Улаан өндөгний баяр-өндөг будалт

Хаврын анхны тэргэл сарнаар Германд улаан өндөгний баяр тохионо. Олон улсын харилцааны оюутан байх үед Германаас ирсэн залуухан дадлагын багш, хожим бидний дотны эрхэм анд болсон Берни их сургуулийн хоёрдугаар байрны дэргэдэх гадаа хашаан дотор өмнө нь бэлдэж, будсан өндөг, чихэр, амттан нууж, биднийг баг болгон хайлгуулж, хамгийн их өндөг, амттан цуглуулсан нь түрүүлнэ гэснээр тэр хавийн хатсан бут, хагдарсан өвсийг тэмтчин бараг л хог цаасан дунд өндөгний эрэлд гарч байснаар Улаан өндөгний баяртай анх танилцаж байж билээ. Германд анх ирээд дөрөвдүгээр сард ихэвчлэн тохиодог энэ баяраар хаа сайгүй шоколадан туулай, өндөг харагдаж, хичээл ажил амардаг байсан нь ийш тийш аялах, Европын өөр нэгэн хот руу айлчлах боломж олгодог байв. Харин одоо бол энэ баярыг хүсэн хүлээдэг, мөн утгаар нь тэмдэглэдэг болсон. Хэдийгээр энэ нь шашны баяр боловч заавал шашин номд авталгүй соёл гэсэн талаас нь авч үзвэл гүн утгатай, сайхан баяр юм. Сурч, амьдарч буй газрынхаа ёс заншилтай танилцах нь бидний харааг л өргөтгөх болохоос бид бусдын ном шашинд автаж, монголоо алдаж буй хэрэг огтхон ч биш. 

Германаар “Ostern” гэх энэ баяр нь Есүсийн дахин мэндэлсэн өдрийг тэмдэглэж буй баяр бөгөөд манай цагаан сар шиг жил бүр өөр өдөр, хаврын эхний тэргэл сар хэдийд тохионо тэр үед таардаг аж. Ихэнхдээ дөрөвдүгээр сард таарч байсан бол энэ жил гуравдугаар сарын 27-нд тохиож буй. Есүсийн дахин мэндэлсэн ням гаригийг тэмдэглэхдээ өмнө нь олон хоног  мацаг барьж, хаврыг угтсан цэвэрлэгээ хийж, сүмд өнгө орох бөгөөд Есүсийн загалмайд хадагдсан өдрийг гашуудан баасан, бямба гаригт дуу хуур, бүжиг наадмыг цээрлэдэг байна. Баярын ням гаригт сүсэгтэй нэг нь сүмд очиж ёслол үйлдээд, гэр бүлээрээ мацаг дууссныг илтгэн үдийн зоог хамтдаа барих бөгөөд хүүхдүүд өндөг хайж гүйлдэнэ. Би ч дутахгүй сагсаа бариад гэртээ “туулай” нөхрийнхөө нуусан өндөг, чихэр тэргүүтэнг хайж гарна шүү дээ.

Надад бол Ostern гэж чухам юу гэсэн үг болох, яагаад энд тэндгүй туулай байж байдаг, яагаад өндөг буддаг нь их сонирхолтой байсан юм. “Остерн” гэдэг нэр томьёоны талаар олон янзын тайлбар байдаг. Германы “Хаврын болон үржил шимийн охин тэнгэр Остара”-д зориулан хаврын анхны том баярыг тэмдэглэдэг байснаас үүдэлтэй гэж үздэг нэг хэсэг байхад үүр цайх, наран ургах мөч гэсэн эртний герман үгээс гаралтай гэж тайлбарлах нөгөө хэсэг байна. Наран ургах зүг болох зүүн зүгт нар мандах тэр мөчид Есүс эх дэлхийд эргэн ирдэг гэдэг тул зүүн зүг гэсэн үгээс гаралтай гэж зарим нь тайлбарладаг. Сүмийн хаалгыг зүүн зүг харуулан барьдаг байсан нь үүнтэй холбоотой аж. 

 

Яагаад заавал туулай өндөг авчирч нуудаг вэ гэвэл туулай нь хавар хамгийн түрүүн үр төлөө гаргадаг амьтдын нэг болохоор үржил шим, дахин төлжилт, амьдралыг бэлэгддэг аж.  Мөн туулай нь сарны амьтанд хамаардаг тул тэргэл сарны баяр болох улаан өндөгний баярын бэлэг тэмдэг болсон гэх.  Түүнчлэн туулайг Христийн бэлэг тэмдэг гэж үздэг байна. Хавар болоход туулай хоол хүнс хайн, айл хот руу, цэцэрлэг рүү нь  ойртож, энд тэндгүй харагддаг болсонтой холбогдуулан туулай өндөг нуусан гэж хүүхдүүдэд тайлбарладаг болсон ч байх магадлалтай аж. 

Яагаад өндөг нуудаг вэ гэвэл өндөг нь мөн адил үржил шим, шинэ амьдралыг бэлэгддэгтэй холбоотой. Есүсийн дахин мэндэлж буйг өндөгтэй зүйрлэж, хагархай өндөгний хальсыг түүний булш хэмээн зүйрлэдэг тохиолдол бий. Дундад зууны үед тариачид эзэндээ татвар төлөхдөө өндөг өгч байсан нь яваандаа найз нөхөд, хүүхдүүддээ өндөг өгдөг, өндөгний бэлэг тэмдэг болох үржил шим, амьдрах хүчийг тэдэнд ерөөдөг уламжлал болсон аж. Зарим эх сурвалжид баярын өмнөх мацаг барилтын үед өндөг олноор илүү гарч, тэдгээрийг хаяж үрэгдүүлэхийн оронд чанаж, будаад баяраар хэрэглэх болсон гэж дурдсан нь бий. 

Гэрийн чимэглэл ч мөн адил өндөг, туулайгаар дүүрнэ.

Есүс хүн төрөлхтнийг аврахын тулд цусаа урсгасан явдлыг үл умартан, эргэн санахын тулд өндөгийг анх зөвхөн улаанаар буддаг байжээ. Тийм болохоор монголоор улаан өндөгний баяр хэмээн нэрийдсэн болов уу. Хожим залуу нас, гэм буруугүй чанарыг бэлгэдэн ногоон өнгөөр, гэгээрлийг бэлгэшээн шар өнгөөр, хүч чадал, урин дулааныг бэлгэдэн улбар шар өнгөөр буддаг болсон байна.

 

Өндөг будах нь энэ баярын миний хамгийн дуртай хэсэг. Аз болж өдгөө зөвхөн улаан, ногоон өнгөөр бус алаг эрээнээр, олон янзын сэдэвтэйгээр чимэглэн буддаг болжээ.  

Анх эрээн мяраан замбараагүй буддаг байсан бол жил бүр тодорхой сэдвээр буддаг болсон юм. 

Гурван жилийн өмнө ингэж будаж байж.

Хоёр жилийн өмнө дараах маягаар будаж байсан.

Шанелийн өндгөндөө дуртай байсан гэж :)

Харин энэ бол өндгөн дээрх Пикассо. Нөхөр маань зурдаг болохоор намайг бодвол арай дээгүүр түвшинд урлана ;) 

Хамгийн сүүлд элдэв эрээн өнгөнөөс татгалзаж зөөлөн өнгөөр будаад, өөртөө таалагдсан загварын зургуудыг харж байгаад дуурайж зурж үзсэн юм.

Дэлгүүрээс хүнсний будагаа бэлэн аваад, өндөг чанаж бэлтгэнэ.

Энэ будаг угаахад арилдаг тул будсан саваа хэзээ ч угаагаад арилгаж болно. 

Ийм гоё зөөлөн өнгөтэй болсон.

Өндөг будахад зориулсан ийм зүйл хямд байдаг юм байна лээ. Би гэхдээ эдгээр будгийг хэрэглээгүй, жирийн акрил будаг, өөрийн хэрэглэдэг бийрээ ашиглаад дадчихсан.

Ийм болсон. Жил ирэх бүр сайжирч байна уу миний өндөгнүүд?

Ингээд та нартаа Улаан өндөгний баярын мэнд хүргэе. Энэ баярын тухай мэддэггүй байсан нь нэг ч гэсэн зүйл шинээр олж мэдсэн байх гэж найдаж байна. Амжвал энэ бямба, ням гаригт үгүй бол ирэх жил өндөг будаж үзээрэй, гэр бүлээрээ, найзуудтайгаа, хүүхдүүдтэйгээ ширээ тойрон суунгаа будвал маш зугаатай шүү. 

Kommentar schreiben

Kommentare: 6
  • #1

    Urna (Samstag, 26 März 2016 08:37)

    Mash heregtei medeelel oruulj undugnuudee ulam l goy buddag bolson bn shuu bayarlalaa Chansy:)

  • #2

    Урнаа (Sonntag, 27 März 2016 12:11)

    Манай энд цагаан өндөг их ховор бдаг юм. Үнэ нтр нь адилхан гэхдээ ихэнхдээ бор өндөгнүүд. Анх ирсэн жилээ өндөгний баяраар л анх цагаан өндөг харж бж билээ. Хэлний бэлтгэлд бхад багш маань гадаад оюутнууд гээд өндгөн дээр тамгалдаг янз бүрийн зурагтай тамга авчирч анх будаж үзэж блаа. Бор өндгөн дээр царай муутай болдог юм бна лээ хэхэ. Миний хувьд өндөгний баяраар өөрөө өөртөө туулай болоол дуртай шоколадаа сайн иднэ дээ. Харин дэлгүүрт орохоор бөөн баяр болсон хүүхдүүд янз бүрийн туулай, өндгөн шоколад сонгоод л хүүхдүүдийн хамгийн дуртай баярын нэг бхаа. Манай энд Velka noc буюу Агуу шөнө гэж нэрлэдэг энэ баярыг.

  • #3

    Chansy (Freitag, 01 April 2016 23:15)

    Баярлалаа. Бор өндгөн дээр нээрээ л царай муутай болоод байдаг шүү. Энэ жил бас туулай болоод шоколадаа сайн идсэн биз дээ? ;)

  • #4

    Аагий (Dienstag, 27 März 2018 19:43)

    Баярлалаа. Ямар учиртай баяр болохыг ойлгохгүй байсан юм. мэдэж авлаа

  • #5

    Jackie (Samstag, 31 März 2018 08:33)

    Bayarlalaa, yamar goyo undug chimegledeg yum be! Ene yamar uchirtai bayar, yagaad undug nuuj tuugeed baigaag medehiig husch bailaa. Margaash minii huu anhniihaa undgiig haij olohoor yavna. Ene tuhai zamdaa tailbarlaj uguud gertee ergej ireheeree undug hamtdaa budnaa. Thanks again!!!

  • #6

    Urnaa (Montag, 05 April 2021 21:06)

    Би бас амттан олдог болохоор энэ баярт дуртай ккк. Энд дандаа бор өндөг бдаг, баярт зориулаад цагаан өндөг зардаг дэлгүүрт ккк.