Опрагаас суралцахуй

Опра Уинфри " Миний сайн мэдэх зүйлс" номын монгол орчуулгыг захиж авчруулах гэсээр хүлээж тэсэлгүй Герман хэл дээр уншчихлаа. Түүний ярилцлага, энд тэндхийн их сургуулиуд дээр зочин илтгэгчээр тавьсан яриануудыг бүгдийг үздэг байсан болохоор ном доторх ихэнх зүйл хэдийнэ танил, өмнө нь сонсож байсан зүйлс байсан ч хувь хүний хөгжилд нэмэр болохуйц олон санаа танилцуулсан, уншихад хөнгөн гоё ном байна. 

Ингээд надад таалагдсан хэдэн зүйлээс онцолбол:

Талархал-Өөрт байхгүйд бус байгаа зүйлстээ төвлөрч, талархаж сурвал маш их эерэг өөрчлөлт гардаг гэдгийг хувь хүний хөгжлийн олон мэргэжилтнүүд зөвлөдөг. Опра ийм талархлын дэвтэр хөтөлдөг. Германы сэтгэл судлаач, хувь хүний хөгжлийн багш, илтгэгч Энкелманн бас семинар дээрээ ийм дэвтэр хөтөлж, өдөр бүр гурван эерэг зүйлийг онцолж, талархлаа илэрхийл гэж байсан. Анх хачин санагдаж байв. Би ийм дэвтэр эхлүүлсэн ч дуусгаагүй, учир нь өдрийн тэмдэглэлдээ "талархлаа" илэрхийлчихдэг болохоор. Уг зорилго нь хүний сэтгэл санаа, тархийг эерэг хандлагатай болгох, эргэн тойрон, амьдралыг анхааралтай мэдэрч, сөрөг зүйлст нугараад байлгүй эерэгт тулгуурлаж сургахад оршино.

Монголчууд эртнээс талархлыг аж амьдралдаа хэрэгжүүлж байсан ба хуур хийх мод тайрах, мал гаргах зэрэг үйл хийхдээ үргэлж баян хангай, тэнгэр, байгаль эхийн хишиг буянд талархдаг,  амны билэг, талархал дүүрэн өөдрөг ард түмэн. Тэгэхээр талархах гэдэг учиртай зүйл болох нь илт. Опра онцлохдоо: "Үргэлж талархаж явах амар биш л дээ, гэхдээ талархмаар зүйл байхгүй чухам тэр үед аль болох талархах зүйл олж чадаж байвал энэ нь хүний харах өнцгийг өөрчилж, сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, сөргийг эерэгт хувиргадаг" гэжээ. Түүний зөвлөснөөр "Та хэр их талархана, төдий чинээ их талархмаар зүйл амьдралд чинь бий болно" 

Бид өөрсдийн хүч чадал, мэдлэгтээ итгэлтэй, шийдмэг байхын оронд ихэнхдээ "шүүмжлэгч" нарын дургүйг хүргэчих вий гэж "жижгэрдэг" гэнэ. Гэтэл бид өөрсдийгөө хойш татаж, даруу байж, нуугдана уу эсвэл мундаг байж гялалзана уу, өөнтөгч нар хэзээ ч дуугүй байхгүй шүүмжилсээр байх болно. Учир нь тэд өөрсдөө арчаагүй, өөрийгөө төгс бус гэж мэдэрч, хэн нэгнийг шүүмжилж муучилснаар түүний дээр гарах оролдлого хийдэг. Тэгэхээр шүүмжлэгч нарыг үл тоо, өөрийн дуртай, чаддаг зүйлээ хий, гялалз гэнэ дээ.

Таны хэлж, хийж буй бүхэн өөрийг чинь хэн бэ гэдгийг илтгэдэг. Жинхэнэ үнэнг, чин өөрийгөө илтгэвэл, үнэн зүйл хэзээд сайхан мэдрэмж төрүүлдэг, таатай, хайр дүүрэн тийм мэдрэмж гэнэ. Өөрийгөө хуурвал тэгээд хэзээч тийм гоё мэдрэмж хүртэхгүй нь. Ялангуяа бусдыг хуурдаг, хуулбарладаг, дүр эсгэдэг бол өөрийн үнэнг олж байж л сая жаргах нь байна шүү. 

Оршин буйгаа хэн нэгэнд тайлбарлах, "би сайн" "би үнэ цэнтэй" гэдгээ нотлох гэж хүч зарах хэрэггүй. Сэтгэлийн дуудлагаа олж, өөрийн оршихуйн утга учраа олсон бол эцэст нь үлдэх цорын ганц чухал зүйл: Та хэний амьдралд ямар мөр үлдээсэн бэ? Хэнийг хайрласан бэ? гэдэг асуултын хариу гэнэ дээ. 

Үйлдэл бүрт хариу үйлдэл ирдэг. Чи хүнд сайн муу юу хийнэ, түүнийгээ өөртөө хэдийнэ хийгээд эхэлчихлээ гэсэн үг. Үйлийн үрийн санаа Опрагийн баримталдаг гол зарчим.

Иймэрхүү сэдвүүд сонирхдог бол энэ номыг заавал уншаарай. Англи хэлтэй бол түүний илтгэлүүдийг юүтүбээр үзвэл өгөөжтэй, урам зориг авмаар зүйл их ярьдаг шүү. Энэ миний хамгийн дуртай үздэг юүтүб сувгуудын нэг. Шилдгүүдийн амжилтийн томьёог товчлон хүргэдэг Эван гэж залуугийн хөтөлдөг суваг. Та нар сонирхож байгаарай.

Kommentar schreiben

Kommentare: 1
  • #1

    Gandi (Dienstag, 31 Oktober 2023 07:31)

    Авч уншмаар санагдав кк