Шик Хатагтайгаас суралцаарай

Одооны охид үнэхээр азтай. Учир нь хувь хүний хөгжлийн болон иймэрхүү зөвлөгөөний номууд миний үеийг бодвол элбэг болжээ. Энэ номд бичсэн зүйлсийг ухаарах гэж Европт, Германд би арав гаруй жил өөрөө бэдэрсэн. Хэдэн жилийн өмнө уншсан бол тус болох байсан нь дамжиггүй. Анзаараад байхад зөвхөн Францчуудын бус Европын нийтлэг төрх "таван мэдрэхүйгээ бүрэн дүүрэн ашиглаж" амьдралыг таашааж, амтлах урлагийн тухай энд өгүүлнэ.

Оюутан болж ирээд хэдэн жил өнгөрүүлж байж сая урлаг, уран сайхантай ойртож, өдөр тутмын амьдралдаа баяр баясгаланг нэмэх олон зүйлсийг хожуу нээж байсан болохоор охид дүү нар уншаад, сэтгэлийн бэлтгэлтэй, нээлттэй болох, шинэ зүйлс мэдэх, мэдрэх үүд нээсэн сайхан ном орчуулсан буянтанд талархья. Орчуулагч Саруултөгсийг нүүрномоос харсан, үзэсгэлэн төгөлдөр бүсгүй харагдана лээ. Сонгосон ном нь түүний хичнээн тансаг мэдрэмжтэйг илтгэнэ. 

Хувцаслалт, гэр тохижуулах, хооллох талаас гадна өөрийгөө хөгжүүлэх хэсэг нь хамгийн их таалагдсан. Америк зохиогчийн өнцгөөс Европ соёлыг авч үзсэн нь хөгжилтэй, егөөтэй. Харин энд удсан хүнд бол "байдаг л зүйл" "тийм л байдаг, энд онц зүйл ер алга" гэмээр. Гэхдээ монгол сэтгэлгээтэй  харьцуулан уншвал зохиогч шиг баясан, гайхан хүлээн авах вий.

Бусдын соёлыг шүтлээ гэлгүйгээр амьдрах, амьдралыг амтлах урлагийг эзэмшсэн, өөрөө өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай хүмүүсээс суралцах зүйлсийг өөртөө шимж авбал. Миний хувьд хувцас, харилцаа, эмэгтэйлэг чанар, дэг жаяг, сайн сайхан руу тэмүүлэх, урлагтай ойр байх зэрэг хэсэгт бичигдсэн зүйлс их танил, өөрөө мөрддөг зарчмууд байлаа. Харин гэрийн ажил хийхдээ "үүнийг хийж байхын оронд өөр олон зүйл амжуулчих байсан юм гэж бодохгүй байх!" (нүүр 315) зөвлөгөөг хүлээн авлаа. Бүр яг надад оноод хэлчихэж, төвөгшөөгөөд түүртээд байлгүй нэг арга зам олсон нь дээр аж. Гэрийн ажлаа ч Шик хатагтай шиг биелүүлж байя. 

Kommentar schreiben

Kommentare: 1
  • #1

    � � Flower (Dienstag, 27 November 2018 00:53)

    Энэ номыг монголоос саяхан захиулж авчраад шимтэн уншиж дуусгасан. Орчуулагч охин мундаг орчуулсан байна лээ. Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номыг хэдхэн хоногийн өмнө уншиж дуусаад одоо амьдралдаа хэрэгжүүлэх, эерэг өөрчлөлтийг өөр дээрээ мэдрэх л дутуу байна даа :)