Венецээс илгээх ил захидал

 “Венецийн тухай өгүүлж болох бүхэн хэдийнэ бичигдэж хэвлэгдсэн болохоор энэ хот надад ямар сэтгэгдэл төрүүлж буйг цөөн хэдэн үгээр л буулгая” хэмээн  Гёте тэртээх 1786 онд өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. Түүний өдрийн тэмдэглэл гэвч цөөн үгээр хязгаарлагдаагүй юм. Өнөөг хүртэл Венецийн тухай бичээгүй найрагч, зураагүй зураач Европт лавтайяа ховор. Он цагийн нугачаанд гэвч өгүүлэх зүйл нь түүнийг тойрох далайн ус мэт үл шавхагдах, Адриатын тэнгисийн хатан хаан гэгдэгч энэ хот одоо ч түүнийг шүтэн бишрэгчдэд, сониучирхан аялагчдад онгод хайрласаар. Дээрээс нь харвал загас хэлбэртэй усанд хөвөгч энэ ахайтан дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн үр намайг улам их увидаст автуулах нь аргагүй биз ээ.

©Planeterde

1846 онд төмөр замын гүүр барих хүртэл Венец рүү зөвхөн усан замаар л хүрэх боломжтой байжээ. Австрийн хатан хаан ч, Францын хаан ч, зохиолч, уран бүтээлч хэнбугай ч усан онгоцоор л ирдэг байсан энэ газарт одоо агаарын замаас гадна галт тэргээр хүрэх аж. Санта Лучиа хэмээх галт тэрэгний буудал дээр буугаад гол тэнхимээс гарч ирүүт л  “Ямар их ус вэ?” гэж уулга алдам тийм дүр зураг угтан авна. Анхандаа, гудамж талбайг дундуур нь урсгал голоор тасалсан мэт санагдах дүр зураг удалгүй өөрчлөгдөж, харин ч гудамжуудыг усаар холбож өгсөн болох нь анзаарагдана. “Такси барих уу” гэдэг нь жижиг моторт завиар явах уу, “автобусанд суух уу” гэдэг нь том вапоретто завинд суух уу гэсэн үг аж. Тээврийн гол зам нь Венецийн дундуур урсах Канал Грандэ гэх дөрөв хүртэл километр урттай усан суваг юм. Эсвэл явган алхаад “хэдэн” гүүр даваад, нарийн гудмуудаар эргээд  хот руу орох боломжтой. Тун амархан сонсогдох ч Венецийн нарийн гудамжуудаар хэрэн хэсэх нь төөрдөг цэцэрлэгт гарц хайхтай адилыг удахгүй ухаарна. 

Венец хотноо таарах гурван хүн тутмын нэг нь жуулчин байх.Амралтын өдрүүдээ өнгөрөөж буй Европ гэр бүл, дуран сайтай том аппарат зүүсэн ази жуулчид, архитектор, урлагийн их сургуулийн оюутнууд, италийн бусад хотоос ирсэн уугуул иргэд гээд энэ хот бүхэлдээ жуулчин тээсэн хөлөг онгоц мэт санагдана. Жуулчид үл тасрах золтой гэмээр энэ хувь заяа нь гэвч түүнд зовлонг бас авчирдаг аж. 270 мянга гаруй оршин суугчтай Венецийг оршин суугчид нь жилээс жилд орхин одсоор. Жилд 2000 гаруй Венецчүүд, ялангуяа залуус хотоосоо дайжин нүүх болсны шалтгаан чухам энэ жуулчлалаас үүдэлтэй. Жилд дунджаар 22 сая жуулчин айлчлан ирдэг ба энэ тоо хотын дэд бүтцийг аяндаа өөрчилж орхидог байна. Жуулчин ихтэй хотын байрны түрээс өндөр байхаас гадна оршин суухад тохиромжтой орчин аажимдаа устаж, чухал хэрэгцээг хангах хүнсний дэлгүүр, сургууль, цэцэрлэгийн оронд жуулчдын бизнесийг дагасан бэлэг дурсгалын дэлгүүр, зоогийн газар, зочид буудал газар авах болжээ. Дэлхийн хамгийн их гүүртэй гэгдэх энэ хотын 440 гаруй гүүрээр хүүхдийн тэрэг түрээд явах нь бүү хэл чемодан чирж алхахад түвэгтэй.

Галт тэрэгний буудлаас буугаад нэн түрүүнд хийх зүйл бол уугуул иргэдийн нэгэн адил вапоретто завинд суун хотын төв рүү орох. Завины гадна хэсэгт урдхан талд суувал хөлөн доорх моторын чичиргээг мэдэрч, бургилах усыг даган бодол урсаж эхэлнэ. Эх газраас дөрөв орчим километр, задгай далайгаас хоёр километр таслагдсан,  усан дээрх Венец авхай минь, чи хэрхэн хөвнө вэ?

Далайгаас тасарсан элсэн ёроолт лагун дээрх, хоорондоо нягт байрлах 118 орчим жижиг арал, арланцруудын хэлхээсээс Венец бүрдэнэ. Анх эх газраас шахагдсан дүрвэгсэд ирж суурьшсанаар арал дээр амьдрал үүсч, сүмээс бусад бүх байшин нь XIII зуун хүртэл модоор хийгдсэн байсан гэдэг. Галд амархан автуулахгүй, бат бөхийг нь бодож байшингаа чулуугаар барих шаардлага үүссэнээр венецчүүд намаг мэт ёроолтой, усан дээрх арал дээр барилга барих өвөрмөц техник олжээ. Бүхэл бүтэн ойг живүүлж байж Венецийг барьсан гэхэд хилсдэхгүй. Венето орчмын Алпийн нурууны ой моддыг унагаан, үндсүүдийг нь хооронд нь холбон Венец рүү зөөвөрлөв. Ингээд 2-20 метрийн урттай царс, шинэс моддын үндсийг хооронд нь нягт холбосон уг холбоосоо арлын доорх намагт ёроол руу босоогоор нь багана мэт шахсан байна. Далайн давст усанд хүчилтөрөгч үгүй, аливаа биетийг ялзруулагч бактери үгүйн улмаас уг моддын үндэс чулуу мэт хатуу болж, бат бөх шонгууд үүсчээ.  Ийнхүү шахсан модон баганан “хивсэн” дээрээ хушга модон банз юмуу улаан зандан мод хадаж, эсвэл элс, давирхай, тосоор бэхэлснээр усны гадаргуутай чацуу барилга барих суурь тавигджээ. Тоосго юмуу усанд элэгдэхгүй чулуу, эсвэл Истрийн  гантиг чулуугаар суурь барьж, үүн дээрээ барилгаа босгосон аж. Венец ахайтны 20 мянга гаруй байшин барилга ийнхүү усан доорх модон шонгууд дээр суурилжээ. 

Венец хотын нэгэн чухал бэлгэ тэмдэг болсон истрийн гантиган Риалто гүүрийн суурийг хоёр талд нь тус бүр 6000 ширхэг царс модон шон усны ёроол руу шахаж байж тавьсан гэдэг. Вапореттогоор явах үед доогуур нь өнгөрөх уг гүүрэн дээр зураг авах, авахуулах жуулчид дүүрэн. Харин гүүрэн дээрээс Канал Гранде дээрх усан замын сонирхолтой амьдрал хэрхэн өрнөж байгааг харж, хогны машин, гал сөнөөгчдийн цуваа, нүүдэл суудал, ачаа тээвэрлэлт, романтик гондола гээд энэ хотын бүхий л амьдрал усан зам дээр буцалж буйг гайхширан зогсох нь Венецийг мэдрэх хамгийн содон агшин.

Усан замын хөдөлгөөн жирийн замын хөдөлгөөний нэгэн адил дүрэмд захирагдана, бөглөрнө, мөргөлдөнө, маргалдана. Жуулчин их очдог газрын нарийн уулзвар зам дээр бөглөрөл үүсэхэд гүүрэн дээрээс завьны жолоочтой хууч хөөрөх жуулчин, эсвэл цонхоор хашгирах уугуул иргэн цөөнгүй. 

Гэгээн Маркогийн талбайн буудал дээр вапоретто хоосорч жуулчид бууцгаана. Венецийн төдийгүй Европын үнэт зүйл болох энэ талбайг нэгэнтээ Наполеон “Зөвхөн тэнгэр л дээвэр нь байж болох хүндтэй, Европын хамгийн сайхан салон” хэмээсэн гэдэг. Энд Венец ахайтан далайн сүр хүчит их гүрэн байсан түүхийг гэрчлэх захиргаа,  шүүх байгууллагын төв болох Дожийн ордон нэг талд нь сүндэрлэж, жуулчдын урт дараалал өмнө нь байнга харагдах, төр шашны тэргүүн гэгээн хамба нарын харш, 1000 гаруй жилийн настай Гэгээн Маркогийн сүм зэргэлдээ нь дүнхийнэ. Хатан хаан Сиссигийн Венецэд байх үедээ бууж асан харшийн өрөө, улсын номын сан болон улс төр, түүхийн музей мөн л энэ талбайд оршдог болохоор Гэгээн Маркогийн талбайг Венецийн зүрх гэж нэрлэдэг байх. Харин би уг талбай дээрх 98,6 метр өндөртэй Кампанилле хонхот цамхагийг Венец ахайтны нүд гэж нэрлэнэ. Учир нь, энэ цамхаг хотын эргэн тойрныг бүхэлд нь харах боломж олгодог юм. Гёте энэ цамхаг дээр гараад Венецийн гоо сайхныг биширч байсан гэдэг. Тэртээх 912 онд баригдаж эхэлсэн цамхаг 1902 онд нурж унажээ. Тухайн үеийн техникийн боломжийн хүрээнд цамхаг нурсан шалтгааныг эрэлхийлсэн ч бодитой үр дүнд хүрээгүй тухай хотын захиргааны мэдээ, хэвлэлд дурдсан байдаг. Түүнчлэн цамхагийг барьсан суурь, усан доорх шон баганууд огт ялзраагүй, бат бөх хэвээрээ болохыг илрүүлжээ. Ингээд анх баригдснаас нь 1000 жилийн дараа 1912 оны 4 дүгээр сарын 25-нд сэргээн босгосон Кампанилле цамхаг нээлтээ хийж хонхон дуугаа дахин түгээж эхэлжээ.

Кампанилле

Цамхаг дээрээс Венец

Гэгээн Маркогийн талбайд манай гандангийн тагтаанаас зуу дахин олон тагтаа нисч бууна. Монголчууд буян үйлдэж тагтааг хооллон, хайрладаг бол Европчууд энэ шувууг “нисдэг харх” хэмээн үзэн ядна. Бохир бөгөөд өвчин тараагч болохоор тэр гэнэ. 100 мянга гаруй тагтаа ойролцоогоор 4 тонны хэмжээтэй баас үлдээж, хотын цэвэрлэгээний зардал дийлдэхээ больсон төдийгүй байшин барилгын хана, дээвэр, хөшөөг сүйтгэж байсны улмаас 2008 оны тавдугаар сарын 1-нээс тагтаа хооллохыг хуулиар чандлан хорьжээ. Хурим хийсэн хос гарч ирэхэд уламжлал ёсоор будаа цацдаг үйлийг ч Гэгээн Маркогийн талбайд хориглосон аж.  

Гэгээн Марко талбайн хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хэсэг бол Венецийн домогт кафе Флориан юм. 1720 онд үүдээ нээсэн энэ кафед нэгэнтээ Гёте, Бальзак, Томас Манн, Эрнест Хэмингуэй, Марк Твен нар сууж байсан гэж бодохоор цаанаа л нэг сэтгэлд бахтай. Пикассо, Ван Гог нарыг нэрд гарахаас өмнө анхны үзэсгэлэнг нь зохион байгуулж байсан Францын галерист Амбруаз Воллар энэ кафед мөхөөлдөс идэж байхад  зураач Эдвард Мане эхнэртэйгээ орж ирэн хажуу ширээнд нь суужээ. Эхнэрийх нь шүхэр унахад Воллар авч өгөн туслахад Мане талархаад: “Та франц хүн юм аа даа, бурхан минь, би энэ хотод ямар их уйдаж байна аа.” гэхэд эхнэр нь инээж Мане хүн цаашлуулах дуртай, Парис маягаар егөөдөж байгаа юм шүү хэмээсэн гэдэг. Эдвард Мане Венецэд байх хугацаандаа алдарт “Канал Гранде шонгууд” зургаа зурсан аж. Түүний хувьд эдгээр шон ёроолыг нь уруу харуулсан оргилуун дарсны шил юм гэнэ лээ. Харин миний хувьд айлын уяа мэт санагдана. Монголчууд морио уядаг шиг Венецчүүд завиа сойх аж.

Археологчид, түүхэн барилгын бүтээл хамгаалагчдын дунд өргөн хэрэглэгддэг saxa loquuntur буюу хөрвүүлбэл “Чулуу түүх өгүүлнэ”  гэсэн латин өгүүлбэр Венецийг тодорхойлсон мэт. Венец ахайтны өнцөг булан бүрийн чулуу түүх өгүүлнэ. Барилгын хана, газар, гүүрэн дээр чулуу, эсвэл хавтанд сийлсэн үг мөнөөх хана, чулуу ямар түүхтэйг илтгэнэ. Германы зураач Фейербах энд өөд боллоо, аав хүү Моцарт багт наадмын үеэр энд буудалласан, Вольфганг Амадеус Моцарт энд найзындаа зочилсон гэх мэт чулуун шигтгээнүүд, Вивалдигийн төрөлх өлгий,  Жиакомо Казанова, Пегги Гуггенхайм, Марко Поло гээд түүхэн танил хүмүүсийн нэрээр Венец тасрахгүй. Марко Поло эх нутагтаа буцаж очоод Төв Азийн эзэнт гүрний тухай, Хубилай хааны баялгийн тухай, олон сая хүн, олон сая хөрөнгөний тухай үргэлж өгүүлж, үл итгэм сая сая хэмээх үгийг хэрэглэсээр байгаад “Марко Милиони” гэх хочтой болсон гэдэг. “Корте дел милиони” нэрт Пологийн гэр бүлийн эдлэн өнөө ч Венецэд буй.

Венец хэтэрхий хуучин хэв маяг, эргэн дурсахуйн гунигт автуулаад байвал Канал Грандегийн эрэг дээрх шинэлэг, өвөрмөц өнцөг болох Пегги Гуггенхайм музейг зорьж, цуглуулгыг нь сонирхон, цэцэрлэгт нь саатан өөр нэгэн уур амьсгалыг мэдрээрэй. Музейн урд Марино Маринигийн  “Хотын тэнгэр элч” нэртэй хүрэл бүтээл Канал Гранде руу, гараа дэлгэн зогссон нь анхаарал татах вий. Хамба лам айлчлал хийх, гэлэнмаа нар завиар өнгөрөх үед хүрэл хөшөөний “өнөөхийг” шурагдаад авчихдаг гэсэн шүү. Труман Капотегийн дурсснаар Пегги Гуггенхаймд энэ хүрэл “тэнгэр элч”-ийн хэд хэдэн янзын урттай, шурагдаад авч, сольж болдог эрхтэний хувилбарууд шургуулганд нь байсан тухай  музейн тайлбарлагч танд жуумалзанхан хэлж өгөх вий.

Далайн усны түвшин нэмэгдэхэд Венец усанд автана. Усны түвшин багасахад мөн л тусгүй. Далайн цэвэр ус багасахад модон шонгууд хүчилтөрөгчтэй урвалд орсноос өмхөрч эхлэх аюултай аж. Усны түвшин ихэссэн үед жуулчид цөөрөх болов уу гэтэл үгүй. Гутлын гадуур өмсөх зориулалттай усны гутал, шүхэрний бизнес цэцэглэж Венец ахайтан улам өнгөлөг болно. 

Өдөр бүр усан зам дээр моторт завинууд давалгаа үүсгэх ба энэ нь байшингуудын хананы шаваас, шохойг идэж, байшин нурах явцыг түргэсгэдэг аж. Венец ахайтан жил ирэх бүр доош  суусаар. Далайн тойрон аяллын аварга хөлөг онгоцууд Венецийг дайран өнгөрч, өдрийн чанартай жуулчдын тоог улам ихэсгэдэг аж. Ийм хөлөг онгоцыг хөндлөнгийн жуулчид дуу алдан, зураг дарж угтах бол уугуул иргэд нэг нүдээрээ ч үзэхгүй. Учир нь, нэг ийм  хөлөг онгоц 15 000 машинтай тэнцэх хэмжээний хорт утаа ялгаруулж байгаль орчныг бохирдуулдаг байна. 

Очих бүрийд Венец өөр өөр сэтгэгдэл төрүүлнэ. Анхных шигээ бүгдийг сонжин, дахин харахгүй мэт зураг авах гэж тэвдэлгүй, тайван алхангаа энэ хотын увдисыг өөртөө нэг шингээгээд үзвэл урьд нь огт ирээгүй мэт сэтгэгдэл төрнө. Хэсэг хугацаанд бишүүрхэж байгаад эргэн дулаан уур амьсгалтай болдог хуучин танил мэт Венец ахайтан бид хоёрын харилцаа учрах бүр шинэ дүр зурагаар сэлбэгдэнэ. Гэвч нэг л мэдэхэд хойш тавьсан аппаратаа гаргаад анх очсон жуулчин мэт ахиад  л зураг авч эхэлнэ.

Kommentar schreiben

Kommentare: 1
  • #1

    Onon. (Montag, 08 Mai 2017 22:10)

    Really like it