Федерико, Федерико

Кино найруулагчдын ярилцлага үзэх их дуртай, би. Бүтээлч хүмүүс ямар содон байдгийг тэдний яриа, асуулт сонсоод үзүүлэх нүүрний хувирал, хариу үйлдэл зэргээс хардаг. Бас киноны ард ийм хүн байж гэдгийг мэдэх их сонирхолтой. Харин энэ номыг уншсанаар цаашид кино найруулагчдын намтар бүтээл олж уншвал гэж хорхойслоо.

"Жаргалтай амьдрал", "Боккачио 70"-аас бусдыг нь үзэж амжаагүйдээ харамссан би Феллинигийн кинонуудын эрэлд даруй гарсан. "Ромын их сургуулийн хуулийн ангид элсэнэ гэж ээждээ амлалт өглөө. Хэлсэндээ хүрсэн ч хичээлдээ суудаггүй байв. Угаасаа элсэж орно л гэсэн болохоос сурна гэж амлаагүй" гэж буй Федерикогийн шогийн мэдрэмж эхнээсээ шууд таалагдсан. Ер нь түүний ертөнцийг, амьдралыг харах үзэл их билэг танхай, ёжтой ("...эр хүн хаа нэгтээ шөнийг өнгөрөөхдөө бүхий л сэтгэл ухаанаа тавиад туучихгүйгээ, өөрийгөө түрхэн зуур өөр нэгэнд зээлдүүлж байгаагаа мэддэг. Гэвч энэ тухайгаа эхнэртээ тайлбарлаж "эмзэг эрхтнээ ганц шөнө өөр хүнд хэрэглүүлсэн юм аа" гэж хэлэх аргагүй билээ."), бас шударга ("...насаараа ганц л хүнтэй амьдарна гэдэг эмэгтэй хүнд романтик санагддаг бол эр хүнд жинхэнэ аймшиг л гэсэн үг"). Явдалтай эрийн булайг дэлгэлгүй, гэхдээ гоёж, нуулгүй, үнэнээр нь харуулсан, ингэхдээ хайртай эхнэрийг нь доромжлолгүйгээр бичиж чадсан чадварлаг зохиогч яахын аргагүй торгон мэдрэмжтэй нэгэн болох нь анзаарагдав. 14 жилийн турш бичиж, тэмдэглэсний үр дүн гэхээр аргагүй болов уу, Шарлотт Чэндлер өөр ямар ном бичсэн бол уншмаар санагдттал нямбай, "аутентик" бичжээ. Гэтэл энэ Шарлотт олон намтар туурвисан, алдартнуудтай ярилцсан мундаг бүсгүй болохыг олж мэдэв. Ийм л өгөөж ихтэй ном байлаа, миний хувьд.

"Кино бүтээх нь нэг талаар сэтгэл зүйн судалгаа болохоор кино найруулна гэдэг өөрөө өөрөөсөө ярилцлага авахтай адилхан юм даа" гэдэг Феллини Платоны "хүн бүрийн санаанд нийцэх гэж хичээвэл хэний ч сэтгэлд хүрэхгүй" сургаалийг өөрийн болгож, "өрөөлд таалагдахыг хичээдэг хүн хэзээ ч урлан бүтээгч болж чадахгүй" -г батлан хэлжээ.

Киногоо дуусгасан л бол түүнийхээ сүр бараанд дарагдах дургүй, юу хийснээ энд тэнд яриад явахгүй, өөрийгөө үзүүлэн болгох дургүй нь мөн тийм чанар, зарчимтай Карл Лагерфельдийг санагдуулав. Карл түүнээс сурсан болов уу, ер нь жинхэнэ чадварлаг бүтээгчид нийтлэг ийм байдаг юм болов уу.

Кино салбарт дуртай, бүтээлч сэтгэхүй, урлан бүтээгч оршихуй амьдрал дээр ямар байдгийг мэдмээр бол энэ номыг заавал уншаарай. Би кинонуудыг нь бүгдийг үзэх шийд гаргасан. Түүний туйлын хайртай Ром хотод, (нэгэнт мөрөөдөж байгаа юм чинь) Треви усан оргилуурын өөдөөс харсан, эсвэл Пантеоны дэргэд Одри Хепбёрн Анн гүнж болдог кинон дээр суудаг задгай кафены дугуй ширээн дээр "Аперол шприц"(италийн тренд болсон апперитив) уунгаа яриаг нь сонсоод л суумаар, сонирхолтой бас содон хүн байна, Федерико Феллини. Амттан мөрөөссөн туранхай залуу хожим уг дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч болж таргалаад, сүүлдээ "бялуу бодонгуут таргалдаг болсон" гэсэн хэсгийг уншаад ганцаараа чанга инээсэн. Шогийн мэдрэмжтэй хүний яриа үнэхээр амттай. Орчуулагч Лхагвадуламыг биширьюү. Зарим өгүүлбэрийг уншаад, хэрхэн ийн оновчтой, уран буулгаж чадсан байна аа гэж ангайсаар уншиж дуусгалаа. Ном маань ягаан эрээн болсон.

Kommentar schreiben

Kommentare: 0