Миний гоо сайхны "уут" буюу буддаггүй охидод зориулсан бичвэр

Хэд хэдэн уншигч маань хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ танилцуулаач гэсэн болохоор энэ бичвэрийг хийлээ. Буддаггүй охидод гэдэг нь, сайн буддаг, мундаг охидын хажууд минийх анхан шат маягийнх болохоор зориуд тодотгосон нь тэр. Нүүрэндээ будаг байтугай энгэсэг ч түрхэлгүй арван жилээ төгсөж билээ. Тэр үед элбэг байсан  "детский крем"-ээр уруулаа өнгөлөөд, үсээ самнаад л болоо. Үсээ байнга самнадаг, хүрэмнийхээ халаасанд самтай явдаг тийм л сурагч байж. Турк сургуулийн улаан хүрэн хүрэмний халаасанд энэ хоёр зүйл л товойж харагддаг байв.

Сургуульд байхад ер нь гоёж гоодох өчүүхэн хандлага гаргавал зэмлүүлдэг, муу нэр зүүдэг тийм үе  байсан. "Худлаа маяглаж, аальгүйтэж байхаар толгойндоо юм хий", "ээмэг зүүлт яахав, наад толгой дахь мэдлэгээрээ л гялалз" гэх мэт үгсийг байнга сонсоно шүү дээ. Нэг ээмэг зүүхийн тулд өөрөөр хэлбэл хичээлээ сайн хийж байж, сая зүүх эрх олж авах тийм логиктой. Гэтэл охид байгалиасаа гоёх, гангалах, сайхан явах хэрэгцээтэй байдаг. Энэ нь маяглахаас ангид зүйл гэдгийг дараа нь ухаарсан. Охиддоо нүүрээ яаж арчлах, хэрхэн цэвэрхэн буддагийг заагаад өгөхөд юу нь буруу байхав дээ. Ядаж л "детский крем" тослог ихтэй, уруулын эмзэг арьсанд тохиромжгүйгээс хүрээ нь бүдгэрэх, уруул улам  хуурайшдаг гэдгийг мэдээд авчих боломж байгаагүй. Их сургуульд ороод нүүрээ гоё будсан охидыг хараад биширдэг байлаа. Хожим Германд ирээд нэг өдрийн нүүр будалтын дамжаанд сууж үзэв. Нүүрийг хоёр хуваагаад нэг талыг нь будаж үзүүлээд, нөгөө талыг нь өөрөө дагаж буддаг тийм хичээл. Ногоон эрээн юм болоод гарч ирсэн, тэр салоноос, инээдтэй. Гэхдээ анхан шатны мэдэгдэхүүн авч, бага багаар туршсаар өөртөө тохируулан будаж сурсан даа. 

Нүүр будах бол маяг бус арчилгаа гэдгийг өдгөө хүлээн зөвшөөрчээ. Арьсаа арчлах, нарнаас хамгаалах, далимд нь нүд сормуусаа тодотгох, энэ бүгд эмэгтэй хүнийг цэвэрхэн, арчаатай л харагдуулна уу гэхээс маягтай, аальгүй болгохгүй. Нүүрээ янзлаагүй хүн арчаагүй санагддаг, үнэндээ. Өөртөө хэдхэн хором зориулаад, нүүрээ тордоход цаг гаргадаггүй хүн өөр юуг арчилж чадах бол? Заавал өглөөжин хэдэн цаг үрэн будах биш шүү дээ. Би өглөөд хагас цаг нүүрээ янзлангаа бараг л бясалгал хийчихдэг, яаралтай үед аравхан минутанд янзлаад л гарна. Огт боломжгүй бол контур тавиад гарахад нүд сэргээд л явчихдаг.  Ямар сайндаа, төрсний дараа нүүрээ угаахдаа, гялс контураа тавьчихсан, нэг минут ч болоогүй. Хадам ээж бүр над руу харж байснаа "Чи нүүрээ будсан юм уу?" гэдэг юм даа. Зүгээр л хэдэн секундад контур тавьчихсан гээд тайлбарлалтай нь биш, "тийм ээ" л  гэсэн.

Одоо үед будахыг хүссэн охидод маш олон зам нээлттэй. Өөртөө зохисон будалтаа заалгаж болно, эсвэл youtube make-up tutorial үзэхэд л их зүйл сурна. Цэвэрхэн будаад, арчлаад явах нь сайн зүйл шүү. Гангалахаас өөр юм мэдэхгүй, маягтай энээ тэрээ зэрэг тодотгол бол үүнтэй огт хамаагүй. Өөрийгөө гоё сайхан авч яваа хүн, өрх гэрийг бас аваад явах арчаатай байна гэж би боддог. Монгол охидыг "нэг л их  ганган амьтад" гэж их тамгалдаг. Ганган байх муу зүйл биш ээ, орчин хэцүү, нөхцөл боломж тарчиг байхад гоё ганган явж чадна гэдэг бас л урлаг шүү дээ. Яадаг юм, гангал, гоё, өөрийгөө хамгийн гоёор мэдэр, турш. Орчноо чимж, өөртөө сэтгэл хангалуун яв. 

Нүүр будалт таалагддаг бол мэргэшсэн ч болно шүү дээ. Сэтгүүлийн нүүр дээр залрах оддын нүүр буддаг, загварын шоу бүр дээр уригддаг, өөрийн нэрийн бүтээгдэхүүн гаргадаг, амжилтанд хүрсэн нүүр будагчид байна. Дуртай бөгөөд чаддаг зүйлээ сайн эзэмшсэн нь дургүй зүйлээр худал суралцан, боловсрол хөөхөөс хамаагүй илүү. 

Арьс арчилгааны тал дээр өглөө оройд заавал угааж, цэвэрлэдэг. Орой яаж ч ядарсан, нүүрээ заавал халуун бүлээн усаар угааж, будгаа цэвэрлэж байж унтдаг. Монголд Солонгос бүтээгдэхүүн их хэрэглэдэг бололтой. Би эндхийн цаг уурт тохирсон, өөртөө таардаг болохоор Clinique хэрэглэх дуртай. Шар чийгшүүлэгчийг гүйцэх зүйл одоогоор олоогүй л байна. Дуусахаар нь заавал өөр бүтээгдэхүүн сольж хэрэглэдэг. Учир нь дан нэг төрлийнхийг хэрэглэхээр арьс дасаад, нөлөө авахаа больдог гэдэг. Гоо сайхны дэлгүүрээс жирийн Garnier угаагч саван, шингэнтэй нь бас хэрэглэдэг, солихдоо. Ер нь бол заавал үнэтэй гэхгүй, хольж солиод л авдаг. Долоо хоногт нэг удаа мөсөөр арчина, хааяа скраб хэрэглэнэ, маск тавьна. Өөр арга хэмжээ авдаггүй. Сүүн шингэнээр цэвэрлэх нь нэг л дутуу санагддаг болохоор угаагч саван, шингэн хэрэглэдэг болоод удаж байгаа. 

Арьсаа цэвэрлэж, чийгшүүлэгчээ түрхчихээд CC юм уу BB Cream түрхдэг. Янз бүрийн Foundation, крем хэрэглэдэггүй. Тэгээд л өөрийгөө анхан шат гээд байгаа юм. Арьсан дээр олон юм нялах дургүй болохоор, зайлшгүй хэрэгтэй гэснийг л хэрэглэдэг. 

Нүд  будахдаа эхлээд заавал base буюу тогтооогч түрхдэг. Ингэснээр нүдний ямар ч будаг яг тэр өнгөөрөө зовхин дээр тогтдог. Олон давхарлах, өнгий нь гаргах, унагаахгүй гэж зузаан түрхэх шаардлагагүй болдог. Нүдний эргэн тойрон эмзэг учраас зовхины будгаа хамгийн чанартайг сонгодог. Шанелийн энэ будаг жишээ нь "зууханд жигнэгдсэн" гэгддэг, болгож боловсруулсан, элдэв харшил өгдөггүй, шахалт сайтай тул удаан хэрэглэгддэг. Гэхдээ аливаа гоо сайхны бүтээгдэхүүн дуусах хугацаатай байдаг, ардаа таг нь нээгдэж буй тос шиг, дотроо 12M гэх мэт тэмдэглэгээтэй байдаг. Өөрөөр хэлбэл нээж эхлээд, агаартай холилдоод 12 сарын турш хэрэглэж болно, түүнээс цааш дэмий гэсэн үг. Ялангуяа хугацаа нь дууссан сормуусны будгийг хэрэглэвэл нүдэнд аюултай, элдэв бактери дамжуулагч болдог аж. Иймд хугацаанд нь хэрэглэсэн нь дээр шүү. Шанелийн энэ будаг 18 сар хэрэглэгдэх хугацаатай, би өдөр бүр хэрэглэдэг ч одоо хүртэл талдаа ороогүй.

Будаг тогтоогч тавьчихаад зовхины дотоод хэсгийг алтлаг шараар, үлдсэн хэсгийг саарал болон бүдэг хараар уусгаж буддаг. Орой гарах болвол тод хараар арагш нь нэмээд л болоо. 

Контур бол миний хамгийн дуртай бүтээгдэхүүн. Олон охид контур тавихаас эмээдэг. Өдөр бүр оролдоод байвал нэг л  мэдэхэд минут хүрэхгүй хугацаанд зурчихдаг болно шүү.Шингэн контур гэвэл энэ хоёр их таалагдсан. Isadora нь Douglas-т байдаг. Удаан тогтоцтой гэвэл бийрээр татдаг Maybelline gel liner  их сайн, бийр нь бага зэрэг бүдүүдэх гээд байдаг. Loreal perfect slim контурыг би одоогоор өдөр тутамд хэрэглэж байгаа. Хэрэглэхэд тун хялбар. Илүү гарсан, алдаа зэргийг чих цэвэрлэгч хөвөнгөөр арччихдаг. Харандаан контур зовхи татаад сунгах гээд байдаг болохоор шингэн контур даралт багатай гэж бодож илүүд үздэг. 

Сормуусны будагны хувьд миний хэрэглэж байсан будгуудаас хамгийн сайн, гоё дэвүүр шиг болгодог нь Lancome-ын энэ сормуусны будаг. Үнэтэй болохоор дуусахаар нь Loreal юм уу Maybelline авч ээлжилдэг. Шанель, Диорын сормуусны будгууд надад лав таалагдаагүй, үнэндээ тохирсон чанар агуулаагүй мэт санагддаг.

Яг одоо энийг хэрэглэж байгаа. Хямд мөртлөө үнэхээр сайн, сормуус гоё болгож байна лээ. 

Миний хэрэглэж байсан Concealer буюу өө дарагч дундаас Clinique хамгийн сайн нь боловч үнэтэй тул ээлжлэн  Astor  эсвэл Max Factor-ын өө дарагчийг сонгодог. Үрчлээний эсрэг үйлчилгээтэй гэх бүх бүтээгдэхүүнийг туршаад ямар ч нөлөө үзүүлдэггүйг нь харуулсан сурвалжлага үзэж байсан. Гэхдээ л би гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо дотроо үрчлээний эсрэг үйлчилгээтэй бодис агуулсанг нь сонгох дуртай. Нөлөөлдөг ч бай үгүй ч бай, плацебо эффект гэж байдаг шүү дээ. Итгэл үнэмшлийн хүчинд найднаа. 

Гэрэл сүүдэр энэ тэр тавьж мэдэхгүй,харин YSL, Catrice highlighter хөмсөгний доор, шанх тус газар тавьж өгдөг. 

Хөмсөгөө хөнгөн тодруулаад, зориулалтын самаар нь самначихна. Бараг тоодоггүй юм хөмсөгөө. Яваандаа гоё будаж сурнаа. 

Шахмал энгэсэг бол миний хамгийн их хэрэглэдэг бүтээгдэхүүн. Нарны хэт ягаан туяа, салхи зэргээс хамгаалсан энгэсэг заавал түрхэж байж гэрээс гарна. Одоо хэрэглэж байгаа энгэсэг Диорынх. Дуусахаар нь Clinique ээлжилнэ. Тэгээд Диор гээд энэнээс салдаггүй, маш гоё, өө дардаг, хамгаалдаг, мөн зузаан түрхэх шаардлагагүй. Хүмүүс надаас "Пудр түрхдэг үү?" гэж олон асууж байсан. Мэдэгдэхээргүй түрхэгддэг. Шанелийн энгэсэг санаанд хүрээгүй ээ. Энгэсэг их чухал болохоор чанартайг хэрэглэхийг хичээдэг. Шисейдо бас их таалагдсан. 

Хацар улаалгагчийг багсаар хөнгөн түрхээд л миний будалт ер нь дуусдаг. Диорын гоо сайхны бүтээгдэхүүнүүд сормуусны будагнаас бусад нь сайн санагддаг. Яг одоо YSL ягааруулагчийг хэрэглэж байгаа. Маш гоё үнэртэй, зөөлөн өнгөтэй, шахалт сайтай, миний дуртай бүтээгдэхүүн болсон.

Германд хүүхнүүд нь уруулаа нээх будаад байдаггүй, өнгөлөгч хэрэглэдэг. Их сургууль орчимд бол уруулын будаг бараг хэрэглэдэггүй. Орой гарахдаа л уруулаа будна. Өглөө оройд нүүрээ угааж, чийгшүүлэгчээ түрхчихээд би зовхины тос, уруул өнгөлөгч заавал түрхдэг. Хамгийн сайн нь, минийхээр бол Лабелло л юм даа. 

Энэ еос Лабеллог яагаад ч гүйцэхгүй санагдсан, эсвэл би Лабеллод дассандаа тэр байх.

Хамгийн сайн нь!

Хэдэн жилийн өмнө оюутан байхад, Франкфуртад нэг найз охинтойгоо "кошляк"-аа үзсэн хоёулаа яг ижил, дан Jade Maybelline-ий зүйлс гарч ирж билээ. Жил ирэх бүр өөр зүйл туршаад, одоо энэ хэд дээр тогтоод байгаа. Одоо бид хоёрын гоо сайхны цүнхэн дэх зүйлс дахин ижилхэн таарах болов уу? Түүнийх ямар болсон бол? Нэг уулзахаараа уудалнаа. Бие биенийхээ гоо сайхны зүйлийг уудлаад суух заримдаа гоё тийм ээ?

Та нар надад санал болгох, зөвлөх зүйл байвал хуваалцаарай.Түр баяртай.

Kommentar schreiben

Kommentare: 6
  • #1

    Bebe (Freitag, 14 April 2017 00:07)

    Sain uu, bi bas huurai aristai, oird huuraishaad tos maani taarahgui bolood baihaar n chinii postiig unshaad yag naad clinique 3 phasen system avlaa.nuur tseverlegch n dajgui yum, nogoo 2 n ystoi bishee...lotion n alcoholtoi bolhoor arisiig buur aimaar bolgood...shar chiigshuulegch n neeh sonin gutliin tos shig unertei yum bhiin...delguurt orj uzeegui online shopoos n avsan chin...delguurees ehelj yadaj unerlej uzdeg baij gj bodood baijiina hehe...esvel nadad defekttei baraa n taarchvuu..hun hunii aris oor bolhoor yaltai ch bilee...emzeg huurai aristai bolhoor sain gsn bolgoniig turshij uzlee...neg l bishee yanaa...complain hiigeegui shuu...zugeer turshlaga soliltsoj bn...odor bur blogiig chin unshdag bolood bgaa...amjilt husye

  • #2

    Chansy (Dienstag, 18 April 2017 20:06)

    Яанаа, Алкохоль агуулсан лосьон нь нүүрэн дээр юм гарах гээд байдаг арьсанд уг нь их сайн цэвэрлэгээ болдог юм. Үнэргүй, үнэр оруулах химийн бодисгүй болохоор шар чийгшүүлэгч жоохон сонин санагддаг. Гэхдээ нөлөө нь их сайн, надад лав. Бас найрлагадаа элдэв химийн зүйл бага тусмаа л сайн гэдэг. Аллергитэй хүмүүст бас тохирдог. Чи тэгвэл эмзэг арьстай юм шиг байна, Dr.Hauschka юм уу Weleda туршиж үзвэл, хэрэв Европт байдаг бол.

  • #3

    Оюу (Freitag, 05 Mai 2017 16:25)

    "орчин хэцүү, нөхцөл боломж тарчиг байхад гоё ганган явж чадна гэдэг бас л урлаг шүү дээ" гэж хэлсэн нь сайхан санагдлаа. Намайг 5 дугаар ангид байхад манай гэр нүүж гэр хороололд амьдрах болсон. Усанд явах, түлээ нүүрс гээд их хэцүү, буцаад байранд амьдрахыг их хүсдэг байж билээ. Өглөө босход гэр дагжиж чичрэм хүйтэн байдаг байсан. Гэсэн ч өглөө эрт 6 цагт босоод ус халааж толгойгоо угааж, өдөр бүр хувцасаа угааж индүүдэж, гутлаа гялайтал тосолдог байсан. Миний үс, хувцаснаас нүүрсний угаар үнэртэх вий гэж их л хичээдэг байж дээ. Одоо бол өөрийгөө арчлах, орчноо цэвэр сайхан байлгах гэдэг миний хувьд дадал болсон, би үүнийг ямарч төвөггүйгээр хийдэг. Гэр хороололд амьдарсан маань намайг илүү цэвэрч, ажилсаг, өөртөө арчаатай болгосон гэж боддог. Өвлийн хүйтэнд усанд яваад, гал түлж усаа халааж өөрийгөө арчлаад сурсан хүн хожим хананаас гарч байгаа халуун усандаа талархаж сурдаг. Нүүрээ будахдаа ч аятайхан буддаг гэж боддог. Ажилдаа, хичээлдээ, тэр бүү хэл дэлгүүр гарсан ч хөнгөхөн будаад гардаг. Хун шувуу усан дээрээ үзэсгэлэнтэй гэдэг. Эмэгтэй хүн гаднаа ч дотроо ч үзэсгэлэнтэй сайхан байх ёстой гэж би боддог.

  • #4

    ZOCHIN (Montag, 08 Mai 2017 16:54)

    Yostoi ih taalagdaa blog chinot daraa unshisan nomnuudihaa Talaar bichej sanaj bolgoj boloh uu bayarlalaa.

  • #5

    BB (Sonntag, 11 März 2018 09:51)

    Ymar goyo zovlogoo be bayarlalaa, nadad bas eos neeh sain taarahgui bnalee labello-g ni haaguur zardag yum boloo? :) (iim yum asuuj boloh bolovuu?)

  • #6

    Жаахнаа (Mittwoch, 19 Juni 2019 13:05)

    Баярлалаа Чанси эгчээ, бахархам дуурайм шүү үргэлж уншаад улам л шимтсээр