Хавар цэцэглэх Алтанзул

Дөрөвдүгээр сарын дундаас тавдугаар сарын дунд хүртэл Германд хааяагүй алтанзул цэцэг дэлгэрнэ. Энэ үеэр Баварийн ийм алтанзул цэцгийн талбайн хажуугаар зүгээр өнгөрөхийн аргагүй гоё бөгөөд алаг цэцэгс өөрсдөө ямар ч зарын самбараас илүү сурталчилгаа болно. Машинтай давхих нэг нь түр зогсож гэртээ харих замдаа цэцгийн талбайн шинэхэн алтанзул огтлон авдаг бол би хэрэг болгон агаарт гарангаа ягаан дугуйгаараа жийж очоод л цэцгээ түүнэ. 

"Алтанзул цэцэгс. 10 ширхэг нь 5 евро. Та бүхэн үнийн дүнг үнэнчээр кассны хайрцагт хийнэ үү! Өнгөт цоморлиг нь цухуйж буй бол та тэр ишийг огтолж болно. Хэдийнэ дэлгэрсэн алтанзул ч гэсэн вааранд удаан амьдарна. Алтанзул цэцгийг бусад цэцэгтэй холилгүйгээр тусад нь вааранд хийнэ үү! Эдгээр цэцэгс вааранд хэдэн см нэмж ургах болно." гэсэн ийм нэгэн жижиг самбар цэцгийн талбайн урд зоолттой. Өөр ямар ч худалдагч, хянагч үл харагдана. Гагцхүү худалдан авагчид жижиг огтлогч хутга барин талбай дундуур цэцэгс сонгон тонгойхтой таарна.

Ингээд өөрийн дураар цэцгээ сонгож огтлон аваад хутгаа буцааж өлгөн, шонд өлгөөтэй кассны хайрцагт мөнгөө хийнэ. Энэ шон дээр "Үнийн дүнг энд хийнэ үү, баярлалаа" гэсэн байхаас гадна энэ цэцэгсийг тариалагчийн нэр утастайгаа байна. Цэцэг олноор захиалах ч юм уу элдэв санал хүсэлт, гомдол юу л байна хандах эзэн нь хэн бэ гэдгийг ил тод харуулж байгаа нь энэ. Баваричууд бусдын хөдөлмөрийг үнэлдэг сайхан ард түмэн, мөнгөө төлөхгүй гэх айдас энд байхгүй. Талбайгаа хянан өдөржин зогсож, цаг алдаж байснаас ургуулсан цэцэгс нь өөрсдийгөө борлуулж байх хооронд өөр тариалангаа эрхэлж байсан нь цаг хэмнээд ашигтай байдаг давуу талтай байх даа.

Цэцгийн талбайгаар би нэг бус удаа эргэлдэнэ. Айлд зочлохдоо бэлэглэх цэцгээ, эсвэл гэрээ чимэглэх гээд шалтаг мундахгүй.

Зөвхөн цэцгийн талбайд ч бус бусад газар өдийд алтанзул бүрэн дэлгэрч өнгө оруулна. Энэ Мюнхен хотоос ойролцоогоор 35 км-ийн зайд орших Аммер нуурын эрэг орчмыг чимэх алтанзул цэцэгс.

 

Түүнчлэн хүнсний дэлгүүрийн кассны дэргэд өдийд алтанзул цэцэг баглаа баглаагаараа алаглан байж байдаг. Гадаа зөнгөөрөө ургах алтанзулыг бодвол дэлгүүрээс авдаг алтанзул жижгэвтэр, арай хээнцэр. Хүнсээ цуглуулчихаад хажуугаар нь зүгээр өнгөрч чадахгүй кассанд ээлжээ хүлээнгээ авдаг л эд дээ. Нөхөр маань ч дэлгүүр орвол цэцэггүй ирнэ гэж байдаггүй.

Хадам аавынхаа урланд очиж цай уух зуур шар алтанзул цэцгээр нь бас гангараад авсаан :)

Алтанзул цэцэгс гэрт гоё чимэг болж амь оруулдаг шүү, тийм ээ?

Инстаграмдаа зураг авахад минь алтанзул цэцэгс хавар жинхэнэ сайн оролцон тоглогч болно.

Цэцэрлэгтээ юм уу тагтан дээрээ тарихаар суулгах зориулалттай, үндэстэй нь ингэж бас авдаг юм байна лээ. Би энийг бэлгэнд авч байсан, даанч тарих зав гаралгүй энэ сагстай нь байлгасаар байгаад дууссан.Услаад л байгаад байсан, овоо уддаг юм байна лээ. Алтанзул цэцэг харин вааранд сарнайг бодвол богино насалдаг юм.

Алтанзул цэцэгсээр амьсгалсан энэхүү богино бичвэрээ өндөрлөе. Энэ цэцэгт дуртай хүмүүсийн нүдийг багахан ч гэсэн баясгасан байх гэж найдья. Арван жилийн ангид маань Алтанзул гэж нэрэндээ таарсан хөөрхөн охин байдаг байсан, ийм нэртэй бүсгүйчүүд Германд хавар цагт ирвэл цэцгийн талбайгаар нэрийн цэцгээ түүгээд явах нь байна ш дээ ;) Алтанзул цэцгийн орон гэгдэгч Голландийн цэцгийн талбайг манай Баварийнхтай харьцуулшгүй байх. Гэхдээ би байгаа зүйлийнхээ сайн сайхныг мэдэрч үнэлэх дуртай. Наддаа л сайхан том талбай байгаа юм энэ. Дараагийн цэцэгсээр уулзацгаая, 

Kommentar schreiben

Kommentare: 2
  • #1

    Narangoo (Montag, 23 Mai 2016 04:57)

    үнэхээр гайхалтай, хараад л баймаар.... очиж наагуур чинь алхах юмсан :-)

  • #2

    Бямбаа (Sonntag, 25 November 2018)

    Бэлгэнд авсан Алтанзул цэцэгээ хурдан үхүүлчихээд бх юм аа, яаж удаан гоёор нь байлгах вэ.