Очир эрхшээгчийн үр өгөөж

Аливаа бүтээлийг шүүмжлэх гэдэг хэн дуртай нэгний хийчихдэг зүйл бус. Тухайн этгээд өөрөө шүүмж бичих хэрийн чадвартай, чадалтай, тухайн салбарт мэргэшсэн байх ёстой л доо. Тийм болохоор цахим ертөнцөд номын шүүмжтэй таарахаар нэг л таалдаггүй юм. Харин уншигчийн хувьд сэтгэгдлээ, тэмдэглэлээ хуваалцсан бичвэрт би их дуртай. Тиймдээ ч блогныхоо ном буланг  уншсан номын тухай тэмдэглэлээ хуваалцахаар нээж байсан юм. Харин, номын үйл явдлыг уншаагүй нэгэнд илчлэхгүй, товчлон өгүүлэлгүйгээр сэтгэлд хоногшсон, өөрт тэмдэглэн авсан хэсгүүдээ хуваалцаж  байвал хэрэгтэй юм болов уу гэж бодлоо.

Сэтгэлгээний цоо шинэ роман гэж зүгээр ч нэг нэрлээгүй энэхүү номыг уншаад  монгол хэл, соёлыг би биширлээ. Түүх, шашны сэдэвт зүйл уншихаар цаанаасаа нэг хуучинсаг хэллэгтэй байдаг. Ялангуяа зарим хүмүүс хэлбэрдэж,  “ухаантай” болох зорилгоор хуучны үг хэллэг,  үйл үгийн хувирал зэргийг хэрэглэдэг нь нэг л зохимжгүй уншигдаж, ухаалаг харагдах зорилгоос нь улам холдуулж, дүр үзүүлж буйг нь илтгэдэг.

Ялангуяа ийм хүмүүс зохиолч Батрэгзэдмаагийн бүтээлийг уншвал, маяглал үгүйгээр уран сайхан бичлэг боломжтой гэдгийг олж харна даа. Олон жил гадаадад байгаа хүн уншвал монгол хэлний нандин үгс, нэр томьёотой дахин учирна. Мартагдсан гэмээр олон үгстэй таараад эрдэнэс олсон мэт олзуурхаж, сэргээж авлаа. Цэцэг ургамлын нэрнээс авахуулаад, түүх, газарзүй, соёл, шашин, бурхны сургааль зэрэг олон салбарт зохиолч арвин судалгаа хийж, мэдлэг цуглуулсан нь хуудас эргэх бүрт анзаарагдана.

Үйлийн үр, дахин төрөх зэрэг хэсгүүд нь хамгийн их таалагдсан бол сүнсний ертөнц, түүний харилцааг харуулсан хэсэг дээр өөрийн эрхгүй Деми Мур, Пэтрик Суйэзи нарын тоглосон “Сүнс” кино төсөөлөгдөж байлаа. Сүнс хоргодох, өөрийн хүчийг нээж, бодит ертөнцтэй холбоо барьж буй үйлдэл зэргийн логик холбоо нь тэр киноныхтой төстэй гэх үү дээ. Миний хүлээж авсан нь л энэ байх. Эсрэгээрээ энэ зохиолоор кино хийвэл “тасархай” болно доо гэж бас бодогдсон шүү.

Ингээд та нартаа зохиолч Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романаас тэмдэглэн авсан зүйлсээ хуваалцъя. Маш их зүйл шинээр сурч, хуучныг сэргээж тогтоож авлаа. Та нарт ч мөн адил нэгийг бодогдуулах байх. 

1. “...Цэцгүүд ямагт нарны гэрлийг шүтэж гэрэл гэгээг хамгийн сайхнаар тосон авдаг. Цэцгийг бурхнаас өгсөн бэлэг гэж манай буддын шашинд дээдлэн, гоо төгөлдөр өнгө хэлбэрээрээ, анхилуун үнэрээрээ хүмүүст аз жаргал, амар амгаланг илгээнэ гэж үздэг.”  (15-р тал)

Цэцгэнд дуртай болохоор энэ хэсгийг өөрийн эрхгүй тэмдэглэж авсан. Блогынхоо “Цэцэг” булангийн дээр зоочихмоор.

“Гэгээнтэн “Сайн сайхан ямагт авралтай”. (16-р тал)

Ямар сайхан хэлээ вэ! Бүр томоор бичээд тэмүүллийн самбартаа хадмаар.

“Санамсаргүй нэгээхэн ч зүйл үгүй. Ширхэг тоос ч гэсэн утгатай. ...Цэцгийн үр ч ургах газраа олж унана. Үр хүүхэд ч эхийгээ өөрөө олж төрдөг.” Энэ өгүүлбэр дээр тулгуурлаж, романы үйл явдал үндсэндээ өрнөдөг. Аливаа юм утга учиртай гэдгийг сануулсан гайхалтай холбоос үйл явдлууд. 

2.

“Элдэв хилэнц бүхнийг эс үйлдээд

Эгнэгт буяны хотол чуулганд суралцан

Эндүүрэлгүй өөрийн сэтгэлийг огоот номхотгох нь

Энэ л Бурханы шашин болой”

Бурхан багшийн айлдвар

(89-р тал)

Өдгөө бусад улс орны сэтгэл зүйчид, урам хайрлагчид, уран илтгэгчдийн хэлсэн үгийг орчуулсан байх нь элбэг. Гэтэл бидний өвөг дээдсийн сургааль, бурхан шашны ном, захиас агуу ажээ. Цаг үетэй нийлэн, зөвхөн шинэ зүйлд татагдах бус хуучин зүйлсээ бид үнэлж сурмаар. Монголд очоод эртний сургааль шастир юу байна, бүгдийг үншмаар, уншснаа дахин сэргээмээр хүсэл төрүүллээ энэ ном. Тэгээд ч оюутан байхад уншсан “Алтан товч”-ийг өнөөдөр уншвал өөрөөр хүлээж авах нь дамжиггүй.

3. Гадаад далайн хүйс монголын говь талд байдаг тул “Хүйс” тойром  хэмээн нэрийдсэн газар болох үйл явдал миний хамгийн дуртай хэсэг. Хос хунгийн нэгийг хөнөөснөөр, өнчин хун их дуу гарган гэр дээр эргэлдэх бүрд эхнэрүүдээ дараалан алдсан ах дүү гурвын тухай энд өгүүлнэ.

“Өвгөн даяанч: Хун шувуу хараахгүй. Хүн л хараалч. Энэ бол хунгийн хайрын энэлэн. Тэр эр хун шувуу зовж шаналан, хос нэгнээ та нараас нэхсэн энэлэнт их гангинаанд эм сүвтэй өрөвч эхнэрүүдийн уяхан сэтгэл цочирдсон байна...

Үр хүүхдүүд эхтэйгээ сэтгэлийн барилдлага нэн их тул үрсийн сэтгэлүүд ч зовсон байна. Эхийн шаналанд хүүхдийн сэтгэл зангиран тарчилна.”  (99-р тал) гэсэн энэ хэсэг ямар утга төгөлдөр гээч!

Гэмт хүн гэлбэлзэнэ гэж зүгээр ч нэг хэлчихээгүй аж. Хийсэн нүгэл, түүнд гэмшсэн сэтгэл, айх айдас нь гай дагуулдагыг ойлгуулсан. Хун шувуу хараахгүй. Харин түүнд зүй бусыг үйлдсэн хүний сэтгэл өөрөө гамшиг дагуулна. Герман хэлэнд “mit sich im Reinen sein” гэсэн хэлц бий. Утгачилвал, “сэтгэлдээ булингаргүй байх” гэсэн үг.  Аливаад дотроо зөрчилгүй, өөртөө үнэнч байх, гомдол харуусал, гэмшил тээж өөрийгөө хүндрүүлж харлуулахгүй байхын чухлыг илтгэж байгаа юм.

Яагаад ч юм хун шувууг өөрөөр харах боллоо. Хэдэн жилийн өмнө Франкфурт хотын цэцэрлэгт хүрээлэнд хар хун шувуу харснаа та нартаа энэ дашрамд хуваалцъя. Романд хар хун, чоно гээд амьтдын мөн чанарыг утга дүүрэн буулгасан байгаа нь гайхамшигтай. Саяхан “арслан, бар хүчтэй ч, чоно циркт тоглодоггүй” гэж интернетээр уншчихаад үнэхээр чоно сургахад хэцүү амьтан эсэхийг сонирхон цааш лавшруулсаар түүнийг бататгасан нэгэн судалгаатай таарсан. Монголчуудын гарал үүсэл, хийморь бэлгэдлийн чоно Очиртын шид болж дүрслэгдсэн нь энэ бүхнийг улам онцгой болгосон. 

4. “Эрдэнэт хүний бие хэмээх нь арван зүгтээ нээлттэй, сурч боловсрохын тухайтад онцгой дээд эрхэм хувьтай юм байна гэж хүний заяандаа бишрэх сэтгэл төрж, эхийнхээ хойноос чинхүү залбирна. (124-р тал)

...Багш шавийн ухааны савыг шинжин “тунчиг сайхан гавал даа уг нь. Өөдөө харсан мөн хиргүй, ёроол нь бүтэн сайн сав гэж мишээнэ. Хэрэв ухааны сав хиртэй бол юүлсэн мэдлэг мөн хиртэнэ. Хэрэв ухааны сав хөмөрсөн бол юу ч хийгээд нэмэргүй. Хэрэв ухааны сав цоорхой бол юу ч эс тогтоно.”

Бид бодож эргэцүүлж, уншиж, мэдэж, сурч чаддаг нь юутай их аз вэ? Дан ганц өөрийн сайнд өдий зэрэгт хүрсэн мэт аашилдаг хүмүүст хэний хүчээр юунд хүрснийг нь сануулах мэт, эхийн ачийг санаж, залбиралд нь багтсанаа хэзээ ч бүү мартахыг давхар хэлж буй мэт.

Муу хүнд эрх мэдэл өгвөөс аюул болно гэж барууныхан хэлдэг, угтаа ухааны сав хиртэй бол юүлсэн мэдлэг мөн хиртэнэ гэдгийн нэг хувилбар. 

5. Даяаны эрдэм гэж “Аглагт сууж анхаарлаа төвлөрүүлэх замаар оюун санааг орчлонгийн хүлээснээс ангижруулж, улмаар гэгээрлийг олох бурхан багшийн заасан мэдлэгийн гол аргын нэг.

...Даяан нь төөрөгдлөөс гэтэлгэн, сэтгэлийг илүү эрх чөлөөтэй орон зайд аваачин, ариун дээд ёсоор амьдрахад тусална.” (125-р тал)

Хариуцлагын хариуд сэтгэл ханамжтай байж, шударга журмын хүчинд амар амгаланг эдлэн, бусдын төлөө гэсэн жаргал эдлэснээр амьдралын алхам тутамдаа даяаны ёсыг ойлгож мэдэрнэ.  (126-р тал)

Дотоод амар амгаланг олох, өөртөө үнэнч байх, өөрийгөө нээх, өөрийгөө олох, мөн чанараа таних гэх мэт баруунд ид хөгжиж, анхаарал хандуулж буй хувь хүний хөгжлийн тухай энд хэдийнэ эхлэлийг нь тавьсан байгаа биз? Бясалгал, даян хийх  тухай эргэцүүлж, аглагт суух гэдэг мартагдсан үгийг энэ хэсэг сануулсан юм. 

6. “...Ухаан нь нэг хүн хорт сумаар харвуулж шархдаад мэс засалчид ирэхэд  “...энэ сумаар хэн харвав?... Тэр дайчин хүн үү? Дорд язгуурын хүн үү? Овог хэн? Өндөр нам?Арьсны өнгө? Аль тосгоных эсвэл хотынх? ...зэргийг мэдэхээс нааш би сумыг авахуулахгүй.  Ямар нумнаас харвасан, нумны хөвч юу байсан? Ямар сум? гэдгийг мэдэхээс нааш авахуулахгүй... Чингэснээр тэр хүн тэдгээр олон зүйлсийн алиныг ч мэдэж чадахгүй үхэх биз дээ?...

...Ертөнц мөнх үү, үгүй юү гэх мэт асуудлыг хариулаагүй цагт миний бие түүнийг дагаж, ариун ёсоор аж төрөхгүй гэвэл хариулт авч чадалгүй төгсөх биз ээ?...

Ариун ёсоор аж төрөх бол түүнээс үл хамааран төрөх, өтлөх, өвдөх, уй гашуу, ядуу зүдүү байдал, түүнийг гэтлэхийг энэ яваа насандаа гэж номлож буй. (128-р тал)

Мөнхийн шүүмжлэгч, аливаа зүйлээс үргэлж өө эрэгчдэд энэ хэсэг нэгийг бодогдуулах байх. Зарим хүнд энэ хэсгийг сайхан бичээд, гялгар цаасаар нааж урагдахгүй болгоод халаасанд нь хийж өгмөөр. Заримдаа олон зүйлд орооцолдон бүдрэлгүй, сайн гэх итгэл үнэмшлээ даган замд гарснаар асуултын хариугаа олдог. Асуудлаа эрэмбэлэх, нэн чухал нь юу вэ гэдгийг тодорхойлох, хийсвэр айдас болгоомжоос зайлсхийх, үргэлжид эргэлзэхийг зогсоох нь зүйтэй мэт.

7. “Дэлхий ертөнцийн анхны эх газар Этүгэн-д анхны язгуур хүн Батцагаан төрсөн. Монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу анхны эх газар хэмээсэн унаган монгол үг.”

“Эх газрын эхлэл Этүгэний өндөрлөгт тэнгэр отголсон гээд мөнх цаст багахан уулыг Отгонтэнгэр гэж өргөмжлөн шүтжээ. Тэнгэрийн төгсгөл, газарын эхлэл болсон энэ газар...” (134-р тал)

Отгонтэнгэр хайрханы нэр ийм учиртай ажээ. Тэнгэр отголсон этүгэний өндөрлөг-Монгол хэл ямар баялаг юм бэ? Гоодаль сэтгүүлд нийтлэл бичдэг байхдаа сэтгүүлийн уриа “Этүгэн оршихуй янз учир” гэдгийг уншаад үргэлж боддог байж билээ. Унаган монгол үг, шинээр сурч авлаа.

8. “Хаан боол ч ялгалгүй хорвоогийн тоосонд биеэ өгнө. Ив ижил заяа бүгдийг тосно. Үзэгдэл бүхэн хэлбэр, хэлбэр бүхэн замхрах тавилантай.  Гагцхүү хэлбэр-үгүй л өнө мөнх билээ. Ийн бясалга, хэлбэрээс хэлбэр-үгүйд шилжихэд тус болно.

...Бүх амьдралдаа түгээ. Алхам тутамдаа сана.

Хэлбэр бүхэн давалгаан, Хэлбэр-үгүй нь далай. Давалгаан хором тутам үүсэн замхардаг.

Далай бол чанадын үнэн юм. Өөрийн дүр, амьдралын хэлбэр бүрийг үүсэн замхрах давалгаан хэмээн санаж, түүнийг зөвхөн ажигла.

Ажигласнаар давалгаан цаанах далай, хэлбэрийн цаанах хэлбэргүйг нээнэ.

Үхэл, мөнх бусыг бясалга. Нартай цуг мандаж, нартай цуг жаргаж, нартай дахин манд, дахин жарга.

Цэцэгстэй цуг цэцэглэж, цэцэгтэй цуг үхэж, цэцэгтэй дахин цуг цэцэглэ. “(157-р тал)

Амьдралын утга учрыг үүнээс илүү яаж оноож хэлэх вэ? Зохиолч хүний үгээр илэрхийлэх авьяас гэж. Нүдэнд шууд далай, давалгаан харагдсан. Хором бүр үүсэн бас замхрах давалгааныг ойлгочихвол хүн “би” үзлээсээ ангижран, би төвт ертөнцөөсөө холдож, эвгүй байдал орохгүй, элдэв комплексээ харуулахгүй дээ. 

9. “Бие гэвч бие биш гэгээн хоосон солонго

Хэл гэвч хэл биш очирын гүн эгшиглэн

Сэтгэл гэвч сэтгэл биш амгалан хоосны агаар

Үзэгдэл гэвч үзэгдэл биш үнэмлэхүйн номын чанар”

Будда Шагжамүни

(161-р тал)

Эцэст нь надад хамгийн их таалагдсан “Өөрийгөө эмхэлвэл ертөнц эмх цэгцэндээ орно.” Багшийн айлдал (259-р тал)  гэсэн эшлэлээр энэхүү бүтээлээс өгөөж болгон ойлгож авсан есөн зүйлээ өндөрлөе.

Арвин мэдлэг, гүн ухаан, сургааль дүүрэн сайхан бүтээл туурвисан зохиолч Батрэгзэдмаа эгчид гүнээ талархая.

Та нар уншсан бол сэтгэгдлээ хуваалцвал их баярлана шүү. Уншаагүй бол заавал тогтож уншаарай гэж зөвлөе. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Мюнхен. 2017 оны 6 дугаар сар 2

Kommentar schreiben

Kommentare: 3
  • #1

    Chimgee (Samstag, 03 Juni 2017 00:52)

    Uneheer goy roman shu :-) buur neg hovsduulsan met l dotor n orj unshij bailaa. Bensudagiin dur ih taalgdsan. Hend ch tuvg bolohgui hirnee setgel n tsas shig tsagaahan. Bi bas unshsan nomooroo temdeglegee hiideg bas yu oilgoj buulgaj avsnaa danda bichdeg um.6 r temdeglegeeg buur yag ingj oilgoj bas ingj ergelzej teeneglzeed uulch goochlood bdg humuust unshuulah umsan gj bodoj bailaa. Chi buur goy bichjee surah um ih bainada chamaas :-) Zohiolchiin huvid bol yarih um bhgui mundag buteelees n nur ih hudulmur medregdej bailaa. bayrlalaa saihan temedeglel unshlaa.

  • #2

    Dolgor (Donnerstag, 08 Juni 2017 12:25)

    Уншсан ч тогтож мэдрэлгүй өнгөрүүлсэн зүйлсийг маань сайхан мэдэрч онож хэлжээ. Баярлалаа

  • #3

    zochin (Donnerstag, 15 Februar 2024 03:17)

    Tanii unshih nud oilgoh tarhi setgel chin ih saihan yuma. nomnoos olon saihan zuiliig olj harjee.