Эрмесийн ертөнцөөр шагайхуй

Hermès гэх энэ брэндийг бид томоос том H үсгээр нь мэднэ. Гэвч эхний “Х”-г дуудалгүй Эрмес гэх нь цаанаа л нэг донжтой. Их үнэтэй, тансаг хэрэглээний брэнд гэхээс илүүг мэдэхгүй надад  Мюнхен хотын Урлагийн Ордонд дэлгэгдсэн гар урлалын үзэсгэлэнгийн үеэр Эрмесийн гар урлаачидтай нүүр тулан уулзалдаж, алдар нь түгсэн тэдгээр бүтээгдэхүүн хэрхэн бий болдгийг нүдээр үзэх завшаан тохиосон юм. (Гар утасны зураг тул чанар муу уучлаарай. Энэ үзэсгэлэнгээс хойш сайн камертай болъё гэж шийдсэн)

Үнэ цэнэ, чанараас гадна Эрмес хэмээх нэрийг гар урлалаас ангид ойлгох боломжгүй аж. Эрмесийн нэрийг зүүх бүтээгдэхүүнүүд асар их сэтгэл зүрх, хөдөлмөрөөр бий болох агаад чухам ийм л гар ажиллагаа Эрмесийн нэр хүнд ба оршин байхын үндэс болдог байна.

Морины суран тоног хэрэгсэл хийдэг Тьерри Эрмесийн 1837 онд үүсгэн байгуулсан энэхүү фирм удам дамжсан, гэр бүлийн компани юм. Тэгэхээр анхны үйлчлүүлэгчид нь морьд байжээ. Тэд морины  тоног, хөллөгөө, хазаарын хэрэглэл цаашлаад эмээл хийх болов. Гэвч 1890-ээд оноос, техникийн дэвшил болох машин, галт тэрэг зэрэг нь морь хөллөсөн сүйх тэргийг орлох болж,  хазаар тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ буурснаар сайн чанарын ширэн чемодан, аяны цүнх хийж эхэлжээ. Өдгөө Эрмес алдарт Келли, Биркин цүнх болон дөрвөлжин, торгон алчуураараа алдартай билээ.

Франц даяар тархсан Эрмесийн урлангууд Парис, Лион, Нонтрон, Ницца зэрэг хотод байрлах агаад нэг урлан нь зөвхөн бээлий хийдэг байхад нөгөөх нь цүнхээр дагнах жишээтэй. 3900 орчим гар урлаачид Эрместэй нэгэн гэр бүл мэт нягт холбогдож, нэг, хоёр, зарим нь бүр гурван ч үе дамжин ажиллаж байгаа гэнэ.

Эмээл нь Эрмесийн нэрийн бүтээгдэхүүн бөгөөд хамгийн сайн чанарын арьсан эмээлийг уламжлалын дагуу өдгөө ч гараар урласаар байна.

Барууны ертөнцөд алчуурыг нэлээд эртнээс хэрэглэсээр иржээ. Эртний Грек, Ромд эрчүүд нүүрээ арчих зорилгоор жижигхэн алчууртай явдаг асан бол XVI зуунд бүсгүйчүүд хайр сэтгэлийн баталгаа болгон амрагийнхаа алчуурыг нандигнан хадгалдаг байв. XIX зуунд цэргүүдэд зориулсан, дээрээ заавар зураг бүхий алчуур тараадаг байж. Үүнийгээ зөвхөн цэргийн хэрэглээнд бус тариачин бүсгүйд жимс, дарс зөөвөрлөхдөө алчуураа зангидан тор болгох, болзсон бүсгүйгээ өвсөн дээр суулгахдаа дэвсэж өгөх, нарнаас хамгаалан толгойдоо зангидах зэргээр ашигладаг байв. 1920-иод оны дунд үед элдэв хээтэй ороолт, алчуур хэдийнэ моод болсон ч Эрмесийн удам залгамжлагч, Тьерригийн ач хүү  Эмил Эрмес, түүний хүргэн Роберт Дюма нарт төдий л таалагддаггүй байсан учраас тэд шинийг эрэлхийлсээр байв. Ингээд  XIX зууны жокей нарын, биед хөнгөн хувцасны материал болох торгоор Наполеоны цэргүүдийн авч явдаг байсан шиг алчуур хийх санаа гаргажээ. 1930-аад оноос анхны торгон дөрвөлжин алчуур дээрээ Эрмесийн гарал үүсэлтэй салшгүй холбоотой морь, сүйх тэрэг, морьтон гэх мэт зургийг торгон цоолтуур ашиглан гараар буулгасан байна.

Эрмесийн 90х90 см хэмжээтэй торгон алчуур дөрвөлжин хэлбэрээрээ Карре  /Carré- францаар тэг дөрвөлжин/ гэж нэрлэгддэг ба эдүгээ эрхэмсэг бүсгүйчүүдийн салшгүй нэгэн гоёл болжээ. Олны бишрэл, эрин үеийн нүүр царай болсон Одри Хепбөрн, Жакки Кеннеди, Роми Шнайдер нар энэ л дөрвөлжин алчуурыг дуртайяа зүүдэг байсан нь Карре алдаршиж, сонгодог гоёо болоход нөлөөлсөн юм.

Энэхүү сонгодог алчуурын загварыг гаргаснаас хойш дээр нь зураг буулгаж, бэлэн болгох хүртэл 2 жил шаардагддаг гэвэл та итгэх үү? Юм бүхэн өмнөхөөсөө хурдасч буй энэ цаг үед зориуд уужуу тайван хандаж, уламжлалаа хадгалахыг эрхэмлэсээр байгаагаа Эрмесийн ажилчин Себастиан Дэсилис торгон алчуур хэрхэн бий болдогийг тайлбарлангаа дурдсан юм. Метал хүрээ ашиглан 25-46 төрлийн өнгөөр алчуурын хээг гараар буулгадаг байна. Өнгө бүрт нэг хүрээ ноогдох бөгөөд хээ бүрт зориулсан мяндсан торыг жаазанд бэхэлнэ. Уг мяндсан торон дээр зурсан хээний дагуу будаг алчуур дээр буух аж. 

Лион хот дахь алчуур үйлдвэрлэлийн тэнхимд 100 метр урт ширээн дээр энэ бүх үйл явц өрнөх бөгөөд тасалгааны дулааны хэмийг тохируулж,  агаарыг цэвэршүүлэн шүүдэг байна.Эс тэгвээс торгон алчуур дээр тоосны ширхэг буух аюултай гэнэ. Миллиметрийн л зөрүү гарвал, бас тавьсан хөвөөндөө багтааж будгаа буулгахгүй л бол алчуур чанарын шалгуур давахгүй.

“Энэ арга барил бол дэлхийн хамгийн ярвигтай, ажиллагаа их шаардсан техник. Гэвч үр дүн нь хамгийн сайн  болохоор бид хэрэглэсээр байдаг юм” хэмээн Десилис бахархалтайгаар өгүүлнэ. Дунджаар 12 жааз сольсны эцэст алчуур дээрх зураг бэлэн болох ба эцэст нь будаг тогтворжуулагч бодис шингээн бэхжүүлэх аж.

Энэхүү үйл явцын эхэнд алчуур дээр торгон цоолтуураар буулгах зураг, хээнийхээ эсгүүр хэвийг сийлж эхэлнэ. Алчууранд хэрэглэх торго л гэхэд бараг хагас зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж буй уламжлалт түнш, бразилийн торгны фирмээс ирнэ. Эрмес урланд хэдийнэ танил болсон нэгэн томьёолол бол                “1 эрвээхэй꞊1 дөрвөлжин алчуур” юм. Учир нь нэг эрвээхэй 300 өндөг гаргаж, 2 ялам модон дахь 300 хүр хорхойн үүрнээс 450 000 метр торгоны мяндсан утас гаргаж авдаг ба түүгээр нэг дөрвөлжин алчуур хийдэг аж. 

300 хүр хорхойн үүрнээс 1 дөрвөлжин алчуурын мяндсан торгон утсыг гаргаж авна.

Цагтаа зааны яс, морь эсвэл эрдэнийн чулуугаар л сольж авдаг үнэтэй  байсан торго хэмээх энэ тансаг эд зөөлөн, уян бүтэцтэйгээс гадна ямар ч өнгийг хамгийн тодоор гялалзуулах чадвартай. Чухам энэ л чанарыг нь ашиглан Эрмес торгон алчуур үйлдвэрлэх болжээ. Алчууран дээр мөнхлөх өнгө, будгийг Эрмес мөн л өөрсдөө найруулах бөгөөд ингэхдээ нунтаг будгийг хутган араб давирхай нэмэн өтгөрүүлдэг аж.

Дөрвөлжин алчуур дээрх зураг бүр түүх өгүүлнэ. Олон улсын уран бүтээлчид өнөөдрийг хүртэл 2000 гаруй зураг бүтээсэн ба тэдгээр нь ихэнхдээ морьд, аялал, хөгжимтэй холбоотой  аж. Эрмес рүү хэн ч өөрийн бүтээлийг илгээж болно. Гагцхүү алчуур дээр залрах зураг онцгой нэгэн түүх өгүүлэх шаардлагатай. Монгол зураачид өөрийн бүтээлийг илгээгээсэй гэх бодол төрж билээ. Бидний бахархал болсон морь, морьтон ардын түүх Эрмесийг Монголтой нягт дотноор холбож чадна шүү дээ. 

Эрмес мөн торгон зангиагаараа алдартай. Зангианы торгон дээр алчуурын нэгэн адил арга техникээр хээ буулгах ба нугалж индүүдсэн, ширхэглэсэн хэсэг бүрийг сүүлд нийлүүлэн оёдог аж.

Эрмесийн цаг үйлдвэрлэл. Мөн л өөрсдийн бий болгож, хөгжүүлсэн техникээр  300 орчим ширхэг эдийг цуглуулан угсардаг

Эрмесийн савхин бээлийг мөн уламжлалт аргаар, гараар урладаг

Миний гарт тааруулж савхин бээлий хэрхэн эсгэхийг энэ урлаач харуулсан юм

Эрмес гэх нэрийг сонсоод нэн түрүүн санаанд орж ирдэг зүйл бол Келли цүнх. 1935 онд гараар урласан энэхүү арьсан цүнх ёроол хэсэгтээ газар тавихад зориулагдсан дөрвөн жижиг төмөр тулгууртай, дээрээ нэг бариултай, хэт их гоёл чимэглэлгүй, энгийн, аяллын зориулалттай байв.Тиймдээ ч цоож, түлхүүртэйгээр бүтээгдсэн уг цүнх удаан хугацаанд лангууны ард хэвтсэн гэдэг. 1956 онд Холливудын үзэсгэлэнт од, Монакогийн гүнж Грейс Келли мөнөөх цүнхийг барьсан зураг сэтгүүлд нийтлэгдсэнээр цүнхний хувь заяа огцом эргэсэн байна. Грейс Келли уг цүнхнээс өнгө өнгөөр захиалж, байнга барьдаг байсан нь цүнхний гүйлгээг илт нэмжээ. Ийнхүү  анх бүтээгдсэнээсээ 21 жилийн хойно Келли хэмээн нэрлэгдэх болж эдүгээ хамгийн ихэмсэг, дэгжин,дээд зиндааны эмэгтэйд байх ёстой аксессуарын нэг болжээ. Өдгөө Келли цүнхийг найман өөр хэмжээтэйгээр, 20 гаруй төрлийн түүхий эдээр, 200 гаруй загвараар үйлдвэрлэдэг. 

Үзэсгэлэнд тавигдсан Келли цүнх

Нэг цүнхийг нэг гар урлаач л дагнан бүтээнэ. Жил бүр арьс шир, бусад түүхий эдээ Франц дахь үйлдвэрлэлийн урландаа захиалан авч ирдэг. Эрмесийн хувьд арьс бол зүгээр л нэг арьс биш ээ. Түүхий ширийг эмэгтэй хүний элегант цүнх болгохын тулд 20 гаруй үе шат дамжин боловсруулна. Шат бүр нь тогтсон дэс дараа, нарийн дэгтэй. Бид нүүрнийхээ арьсанд анхаарал тавьдаг шиг л Эрмес арьс ширээ хальслагч, гуужуулагч, массажлагч гэх мэт олон үе шатаар боловсруулан зөөлөн толигор болгодог байна. Арьс бэлэн болсны дараа эсгүүрт орох бөгөөд бүх эсгүүрийг дугаарлан ямар цүнхэнд хэрэглэгдэх вэ гэдгээр нь ангилдаг.  Эцэстээ  гар урлаачид ирж 36 эсгүүрийн хэсгийг нийлүүлж байж 20 гаруй цагийн дараа Келли цүнх бэлэн болно. 

Мэдээж, Эрмесийн өөр нэгэн алдартай бүтээл болох Биркин цүнхийг мартаж болохгүй.  1980-аад оны эхээр Францын жүжигчин, дуучин, үзэсгэлэнт Жейн Биркин, тухайн үед Эрмесийн тэргүүн асан Жон Луи Дюма хоёр Парисаас Лондон орох нислэгээр онгоцонд таарчээ. Жейн түүнд байнга барьдаг том сагсаа үзүүлээд, аялалд зориулсан, иймэрхүү зай ихтэй ширэн цүнх байдаг ч болоосой гэсний дагуу Жон Луи нислэгийн үеэр амны цаасан дээр цүнхний загвар ноороглож эхэлснээр Биркин цүнх төрсөн түүхтэй. 1984 онд зах зээлд гарсан Биркин цүнх Келлиг бодвол спортлог, чөлөөт загвартай бөгөөд хоёр бариулыг нь цүнхний дээд хэсэгт бус хажууд байрлуулснаар цүнх онгорхой байсан  ч гартаа зүүх боломжтой болжээ. Биркинийг хийх арьс шир Келли цүнхний нэгэн адил бартаат урт замыг туулж, нэг л гар урлаачийн гараар дагнан бүтээгдэнэ. Хэмжээнээсээ шалтгаалан 72 цагийн хөдөлмөр шингэж байж бүтдэг энэ цүнх долоо хоногт ердөө хоёр ширхэг л үйлдвэрлэгддэг байна. 

Хажуу талдаа бариултай Биркин цүнх ба дээрээ бариултай Келли цүнх. ©инстаграм Киара Феррани

 

Өнгө будаг, түүхий эд, мяндас торго холилдсон өнгөлөг үзэсгэлэнгээр аялсны дараа үлдсэн сэтгэгдэл гэвэл бишрэл байлаа. Өнөөдрөөс эхлээд миний хувьд Эрмес хэмээх энэ нэр тансаг хэрэглээний брэнд бус гар урлалын төгөлдөршилт, уламжлал, үнэ цэнэ, зарчмын цогц боллоо. Ингэж л урлагийн бүтээлийн түвшинд нямбай чамбай урладаг болохоор газар газрын эрхэмсэг хатагтай нар нийгэмд эзлэх байр суурийнхаа илэрхийлэл болгон Эрмесийг эргэлзэлгүйгээр сонгодог биз ээ. 

Kommentar schreiben

Kommentare: 2
  • #1

    Degi (Samstag, 29 Oktober 2016 09:04)

    Sonirholtoi goe niitlel baila. Bayrlalaaa

  • #2

    zolzaya (Freitag, 05 Mai 2017 13:53)

    tanii bloggiig unuudur l bdag gej medlee. hojuu medsendee jaahan haramsav. gehdee uunees hoish bainga unshij bn aa. mash ih sonirholtoi niitlel zurag tuuhuud bn. ta udaan urgeljluuleerei. amjilt husey. ulger duurialal awmaar saihan egch bn aa.