Шанель-Ном уншдаг эмэгтэй

Венецийн Ca'Pesaro хэмээх Орчин үеийн урлагийн Олон улсын галлерейд ийм үзэсгэлэн дэлгэгдэж байгааг мэдээд баярлсандаа үсэрч, дэвхэрмээр л болсон. Учир нь жил бүр Венец рүү нэг бол архитектурын эсвэл урлагийн Биеннале үзэхээр олуулаа явдаг уламжлал тогтсон бөгөөд энэ удаагийн аялалаар ээждээ Венецийг  үзүүлэнгээ, энэхүү үзэсгэлэнг үзэх давхар баяр тохиосон нь энэ. Шанель ба ном, үүнээс илүү төгс хослол байна гэж үү?

Шанелийн загварын тухай би өмнө нь энд бичиж байсан. Шанель стиль гэдэг шиг Шанель соёл гэж хэдийнэ тогтжээ. Хувь хүний хувьд хэн байсан бэ гэдгийг тодотгох, эргэн дурсах зорилгоор санаачилсан Шанель соёл үзэсгэлэн 2007 онд анх Москвад дэлгэгдэж байсан бол өнөөг хүртэл Шанхай, Бээжин, Парис хотуудаар аялсаар энэ жил Венецид таарсан байна. Коко Шанель ном их уншдаг, баялаг номын сантай байжээ. Эртний Грекийн гүн ухаанчдаас орчин үеийн утга зохиолын төлөөлөл хүртэл  амтархан уншиж, уран сэтгэмжээ хөглөн, хувь хүний шинжээ бүрдүүлсэн аж. Түүний уншсан ном зохиолууд загварт нь, ертөнцийг үзэх үзэлд нь ихээр нөлөөлж байсан бөгөөд соёл урлагийн оюунлаг төлөөллөөр өөрийгөө хүрээлүүлж байсан. Үүнийг гэрчлэх олон захидал, ном, зураг, урлагийн бүтээлүүд гэх мэт 350 гаруй эд зүйлийг үзэсгэлэнд дэлгэсэн байна. Парисийн Монмартрт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц тэр үеийн урлаг, утга зохиолын алдартнуудын нэр ар араасаа цуврана. Зохиолч, философич, утга зохиолын шүүмжлэгч Ролан Барт "Шанель цаас, бэх хэрэглэж бичдэггүй ч бөс материал, хэлбэр өнгөөр зохиол бичдэг" хэмээн нэгэнтээ хэлж байжээ. Ингээд Коко Шанелийн загвар зохион бүтээгчээс өөр нэгэн төрх болох шүлэг, зохиолд дуртай, ном уншдаг, оюунлаг эмэгтэйн ертөнцөөр хамтдаа аялая. 

Шанельд нөлөөлсөн, түүний хувийн номын санд байдаг зохиолууд шилэн хоргонд ярайсан байгаа нь

Гюстав Флобер "Хатагтай Бовари" зохиолын гар бичмэл, эцсийн хувилбар. Энэхүү үнэт бүтээл зохиолчийн төрсөн нутаг болох Францын Руан хотын захиргааны номын санд хадгалагддаг. Миний нүдэнд шууд өртсөн нь доороосоо дөрөв дэх мөрнөөс эхэлж буй өгүүлбэр: Avec Walter Scott, plus tard, elle s'éprit de choses historiques, rêva bahuts, salle des gardes et ménestrels. Миний франц хэл анхан шатных болохоор сайн орчуулж чадахгүй байж мэднэ. Энэ зохиолыг уншсан хүн гэхдээ андахгүй, 15 настай Эмма сүмд, хуучин номнуудтай зууралдан гараа тоос болгон, шимтэн шимтэн уншдаг хэсэг. "Хожим тэр Вальтер Скотын нөлөөгөөр түүхэн үйл явдлуудад дуртай болж, хуучин авдар, ордны зэвсгийн танхим, аялан дуулаачдыг сэтгэлдээ төсөөлөн зурдаг байлаа..." гэж орчууллаа. Би герман хэл дээр уншиж байсан болохоор Монголоос орчуулгыг нь захиж аваад дахин уншихдаа энэ хэсгийг азаарнаа. 

Францын яруу найрагч Стефан Малларме-гийн шүлгүүдэд Шанель их дуртай байсан аж. Энэ үзэсгэлэнд түүний бүтээлүүдээс гадна бусад зохиолчтой бичилцэж байсан захидлууд  дэлгэгдсэн байв. Мися Серт гэх төгөлдөр хуурч хатагтай XX зууны эхэн үеийн Парис дахь урлаг соёлынхны дунд нэртэй, олон зохиолч, хөгжмийн зохиолч, зураачдад онгод хайрладаг, ивээн тэтгэгч, тэдний бүтээлд мөнхөрсөн хүсэмжит нэгэн төдийгүй Коко Шанелийн дотны найз байжээ. Шанель Мися хоёр хамтдаа Венеци аялдаг байсан тул энэ үзэсгэлэнд Мисягийн орон зай зүй ёсоор эзэгнэнэ. Энэ япон дэвүүр Мисягийнх бөгөөд дээр нь СМ буюу Стефан Маллармегийн Мисяд зориулсан дөрвөн мөрт улаан бэхээр бичээстэй. 

Aile que du papier reploie

Bats toute si t'initia

Naguère à l'orage et la joie

De son piano Misia

Ойролцоогоор:

"Нугалаа нь үгүй цаасан жигүүр

Мися

түүний хуурын эгшигт  

хөгжиж нэг ширүүсч нэг дэвсэн нь саяхан"  гэсэн утгатай. Герман юмуу англиар байсан бол та нартаа арай дээр орчуулах байсан байх. 

Харин энэ дэвүүр дээр Жан Кокто Мисяад зориулан шүлэг бичжээ. Жан Кокто Шанелийн үнэнч анд, дотно нэгэн байсан тул үзэсгэлэнд түүний ном, зохиол, Шанельд болон бусад нэртэй урлаг соёлынхонд бичсэн захидал зэргийг дэлгэжээ. Яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, найруулагч гээд олон төрлийн авьяастай түүний тухай чихэвчээр сонсоод явж байхад орчноосоо тасрах мэт л болсон. 

Номон дээр "Эгч Мися-даа. Жан 1920". Мися Жан Коктогоос 17 насаар эгчмэд. Кокто энэ дэвүүр дээр бэхээр бичиж, алтлаг болон мөнгөлөг нунтаг цацаж чимжээ. 

Нөгөө талдаа дүүрэн бичигтэй. Энэ харагдаж буй тал дээрх эхний хоёр мөр:

1912 

Au vide aérien de ton vol je me fie

Fleur japonaise, aux doigts qui renaît et se fane,... 

"Хурмастад нисэхүйн хоосонд чинь би итгэнэ

Япон цэцэг, 

түүний хуруунууд сэргэж бас гандана " 

Энэ бол Францын нэрт яруу найрагч, зохиолч асан Гийом Аполлинер нас барахад Жан Кокто Ондре Салмонд хандаж бичсэн захидалын нүүр хэсэг. 

"Бямба гараг шөнө дунд

Арваннэгдүгээр сарын 9

 

Миний эрхэм Ондре,

Хөөрхий Аполлинер өөд болжээ. 

Пикассо гүн гунигт автаад бичиж чадахгүй байгаа тул надаас асууж, хэвлэлд гаргах мэдэгдлийг даатгалаа. Би нэг л эвлэж өгдөггүй. Чи тус болж, үүнийг хариуцаач тэгэх үү?"

Францын яруу найрагч Пьер Риверди Шанельд сэтгэлтэй байсныг илчлэх зурвасууд, номон дээрх бичвэрүүд энэ үзэсгэлэнд мөн дэлгээстэй. Тэрээр олон шүлгийг Шанельд зориулж байсан бол Шанель түүнийг ивээн тэтгэдэг, зохиолын эх бичвэрийг худалдан авдаг байсан аж. Энэ номын зургийг Пикассо зурсан байна. Ном бүр дээрээ Коког "Хонгор минь"гэж нэрлэн, "бүх сэтгэл зүрхээрээ" "чиний үнэнч"  гэх зэргээр бичиж, П  үсгээр үзэглэжээ.

Ривердийгийн алдарт зохиол "Хүний арьс". 1926 оны хэвлэл. "Сүүдэр бол гэрлийн хамгийн сайхан хорго гэдгийг хонгор Коко минь та мэдээгүй дээ. Түүнчлэн энэ нь таньтай хамгийн уярам нөхөрлөлийг  эрмэлзэхээ хэзээ ч зогсоохгүйг илтгэнэ. П."

Дараагийн нэгэн алдартан бол Францын яруу найрагч. зохиолч, зураач Макс Жакоб. Энэ бол Пикассогийн зурсан Макс Жакобын хөрөг. 1917. Доор нь Макс Жакобын  гараар бичсэн богино шүлэг:

L'archange foudroyé n'eût que temps

de desserrer sa cravate. On aurait dit qu'il 

priait encore.

C.Marc  Jacob

" Өрлөг элч зангиагаа суллах л цагтай байлаа. Тэр залбирсаар л байсан гэж хэлж болохоор." гэх юм уудаа. 

Макс Жакобоос Жан Коктод бичсэн захидлууд (1926) 

Пикассо Шанель хоёр хамтран ажиллаж байсан, урлаг утга зохиолын нэг хүрээнийхэн гэсэн утгаараа үзэсгэлэнд Пикассогийн бүтээлүүд мөн эгнэж байлаа. 

Пикассогийн   "Зураач"  1912-1913. Үзэг, энэтхэг бэх, саарал харандаагаар.                    "Мадмуазель Леони" 1910. Цаасан дээр харандаа, энэтхэг бэхээр

Пикассо "Буйдан сандалд сууж буй эмэгтэй" Зотон даавуун дээрх тосон зураг. 1910 он. 

Макс Жакоб, Пикассо хоёр Парист нэг байр хамтран хөлсөлдөг байсан төдийгүй дотно андууд байжээ. Адис хүртэх ёслолд нь зориулан, 1915 оны хоёрдугаар сарын 18-ны пүрэв гарагт  бэлэглэсэн номондоо Пабло хэмээн үзэглэсэн нь энэ. 

Ильязд буюу Илиа Зданевич, Орост Эли Эганбюри нэрээрээ бичиж байсан гүрж, орос,францын зохиолч, типограф энэ хүмүүний бүтээлүүд үзэсгэлэнд элбэг таарна. Дадаизм, футуризм, үсэг өрөлт гээд мэргэжлийн хүмүүс түүнийг андахгүй байх. Надад бол энэ талаар мэддэг зүйл үнэндээ ховор байсан болохоор энэ үзэсгэлэнгээс хойш сонирхож , уншиж үзье гэсэн шийд гаргасан шүү. Шанель Ильяздын бүтээлийг ихээр үнэлдэг, түүний уран бүтээлээс санаа авдаг байсан аж. Ильязд Шанельд зориулж, бөс материалын дезайн гаргаж байснаас одтой  иллюстраци үзэсгэлэнд тавигдсан байлаа. Жан Кокто 1924 оны нэгдүгээр сарын 2-нд Ильязд бичсэн захидалдаа

"Миний эрхэм Илиа Зданевич,

Энэ бол би уншиж чадахгүй, гэвч харахад маш сонирхолтой, уншмаар дур төрүүлсэн гайхамшигт ном байна. Одод юунаас бүтдэгийг бид үл мэднэ. Таны ном "одлог" юм. Орос тайлбар толь эсвэл, хэрэв та хүсвэл, дуран хэрэглэж байж л би мэдэж авах байх даа. Бүх сэтгэл зүрхнээсээ мэндчилсэн, Жан Кокто." гэжээ.

Энэ хүрэл гар бол "Ганцаардмал Шанель" намтар бичсэн, сэтгэцийн задлан шинжилэлийн мэргэжилтэн, зохиолч Клод Делайгийн зүүн гарын баримал, Диего Жиакометтийн бүтээл. Шанелийн Парис дахь өргөөнд байдаг, олон нийтэд дэлгэгдэж байгаагүй эд зүйлсийн нэг.

Шанелийн бичгийн хэв. Ильязд-д бичсэн зурвас. 

"Эли, энэ чинь эелдэг хэрэг үү? Чамаас сураг огт сонссонгүй. Эхнэр чинь сайн уу? Очиж уулзаж байгаа юу? Маргааш өдрийн хоол хамт идэхээр ирээрэй. Би чамтай ярилцмаар байна. Chalva гойд сайн гэж бодож байна. Тэврье,

Габриель" 

Шанелийн зүүн гарын алганы хар бэхэн дардас. Хажууд нь Игорь Стравинскийн Шанельд бичсэн захидал. 

Пикассо "Хэвтэж ном уншиж буй эмэгтэй" Зотон даавуун дээрх тосон зураг. 1952 он. 

Хуан Грис "Ном" 1911. Зотон даавуун дээрх тосон зураг

Үзэсгэлэнд Шанелийн бүтээлүүд мэдээж өлгөөтэй. Ялангуяа ямар зохиолоос санаа авч, уг  загварыг зохион бүтээх болсон холбоосыг гоё гаргасан байв. Шанель Венеци хотоос асар их онгод авч байсныг түүний загварууд, гондель завьчны малгай зэрэг нь итлгэнэ. 

Энд харагдаж буй хоёр талын загалмай хэлбэрт зүүлт нь 1930-аад онд Диана Фрийландын эзэмшилд байжээ. Энэ дашрамд хэлэхэд, Диана Фрийланд бол миний хайртай VOGUE сэтгүүлийн ерөнхий редактор байсан, гайхалтай эмэгтэй. Түүний тухай "Нүд аялах ёстой" баримтат киног заавал үзээрэй гэж зөвлөмөөр байна. Шанелийн бүтээл эдгээр зүүлт нь 18 каратын шар алтан дээр олон төрлийн эрдэнийн чулуу шигтгэсэн. 

Түүнчлэн Шанелийн Парис дахь өргөөнд байдаг, түүний дуртай чимэглэл, урлагийн бүтээлүүдийг анх удаа олон нийтэд дэлгэсэн нь энэ.

"Толгойгүй Venus" Гантиг чулуун бүтээл. Грек-Ромын үеийн соёлын өв

Шанель арслангийн орд болохоор арслангаар өөрийгөө тойруулдаг, мөнгө авчирдаг гэж итгэдэг тул тариан түрүү гэртээ байлгадаг, Сальвадор Дали зурсан тариан түрүүн зураг гэртээ өлгөсөн гэх мэт дотоод чимэглэлээ сүсэг бишрэлтэйгээ холбосон байдаг. 

Пикассогийн зураг

Шанелийн төрсний гэрчилгээ. 1883 оны наймдугаар сарын 20. 19-нд төрсөн ба дараагийн өдөр нь бүртгүүлсэн аж.

Шанель одонд дуртай болсны шалтгаан: Эртний Грекийн "Алтан шүлэг" бүтээл. Энэ нь амьдралын утга учир, зөв амьдрах ухааныг багтаасан бүтээл аж. 

Энэ ном дээр Сальвадор Дали "Миний хөөрхөн, бяцхан Коко-д, Оверний Дон Кихотоос. 1963" гэсэн бол Гала "Хонгор Коко,  танд хайртайг минь хэзээ ч битгий мартаарай" гэсэн байна. 

Ингээд бичвэрээ Пикассогийн "Ном уншиж буй эмэгтэй" зургаар өндөрлөе. Та нартаа энэ гайхамшигтай үзэсгэлэнгийн нэгээхэн хэсгийг  ч болов хүргэсэн гэж найдаж байна. Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна гэдэг шиг унших ном үнэхээр их байнаа. Хүүхэдгүй, завтай үедээ амжуулж уншиж, хаяагаа тэлж байгаарай. Жоохон хүүхдийн хажуугаар ном уншина гэдэг чинь жинхэнэ "тэмцэл" юм байна. Дээр дурдсан захидлуудын бүрэн эх сонирхолтой бол хуудсаар минь хандаж бичээрэй, би завандаа эх хувийг нь орчуулаад нийтэлж болноо. Дараагийн бичвэр хүртэл түр баяртай.

Kommentar schreiben

Kommentare: 3
  • #1

    secu_star@yahoo.com (Donnerstag, 16 März 2017 08:17)

    Bayarlalaa, bi uuruu ochood uzsen um shig l saihan bolloo, hezee negen tsagt ene saihan buhniig uuriin nudeer uzej setgelee bayarluulj ongod avnaa, bayarlalaa hundet Chansy :)

  • #2

    Ээнээ (Donnerstag, 23 März 2017 00:58)

    Ямар гоё ховор нандин зураг бас тайлал бичвэр вэ! Өөрийн биеэр очиж үзмээр санагдаж байна.

  • #3

    Khongoroo (Sonntag, 26 März 2017 06:09)

    Ih taalagdlaa. Ochij uzeegui ch zurgiig n harj, bichweriig n unshij ih cafe mederlee. Bayrlalaa.