Хамбург хот миний дуранд

Хамбург бол Берлиний дараа ордог Германы хоёр дахь том хот юм. Сая найман зуун мянга хүрэх гэж буй хүн амтай энэ том хот руу би гурван удаа аялж байсан бөгөөд очих бүрд шинэ дүр төрхтэй, анх удаа очиж буй мэт санагдана. Магадгүй нэг удаа очихдоо хэдхэн хонодог болохоор эргэж очиход танил биш байдаг байх.

Гэвч амралтын өдрүүд тааруулан хоёрхон хоногоор очсон ч их зүйлийг үзэж амждаг Эльба мөрөн дээрх энэ хотын дүр төрхийг дурандаа буулгасан зургуудаа та нартайгаа хуваалцъя. 

Хамбург бол Германы хамгийн том боомт хот. Хааяагүй ус цалгиад л, усан онгоцнууд зөрөлдөөд л. Хоттой хоёр зээрдээрээ эсвэл унаагаар танилцаж, эх газрын Хамбургийг мэдэрчихээд боомтыг тойрох жижиг завин аялал заавал хийж үзээрэй. Усан дээр ийм ойрхон хөвж, боомтын амьдралыг мэдэрснээр усан дээрх Хамбургийн өөр нэгэн дүр төрхийг нээх болно.

Монгол руу контейнер явуулна гэж нэг иймэрхүү л юм болдог байх даа.

Хамбург бол мюзиклийн өлгий нутаг. Сайхан бүтээлүүд энд төрж, сая сая үзэгчдийг дуудна. Хамбургт зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг бол Боомтын Театрт мюзикл үзэх. Зорьж очиж үзэх бол тасалбараа эртхэн захиалсан нь дээр юм байна лээ. Би ээждээ Хамбург хотыг үзүүлээд орой нь шууд мюзикл үзэх шийдвэр гаргасан юм. Тасалбар тулгаж худалдаж авахаар нэг бол хамгийн хойно эсвэл захад, үгүй бол хоёр зэргэцээ суудал олдохгүй байх эрсдэлтэй. Ээж бид хоёр өөр өөр эгнээнд цуварч суусан. Боомтын Театрт зөвхөн усан онгоцоор очино. "Араатны хаан Арслан" мюзиклийн сурталчилгаа бүхий усан онгоцоор театрт эртхэн очиж дээд давхар дахь зоогийн газар суувал цонхоор усан дээрх боомтын амьдралыг харж, Хамбургийг тольдох нэгэн сайхан боломж болно шүү. 

Хамбургт заавал хийх дараагийн зүйл бол Алстер мөрөн дээр алжаалаа тайлах. Энэ оргилуурыг дээрээс эсвэл дэргэдээс харангаа задгай кафед суун амрах, Хамбургийн ил захидал худалдан авсан бол тэнд сууж бичвэл хамгийн тохиромжтой газар шүү.

Уран барилгад дуртай бол Хамбург таны нүдийг баясгагч мөнөөсөө мөн. Боомтын эргэн тойронд тэр чигээрээ нэр бүхий архитекторуудын бүтээл ярайна. Хамгийн их дуулиан тарьсан, одоо ч тарьж байгаа барилга бол дараах барилга. Элбфилармони буюу товчхоноор Элфи хэмээн нэрлэгдэх энэхүү концертийн танхимийг алдарт Херцог&Демойрон архитекторууд зохион бүтээсэн байна. Бүтээсэн ч гэж бүтээж байгаа гэвэл илүү оновчтой. 2007 оноос баригдаж эхэлсэн энэ барилга баригдаж дуусдаггүй, өндөр өртөгтэй гэдгээрээ дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй дуулиан тариад амжсан. Анх бариулах төсөлд Хамбург хотын зүгээс 110 сая евро зарлагадах төлөвлөгөөтэй байсан бол 3 жилийн өмнө хэдийнэ 580 сая орчим евро зориулагдсан бөгөөд 2010 онд дуусах ёстой байсан барилга өнөөг хүртэл дуусаагүй л. Баригдаж дуусахад бараг 800 орчим сая евроны өртөг гарах байх гэж тооцоолж буй аж. 2014 оны Венецийн Архитектурын Биенналед явж байхдаа энэ барилгын төсөл, түүний өртөг хэрхэн өссөн тухай бүхэл бүтэн үзэсгэлэн гаргасан байсантай таарсан. Архитектурт дуртай хэн бүхний зорьдог Хамбургийн энэ цэгт архитектур сурдаг оюутнууд судалбар хийж байхтай удаа бүр таарна. Юутай ч 10 жил баригдаад, арав дахин их өртөг гаргасан 110 метр өндөр энэ танхим ирэх жил нээлтээ хийснээр Хамбургийн нэр хүндэд сайнаар нөлөөлж, олон мянган үзэгчдийг татах байхаа.

Хамбургийн уран барилгууд уламжлалт болон орчин үеийн хэв маягийг ёстой л зэргэцэн оршоосон, сонирхолтой болохыг дараах зургуудаас хараарай. Аливаа хотын дүр төрхийг бүрдүүлэхэд барилга байшингууд нь чухал болохоор өөрийн эрхгүй архитектур сонирхдог болдог юм байна. Урлагийн нэгэн адил баялаг нэгэн салбар аж.

Эльба мөрөн дээрх уур амьсгал

Германчууд ер нь нарлах дуртай ард түмэн. Нар гарвал хаана нар тусаж байна тэнд суугаад л, ихэвчлэн задгай кафе наранд ээн элдвийг хүүрнэлдэнэ. Хамбургийнхан Эльба мөрний эрэг дээр ингэж суух дуртай. Дунд нь орж сууж байж л жинхэнэ Хамбургийн уур амьсгалыг мэдрэнэ шүү дээ.

"Энэ хотын дөчин мянган хөвүүд та бүхний төлөө амиа өгсөн" хэмээх бичигтэй Дэлхийн нэгдүгээр дайнд үрэгсдийг дурссан хөшөө. Маш их тоо шүү, дайны хар мөр гэж. Энх цагийг эрхэмлэн, үнэ цэний нь мэдэрч, талархаж  яваарай гэдгийг сануулах захиас.

Намайг нийгмийн сүлжээгээр мэддэгүүд нь андахгүй дээ, хаа яваа газраа шувуу хооллож явдгийг. Шувуу хооллох, тэднийг ажиглах их дуртай. Зарим газар шувуу хооллох хориотой, 500 хүртэл евроны торгуультай байдаг юм. Ихэнхдээ хориглосон самбар байхгүй л бол талх, жигнэмэгээ гаргаж ирээд л орчноосоо хэсэг тасарна. 

Хамбург хот миний дуранд нэг иймэрхүү өртсөн. Та нарт таалагдсан бол очиж үзэх хотуудынхаа нэгэнд оруулаарай. Хэрэв Хамбургийг мэддэг бол өөр таалагддаг цэгүүдээсээ хуваалцаарай. 

Kommentar schreiben

Kommentare: 0