно. Эндээс шар өнгө буюу эмэгтэй мөн чанар бол эрэгтэйг аргадан зөөллөгч гэж харсан нь ажиглагдана. Улааныг шартай холих аваас улбар шар өнгө үүсч, эмэгтэйлэг, идэвхигүй шар өнгө халуун, хүчтэй болж ирэх ба түүнийг хөргөн дарах цэнхэр өнгө зайлшгүй хэрэг болно. Эрэгтэй буюу цэнхэр өнгө улбар шар өнгөнд шууд л татагдах аж.  

Дөрвөн туурай дээрээ бат зогсон, магнайгаа хажуу тийш гудайлган, эргэцүүлэнгүй доош харсан морь зургийн буюу анхаарлын төвд, түүний доорх өвс ногоо дээш тэмүүлсэн нь амьд байгалийг гэрчилнэ. Морь бол эр хүний хийморь болсон амьтан, эрэгтэйлэг мөн чанартай учир цэнхэр өнгөөр буджээ. Шар, ногоон, цэнхэр, улаан, нил ягаан өнгө морины цэнхэр өнгийг түшилцэж, түүнтэй өрсөлдөх бус харин нэгэн бүхэл үүсгэснээр зогсож буй морь элдэв зүйлээс үргэлгүй, амар амгалан байгааг тодотгож өгсөн. Морь эгцэлж бус доош харсан нь түүний эргэн тойрноо хэдийнэ мэдэрсэн, өөртөө итгэлтэй байдлыг харуулна. Өнөөх цэнхэр морь бол: өөрийгөө таньж мэдэрсэн, бат итгэлтэй,  уран бүтээлийн чиглэлээ олсон зураачийн хөрөг аж.

Цэнхэр морь намайг Франц Маркийн бусад олон бүтээлтэй танилцуулж, урлагийг өөрөөр харах цонх болсон билээ. Чухамхүү яагаад гэх асуулт тавьж, уг учрыг тунгаан олох эрэлд хөтөлдөгт урлагийн утга оршдог аж. Хэрэв танд ямар нэгэн уран зураг таалагдвал мөрийг нь нэг мөшгөөд үзээрэй. Урлаг хэмээх агуу бөгөөд гайхамшигт ертөнцөд нэвтрэх нэгэн алхам болох вий.

Kommentar schreiben

Kommentare: 0