Нүглийг нүцгэнээр нь өгүүлэгч Агота

Ийм нэртэй ном монгол хэлнээ орчуулагдсан тухай нийгмийн сүлжээгээр мэдэнгүүтээ олж авахаар орчуулагч Болортуяа эгчийн нүүрномд хандсан юм. Швейцарь, Герман хоёр улс хоорондоо ойр болохоор захиалаад тун удалгүй шуудангаар хүрээд ирсэн. Зохиогчийн, эсвэл орчуулагчийн гарын үсэгтэй бүтээл хүлээн авах гоё тийм ээ? Надад зориулан үзэглэсэн номнууд хувийн номын санг минь онцгой баяжуулдаг.

Ингээд авсаархан энэ номыг цүнхлээд хот хоорондын унаанд суун, Мюнхен хотын төв рүү чиглэв. Уншиж эхлээд удаагүй байтал сууж байсан унааны сүүлийн тэрэгт техникийн асуудал гарсан тул хэдхэн буудлын дараа зам дээр гацчихав аа. Ямар азаар суухаасаа өмнө кофе авч оров оо. Ном, боргол хоёроор зэвсэглэсэн хүнд  унаа гацах нь сайхан тохиол болно. Тухтай гэгч уншив. Хуудас эргэх тусам би энэ номд  хүлэгдэж байлаа. Ганцаараа, дээр нь монгол хэлээр уншиж байсан ч хажуу дахь хүнээсээ нуумаар, нугдаймаар зарим хэсгүүд нь эрээ цээргүй. Заримдаа бүр цочроож орхино. Ямар ч сануулга үгүй. Гоёл чимэггүй, өнгөлөн далдлаагүй. Шууд нүүрэн дундуур тас хийтэл үйл явдлууд нь өрнөнө. 

Унаа саатахад уг нь бол бухимдмаар. Хүмүүс ийш тийш утасдаад л, Германы зам тээврийн байгууллагыг хараан зүхээд л, унтууцаж байхад би кофегоо ч уух сөгөөгүй номоо нүүрэндээ нааж байгаад л хотын төв ороод ирсэн. Жижгэвтэр ном болохоор суудлын түшлэгээ налаад, номоо нүүрнийхээ урд өргөн уншихад яг тохирсон. Энэ хооронд техникийн туслах баг ирж, сүүлийн тэргийн техникийн алдааг хэдийнэ зассан байв. Чанга яригчаар жолооч мэдээлэл өгөөд л байсан аж. Буугаад номоо дуустал нь буудлын сандал дээр сууж уншаад, сая зорьсон ажил руугаа яарав. 

Энэ зохиол маш энгийн бичвэртэй, ихэнхдээ харилцан яриа, энгийн богино өгүүлбэрүүдээс бүтнэ. Түвэгтэй, нийлмэл өгүүлбэр ер нь таарахгүй. Уншихад ямар ч бүдрэх, дахин харах, эргэлзэх шалтгаан гарахгүй. Гэвч гэмгүй энгийний цаана ээдрээ нуугдаастай. Чухам ийм энгийнээр нүгэл буянг дэнслэн харуулж чадсанд энэ романы утга зохиолын том шагнал авах, борлуулалтаараа тэргүүлэх, олон хэлнээ орчуулагдах  амжилтийн  үндэс оршсон болов уу? 

Зохиол хэдийгээр дайн, түүнийг дагах гамшигийг харуулсан мэт боловч хүний мөс, мөн чанар, нөхцөл байдал хүнийг хэрхэн муу руу хөтөлж болдгийг, хүний амьд үлдэх, өлсөхгүй байх зөн түүнд ухамсраас ангид ямар чадвар суулгах шидтэйг харуулсан, хувь хүний шинж чанар, хувь заяаг харуулах зорилго илүү агуулсан санагдсан, миний хувьд. 

 

Дэлхийн II Дайны үед хоёр хүүгээ том хотоос хөдөө эмээ рүү нь авчирч буй ээж,  "шулам" эмээ дээр бохир газар золбинших хоёр ихэр жаал, ах дүүгийн нандин холбоо, сайн муу хамаагүй, ямар мэдрэмж сэтгэгдэл дагуулсан хамаагүй, юу болсон, харсан, сонссон тухай  "гагцхүү үнэн"-ийг өчиж байх том дэвтэр, хатуужих, гэхдээ бидний ойлгодог сахилга бат, биеийн тамир, хөдөлмөрийн хатуужил бус оюун тархи, өр зүрхээрээ хатуужих, өөрсдөдөө зориуд хат суулгадаг дасгалууд, бэлгийн эрээ цээргүй харьцаанууд, тахиа хэрчиж байсан хөвүүд хүний аминд ч хүрдэг болж байгаа явдал гэх зэрэг нь ямар ч "найраагүй" гэмгүй байж байгаад л хоорондоо нүглээр сүлэлдэнэ.Кино үзэж буй мэт, тийм нүцгэн үнэнийг харуулсан. 

 

Муу муухайг үзэн ядаагүй, байгаагаар нь, ер нь муухай мөн ч юмуу, биш ч юм уу, ийм л байна гэсэн өнгө аястай. 

Миний ойлгосноор зохиогч ямар нөхцөл байдлууд, гинжин хэлхээгээр хоорондоо холбогдсноор юунд хүргэж байгааг харуулсан болохоор эхнээсээ сайн муугийн зааг татаагүй. Нүгэл оршин байдаг. Хэн ч нүгэлтэн болж болно гэдгийг илтгэсэн мэт. Харин энэ бүгд юунаас эхлэв гэдгийн хариу минийхээр бол хайр дутагдснаас тэр. Ялангуяа эхийн хайр. Хайр, анхаарал, халамж гэж агуу шидтэй аж. Эд байхгүй бол нүглийн нөхцөл бүрэлдэнэ. 

 

Түүнчлэн хоёр ихрийг толгой сайтай, ухаантай гэдгийг ийм үгс ашиглалгүйгээр, нэг ч удаа ингэж тодорхойлогүйгээр үйлдлээр нь, гаргаж буй шийдвэрүүдээр нь л харуулчихаж байгаа юм. Насанд хүрсэн байсан бол дайны үед тагнуул энэ тэр хийхээр ухаантай, сэргэлэн, зальтай этгээдүүд. Тэр хил давах үйл ажиллагаа нь юу вэ? Психотриллер болоод дуусчихдаг юм даа!

Ийм мундаг зохиолч, ийм нэртэй зохиолын хаагуур явж байсан юм бэ? Орчуулагч Болортуяа эгчийн сонголт, үйл хэрэгт нь талархъя, нүүрномын ачаар шинэ зүйл мэдэж авсан нэгэн тод жишээ. 

Би сониуч юм болохоороо тэр дор нь зохиогчийн тухай, номын үргэлжлэл дэвтрүүдийн тухай судалсан. Цаашаа яагаа бол гэх асуулт намайг байж суулгаж чадахгүй байсан тул даруй их сургуулийн номын сангаас холбоо гурван зохиолыг герман хэл дээр, зохиогчийн тухай зарим нэг тэмдэглэл бүхий хэд хэдэн номын хамт зээлж авсан. Ингээд хоёрдугаар дэвтэр "Нотолгоо"-г үдээс өмнө, үргэлжлүүлээд " Гутгаар худал" хэмээх төгсгөлийн дэвтрийг үдээс хойш орой болтол уншаад дуусгаж нэг санаа амарлаа.

Орчуулагч эгчийн ачаар анхны дэвтрийг эх монгол хэлээр уншсандаа ч тэр үү, эсвэл ихэнх зохиолын дэд дэвтэр ер нь эхнийхийгээ гүйцдэггүйд ч тэр үү нэг л сэтгэл дундуур байсан. Гэхдээ эхнийх шигээ сонирхолтой, уншигчийг хүлж чадаж байсан. Эсвэл би гуравдугаар дэвтрийг шууд залгуулан уншаад, төгсгөл нь таалагдаагүй болохоор сэтгэл дундуур байсан ч байж магад. Юутай ч та нар ихэр хоёрыг яасан бол гэж бодож байвал тун сонин хариулт авна. Хамгийн сүүлийнх надад таалагдаагүй ээ. 

Герман хэлээр уншиж байхдаа, Болортуяа эгч ямар гоё хөрвүүлээ вэ гэж өөрийн эрхгүй бодогдсон. Аливаа зохиолыг эх хэлээрээ унших боломжтой байна гэдэг олзуурхууштай хэрэг, тийм болохоор орчуулагчдын үйл хэрэг сайхан мөртэй шүү.  

"Нотолгоо" үйл явдлын хувьд "Том дэвтэр" шигээ сонирхолтой. Ах дүү хоёр хагацснаар хэрхэн ганцаардлын зовлон амсаж байгаа, сэтгэлийн тэрхүү хоосноо юугаар, хэнээр нөхөж байгаа, хаана байгаагаас шалтгаалж хүний хувь заяа хэрхэн эргэж байгаа зэргийг харуулна. Мэдээж бэлгийн харьцаа, цус ойртолт, хүн алсан хэрэг зэрэг эрээ цээргүй явдал элбэг. Одоо хоёрдугаар дэвтэр орчуулагдаж байгаа тул та нартаа би өөр зүйл хэлэхгүй ээ. Над шиг байж сууж чадахгүй бол харин асуугаарай хэхэ. 

Юутай ч гурвууланг нь уншаад зохиогч бүх дэвтрээ цусан улаан холбоосоор хэлхсэн мэт сэтгэгдэл төрсөн. Гуравдугаар дэвтрийг уншиж дуусгаад юу бодогдсон гээч? Аль ихэр нь хил давсан юм? Хэн нь жинхэнэ Клаус юм? Хамгийн аймар асуулт: Ер нь ихэр байсан ч юмуу? Ганцаардахдаа зохиосон дүр юм уу? Аймаар байгаа биз? 

"Дэлхийн утга зохиолын 99 эмэгтэй зохиолчид" нэртэй түүврээс би Агота Кристофын тухай уншлаа. 51 насандаа анхны бөгөөд хамгийн шилдэгт тооцогддог "Том дэвтэр" романаа бичсэн. Энэ романаа бичээд Парисийн нэгэн (Gallimard et Grasset) хэвлэлийн газар өгөөд татгалзсан хариу авсан гэвэл та нар итгэх үү? Энэ эрхлэн гаргасан Editions du Seuil хэвлэлийн компани харин хүлээн авч, 1986 онд хэвлэсэн байгаа юм. Дэлхийн шилдэг борлуулалттай ном болохыг нь мэдээгүйдээ харамссан байх даа, тэр татгалзагч компани. 

Утга зохиолд шинэ хүнтэй танилцуулсан, өвөрмөц бүтээлүүдийг олж унших боломж олгосон Болортуяа эгчид баярлалаа. Би энэ эгчид цагаахан атаархал төрөв. Юунд гээч? Уг зохиолыг эх хэлээр нь буюу францаар уншиж чаддагт нь. Би их сургуулийнхаа гадаад хэлний төвд франц хэлний анхан шатны курст явсан. А1.2 түвшинтэй. Багш маань нэг удаа хичээл дээр биднийг яагаад франц хэл сурах болсон шалтгаанаа хэл гэсэн юм. Ангийнхан "Аялах хүсэлтэй, франц амрагтай болох хүсэлтэй, гадаад хэл сурах хүсэлтэй" гэсэн олон шалтгаан хэлж байсан. Би "Александр Дюмаг эх хэлээр нь уншихийн тулд франц хэл сурч байгаа" гэж хариулсан. Манай багш амаа түмбийлгээд хий гаргаж, мөрөө өргөөд, "ямар хачин хүсэлтэй хүн бэ?" гэж билээ.Одооноос суралцахад таван жилийн дараа ном уншаад утгын нюанс ойлгодог болно доо, тийм ээ? 

Ингээд дараагийн бичвэр хүртэл түр баяртай. Уншсан бол сэтгэгдлээ хуваалцаарай. Хараахан үгүй бол заавал уншаарай гэж зөвлөе.

Kommentar schreiben

Kommentare: 8
  • #1

    urnaa (Donnerstag, 03 August 2017 21:34)

    Би бас уншсан, 2, 3-р дэвтрийн орчуулгыг хүлээгээд сууж бгаа юм. Гэнэт ер нь англиар нь олж уншъя даа гэж бодлоо. Би англи хэлэндээ тийм сайн биш, нэмээд сүүлийн нэг жил огт хэрэглэсэнгүй. Урд нь Харри Поттер гэх мэтийн хүүхдэд зориулсан, энгийн хэллэгтэй л ном уншиж бсан юм. Сая жоохон халгаж бгаад саяхан кино нь гарсан Хадагтай Перигриний онцгой хүүхдийн асрамжийн газар гэдэг киноны номыг эхлүүлсэн. Овоо боломжийн яваад байгаа 100% ойлгохгүй ч 70-80% ойлгоод бх шиг. Маш их сонирхож хүлээж бгаа номоо нэг уншаад үзье гэж гэнэт таны номын тэмдэглэлийг уншиж бгаад зориглов оо. Шинэ киндл маань ч ирж бгаа, уншиж дуусгаад таньтай санал бодлоо хуваалцна аа.

  • #2

    Nara (Freitag, 04 August 2017 13:51)

    Bolortuya egchiin buyanaar yamar goy blogtoi taniltschihvaa bayarlalaa

  • #3

    Мөнхбаяр (Freitag, 04 August 2017 20:33)

    Сайн байна уу? Энэ номыг яаж авах вэ? Би Францад амьдардаг юм.

  • #4

    Энхчимэг (Samstag, 05 August 2017 04:32)

    Нүүрномд талархаад баршгүй, нээрээ Болортуяа эгчийн буянаар үнэхээр гоё уншууртай блог олж авлаа. Би энэ номыг уншсан, эхний хуудаснаас эхлээд л гайхширал ар араасаа чухам гайхширч амжих завдал өгөлгүй үргэлжилсэн. Толгой дээрээ хүйтэн ус асгуулахаар нэг сонин болдог доо түүншиг л санагдсан ��� 2, 3-р дэвтэрийг тэсэн ядан хүлээж байгаа

  • #5

    Доржийн Болортуяа (Samstag, 05 August 2017 12:45)

    Мөнхчимэгт! Энэ номыг надаас авч болно. Би Женевт амьдардаг, Франц руу шуулангаар явуулж болно. 18 евро дансанд хийвэл би 2 хоноод очоно. Миний фб хаяг : Bolortuya Dorj, чаатаар ороод ирээрэй

  • #6

    Mc (Donnerstag, 10 August 2017 15:39)

    ajild ni ulam iluu amjilt husey!

  • #7

    Uranchimeg (Freitag, 11 August 2017 10:34)

    Haij baigaad olood unshlaa. Bayarlalaa. Yneheer ...

  • #8

    Аюушсүрэн (Mittwoch, 08 November 2017 05:48)

    Өчигдөр орой 2-р дэвтрийг уншсан. 3-р дэвтрийг хүлээж тэсэхгүйнээ. Хэзээ хэвлэгдэх бол, үнэхээр гайхалтай