Сваровски “Болор ертөнц”-өөс илгээх ил захидал

Сваровскийн өлгий нутаг болох Австрийн Ваттенс хот миний амьдардаг Мюнхен хотоос 150 гаруй километрийн зайд буюу машинаар хоёр цаг хүрэхтэй үгүйтэй давхиад очих газар оршино. Ваттенс нь хот гэхээсээ илүү тосгон гэлтэй, жижигхэн газар боловч Сваровскийн үйлдвэр, түүний дэргэдэх “Болор ертөнц” хэмээх гайхамшигт үзэсгэлэн нь сая сая аялагчдыг дуудах аж.  

1995 онд Сваровскийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан уран бүтээлч Андре Хеллер энэхүү гайхамшигт ертөнцийг бий болгосон байна. Дэлхий тойрон аялж, түүний бүхий л эрдэнэс, гайхамшигтай танилцан, маш их мэдлэг хуримтлуулан, буцаж ирээд Ваттенс хотноо суурьшиж буй Аварга биетийн түүхээс сэдэвлэн энэ ногоон аврага биетийг бүтээж дотор нь гайхамшгийн танхимуудыг байрлуулжээ. Аврага биетийн толгойн хэсгээр “Болор ертөнц”-өд нэвтрэн орж, дотор нь нуугдах 16 гайхамшгийн танхимаар хэсэн, олон улсын уран бүтээлчид сваровски ашиглан бүтээсэн урлаг, уран зөгнөлийн ертөнцөөр аялах нь таныг хэсэг хугацаанд зүүдний мэт орчинд уусгах нь гарцаагүй. Ингээд надтай хамт гэрэл зургуудаар минь дамжуулан “Болор ертөнц”-өд саатаарай.

Гараар зүссэн, дэлхийн хамгийн том болор. 100 талсттай, 310 мянгын сорьцтой

Энэхүү бөмбөгөр оройт болор дуган нь 595 тольт талснаас бүрдэх ба дотор нь зогсох хүн өөрөө болор талст дунд орчихсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Өвөрмөц аялгууны хэмнэлд гэрлийн өнгө өөрчлөгдөн, зарим тольны цаана нуугдмал урлагийн бүтээлүүд халть харагдаад өнгөрнө. Энд олон хосууд хуримлан, гэрэл зургаа мөнхлөх дуртай байдаг гэнэ. 

Энэхүү Болор модыг Торд Боонте, Александр Маккүин нар 2003 онд Лондоны Викториа ба Альбертийн музейн үүдний танхимд зориулан бүтээсэн бөгөөд хожим Болор ертөнцөд заларчээ. Энэ модонд 150 мянган сваровски болор ашигласан гээд бод доо.

Болор бороон дор бүжиглэмээр байна уу?

Цэнхэр хамартнууд гэж нэрийдэх, Оросын хоёр уран бүтээлч эдгээр бүтээлүүдийг туурвихдаа уран барилгын  хийцийг сваровскийн болор зүсэхтэй холбон уялдуулжээ. Пирамид нь 105 кг-ийн жинтэй бол Нью-Йоркийн бэлгэ тэмдэг болсон энэ уран хийцийг 386 жижиг хэсгүүдийг нэгтгэн бүтээсэн байна. 

Болорын олон талст шиг амьдралын олон тусгалыг энд дүрсэлжээ. Хүн төрөлхтний болон соёлын түүхийг харуулаад зогсохгүй физик, одон орон, математик зэрэг шинжлэх ухааны олон салбаруудыг хамааруулан 48 ширхэг олон өнцагт самбарууд дээр тусгаж, шашин, итгэл үнэмшил, ид шидийг тодотгосон байна.

“Мөнх”-ийн хэмээх дараагийн танхимд Сваровскийн 1895 оноос өнөөг хүртэлх үүх түүх, гарал үүслийг танилцуулж, загвар, урлагийн ертөнцөд, тайз, дэлгэцэн дээр сваровскийн болор хэрхэн амжилтанд хүрч, олныг бишрүүлж “гялалзсан” тухай өгүүлнэ. 

Виктор&Рольфийн болор шигтгэсэн даашинз

Вивьен Вествудийн бүтээсэн болор шигтгээт  зэс цээживч

Аль титэм нь таалагдаж байна?

Надад хамгийн их таалагдсан нь Үнсгэлжингийн болор шаахай. Үнэхээр гоёмсог хийцтэй,  хээнцэр гэж жигтэйхэн энэ шаахайны зургийг хэдэн талаас нь хичнээн удаа авсан гээч? 

Аварга биетээс гарч ирээд, цааш цэцэрлэгт гялтганах болор үүлсийг үзэхээс өмнө үдийн наранд гадаа суун хэсэг амсхийж, үзсэн зүйлээ сэтгэлдээ шингээх тэрхэн хооронд нар буучихдаг юм даа. Ингээд анх ирэхэд холоос гялтганан гайхшруулж байсан болор үүлс наргүйд нэг л саарал зүйл болчихсон. 

Альмдудлер хэмээх энэ ундаа нутгийн ундаа, Австрийн Кока Кола юм уудаа ;)

1400 кв.метр талбай дээр хөвөх энэ гайхамшигтай болор үүлсийг хийхэд 800 мянган сваровскийн болорыг гараар шигтгэн хийсэн гэхэд итгэх үү? Үүлсийн дор тольт усан сан байрлах ба энэ цэцэрлэгээр явахад тэр чигээрээ сваровскийн орчинд хөвж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Хэрэв та бүхэн очиж үзэх бол өдрийн нартайд эхлээд цэцэрлэгээр зугаалан, болор үүлсийг үзчихээд Аварга биет рүү ороорой гэж зөвлөх байна. 

Энэхүү Болор ертөнц цогцолборт маш том Сваровскийн нэрийн дэлгүүр байх ба төрөлх нутагтаа мэдээж сонголт арвин, улирлын чанартай үнэ хямдрал, бэлгийн багц зэрэг зүйлсээрээ илүү юм байна лээ. Үйлдвэрийнхээ хажууд болохоор үйлдвэрийн үнээрээ, маш хямд байдаг гэж сонсож байсан маань харин цуу үг байлаа.  

Ингээд гялалзаж, гялтганасан Болор ертөнцөөр аялсан өдөр маань өндөрлөлөө. Ваттенсаас холгүй Австрийн Иннсбрук хот байрлах ба нэгэнт ийшээ зорьсон бол далимд нь тэр хотоор мөн ороод гараарай. Болор мэт тунгалаг боловч олон талст шиг нь сонирхолтой, нууцлаг байж, үргэлж гялалзаж яваарай гэж ерөөе!

Kommentar schreiben

Kommentare: 3
  • #1

    Boloroo (Freitag, 22 Januar 2016 01:23)

    Mash ikh taalagdlaa... Bayarlalaa... Ikh amjiltiig huseye...

  • #2

    IchkoStarry (Sonntag, 31 Januar 2016 15:48)

    Үнэхээр тансаг юмаа, сайхан зураг, сайхан нийтлэл байна. Аяласан юм шиг л боллоо :-) Баярлалаа, шинэ нийтлэлүүдийг хүлээж байгаа шүү амжилт :-D

  • #3

    tsaagii (Mittwoch, 24 August 2016 06:31)

    Хоббиндоо эзэн болсон үнэхээр сайхан нийтлэл байна аа, Дараа Австри орвол заавал очиж үзнээ