“Мяндасны хаан”- Монгол ноолуур Германд

Одоогоос  150 гаруй жилийн тэртээ Францын хаан гуравдугаар Наполеон эхнэртээ ховор нандин ороолт бэлэглэжээ.  Бүр нэгийг бус арван долоон ширхэгийг бэлэглэсэний учир юунд байв? Хатан хаан Эжени зөөлөн тансаг уг алчуураа магтахдаа “хуримийн бөгжин дундуур гүйлгэхэд гарч ирэхээр тийм нимгэн” хэмээснээс загварын түүхэнд “бөгжинд багтах ороолт” гэж нэршсэн энэхүү алчуур цэвэр ноолууран ороолт байв.  Түүний өмссөн, зүүсэн бүхэн Францын язгууртан дунд улмаар бусад Европын орнуудад эрэлттэй зүйл болдог байсан тул  ноолуур ийнхүү Европын тансаг  хэрэглээнд анх нэвтэрсэн нь XIX зуун.

Ноолуур хэдийгээр анх Төвдөөс гаралтай боловч XV зуунд Энэтхэгийн хойд уулархаг нутаг болох Кашмирт боловсруулдаг, олон мянган ажилчид тэнд ноолуур ялгадаг байснаас ийн нэршжээ.  Зөөлөн тансаг энэ түүхий эдийн хэрэглээ эртний Ромын эзэнт гүрний үед, бүр түүнээс ч өмнө Хуучин Гэрээг хадгалдаг алтан авдарыг ноолуураар доторлосон гэж домогт өгүүлдэгээс харахад нэн эртний түүхтэй нь илт. Торгоны зам болон усан замын худалдаа хөгжснөөр Ази Европт түгсэн энэхүү байгалийн гаралтай түүхий эдийг XIX зууны сүүлээр Шотландын нэгэн эрхэм шинэ арга барилаар боловсруулж, гаргаж авснаар орчин цагийн ноолуурын эрин эхэлжээ. Ховор бөгөөд хязгаарлагдмал эх сурвалжтай, хөнгөн  атлаа дулаан хадгалдаг, чийг тусгаарладаг энэ түүхий эд бусад ноос, бөс барааг бодвол зөөлөн, боловсруулахад чанараа алддаггүй , эдэлгээ удаантай тул “Мяндасны хаан” гэж үнэлэгдэж  тэр хэрээр  үнэтэй, тансаг  хэрэглээ болсон тул тодорхой зиндааныхны хэрэглэдэг, үр удамдаа цааш өвлүүлдэг  утгаараа  “Хаадын мяндас” хэмээн өргөмжлөгджээ.

Өдгөө дэлхийд ноолуурын чанараар болон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн тоонд Говь компаниар овоглосон Монгол ноолуур зүй ёсоор ордог. 

Ноолуурын чанарыг хэмжих гурван үндсэн шалгуур бол түүний урт, зөөлөн чанар ба өнгө аж. Ноолуур гэж зөвхөн өндөрлөг газар амьдардаг, Hircus хэмээх ноолуурын ямааны унгарил үсийг хэлнэ. Далайн түвшнээс дээш 1500 метрт байрладаг Монгол эх оронд маань ийм ямаа тэгвэл 20 гаруй саяар тоологдоно. Зундаа өргөн дэлгэр нутагт тааваараа бэлчиж, элдэв бордоо, химийн бодис цацаагүй зэрлэг өвс ногоогоор хооллон, үржил шим хүртдэг бол  +40 хэмээс -40 хэм хүртэл хүйтэрдэг, эрс тэс, хуурай уур амьсгалтай энэ нутагт өвлийг өнтэй давахын тулд өтгөн үсний доор зөөлөн, хөнгөн, дулаан, нарийн ширхэгтэй ноолуур ургадаг байна. Хэр их хүйтэрнэ, төдий чинээ урт, тэр хэмжээгээр нарийн зөөлөн үс ургана. Монголын хүйтэн өвөл иймд хамгийн дээд зэргийн чанартай ноолуур үүсэх хүчин зүйл болдог. Байгалийн ийм зүй тогтоц, органик бэлчээр нь Шинэ Зеланд, Австрали зэрэг оронд ноолуурын ямааг зориуд үржүүлэх фермийн ноолуурын чанараас ялгарах үндэс юм. 

Гэрэл зураг © Эрдэнэмөнх 

Ноолуурын хялгасыг хэмжих микрон буюу бичил метр хэмжигдэхүүн байх ба бидний үсний ширхэг ойролцоогоор 70 гаруй бичил метр, хонины ноос 23-27 бичил метр бол ноолуур 14-19 микрон байх шаардлагатай. Монгол ямааны ноолуур хамгийн нимгэн буюу 14 микроноор хэмжигддэг тул хамгийн тансаг, зөөлөн түүхий эдэд ордог.

Түүнчлэн цагаан, цайвар шаргал, бор ба хөх саарал  гэсэн байгалийн үндсэн дөрвөн өнгө бүхий ямааны ноолуур байдгаараа онцлог. Дэлхийд хамгийн ховорт ордог хөх саарал өнгийн ямааны нолуурыг зөвхөн Ховд аймгаас авдаг бол Монгол ямааны бараг талаас илүү хувь эзэлдэг цайвар шаргал ямааны ноолуурыг Хэнтий аймгаас, бор ноолуурыг Хөвсгөлөөс, цагааныг Баянхонгор аймгаас тус бүр авдаг байна. 

Гэрэл зураг © Эрдэнэмөнх 

Будаж, цайруулаагүй байгалийн өнгөтэй “Органик” бүтээгдэхүүн Германд хамгийн хүсэмжит бүтээгдэхүүний тоонд ордог.

Хаврын урь ороход ямааны ноолуур гуужих ба энэ үед ноолуурыг гар аргаар самнаж авдаг. Нэг ямаанаас ойролцоогоор 150 грамм ноолуур гаргаж авна гэхээр нэг ноосон цамц хийхэд ойролцоогоор дөрвөн ямааны ноолуур ордог гэж багцаалсан жишиг байдаг. 

Германд эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой акссессуарын жагсаалтыг ороолт тэргүүлдэг. 

Байгалийн өнгөөрөө байгаа органик бүтээгдэхүүнүүдээс биед эвтэйхэн өмд, ханцуйгүй цамцтай хослуулан, өглөө оройд ороолт дээгүүр нь нөмрөх юм уу задгай энгэртэй цамц өмсөх нь элбэг. 

Органик цайвар шаргал өнгөтэй задгай энгэртэй цамц хавар зуны хамгийн хүсэмжит гоёл. Чийглэг уур амьсгалтай тул хичнээн нарлаг байсан ч өглөө оройд сэрүүхэн, жиндэх нь элбэг. Иймд гадуур өмсөх цамц, хүрэм эсвэл нөмрөх ороолт биедээ зайлшгүй авч явдаг.

Баруунд амьтан хамгаалалын асуудал өргөн хүрээнд яригддаг тул ямааны ноолуурыг машинаар хяргаж авах, ингэхдээ гэмтээх эрсдэлтэй гэдгийг шүүмжилж, ялангуяа Хятадаас нийлүүлэх их хэмжээний ноолуурыг шүүмжилдэг бол Монголчууд эртнээс нүүдлийн соёлоо хадгалж, уламжлал ёсоор гар аргаар самнадаг нь Монгол ноолуурын хэрэглээг дэмжих нэгэн хүчин зүйл болдог. Нутгийн малчдаас түүхий эдээ шууд авснаар завсрын зуучлагч, борлуулагч нийлүүлэгчийн элдэв нэмэлт  зардал үгүй, самнасан ноолуурыг өтгөн үснээс ялгах, цэвэрлэх, цааш боловсруулах, будах гэх мэт бүх үйл явцыг  үйлдвэртээ нэгтгэж, улмаар өөрсдийн нэхмэл, сүлжмэл, оёдлын үйлдвэрт төрөл бүрийн хувцас, чимэглэл, гэр ахуйн бараа үйлдвэрлэн, нэрийн дэлгүүртээ борлуулдаг тул  Говь компаний ноолууран бүтээгдэхүүний үнэ бусад ноолууран эдлэлийн үнэтэй харьцуулахад хямд байдаг аж. 

Энэ хавар зуны хамгийн өвөрмөц гоёо: Барласан шааль  

Нөмрөг хөнжил болчихмоор том хэмжээтэй мөртлөө хөнгөн энэ алчуурыг эвхэхэд овор багатай, авсаархан. 

Дэлхийн гуч гаруй оронд түншлэл үүсгэсэн Говь компани одоогоор ХБНГУ-ын  Берлин, Хамбург, Дюссельдорф хотуудад салбар дэлгүүрээ нээсэн. Герман худалдан авагчид нэн тэргүүнд байгаль орчинд ээлтэй, ахин боловсруулагдах, тогтвортой хөгжлийн бодлогыг эрхэмлэн худалдан авалт хийдэг. 

Берлин хот дахь салбар дэлгүүр

Knesebeckstr.30 10623 Berlin

berlin@gobi.mn

Хамбург хот дахь салбар дэлгүүр

Galleria Hamburg, Große Bleichen 21  20354 Hamburg

hamburg@gobi.mn

Дюссельдорф хот дахь салбар дэлгүүр

Königsallee 60 (KÖ-Galerie EG) 40212 Düsseldorf

Чийглэг уур амьсгалтай, зуны улиралд ч өглөө оройд сэрүүн, жинддэг тул хоёр талт сул пальто хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болно. Ялангуяа гол мөрөн, нуур далайн эрэгтэй ойр хотуудад амьдардаг бол ийм пальто хамгийн оновчтой бөгөөд таатай хөрөнгө оруулалт болох вий.

Хонь бэлчихдээ зүлэг ногооны дээд хэсгийг тасдан зажилдаг бол ямаа үндсээр нь зооглодог аж. Иймд  дөрвөн туурайтан маань бэлчсэн газрынхаа ногоог үндсээр нь үгүй хийн улмаар цөлжүүлэх аюулд хүргэдэг байна.  Монголчуудын бэлчээр сэлгэн нүүдэл хийдэг нь нэг газраа цөлжүүлэхгүй, ахин сэргээх “амрах” хугацааг нь олгох холч ухаан агуулсан ажээ. Дэлхийн зах зээлд ноолуурын эрэлт ихсэх тусам үнэ өсч, ноолуурын ямааг зохион байгуулалттай үржүүлэх болсон нь сөрөг талтай болсныг эсэргүүцэгчид баруунд бишгүй. Харин Монголчууд эртний уламжлалаараа бэлчээр сэлгэн, байгальд ээлтэй байхыг эрхэмлэдэг, уламжлалт гар аргаар самнадаг, ноолуураа дэлхийн зах зээлд гаргаснаар нутгийн ард, малчдын аж амьдралыг дээшлүүлэхэд анхаардаг, олон мянган ажлын байр бий болгодог гэх мэт тогтвортой хөгжлийн бодлогоо онцолж өгвөл Германчуудын хамгийн дуртай брэндийн нэг болох нь дамжиггүй. 

Харин би Хатан хаан Эжени шиг арав гаруй биш юм аа гэхэд хэдэн сайн ноолууран алчууртай болж, зөөлөн дулаан илчинд нь тэврүүлэн явах болноо.

Kommentar schreiben

Kommentare: 0