Тэмдэглэл, хуанли бидэн гурвын хэлхээ

Та нар над шиг тэмдэглэлийн дэвтрийн хэнээтэй юу? Шинэ онд юу хийж бүтээхээ төлөвлөөд л, мөрөөдлөө цаасан дээр буулгадаг уу? Эсвэл сэтгэлээ нээж өдрийн тэмдэглэлдээ бодлоо илэн далангүй урсгадаг уу? Бичих, тэмдэглэх, төлөвлөх гэдэг аливаа үйлийг эхлүүлэх бодит алхам болдог аж. Төлөвлөгөө гаргаж, зорилгоо тодорхойлоход хамгийн зохимжтой үе нэгдүгээр сар болохоор би та бүхэнтэй хэрхэн хуанли хөтөлдөг, ямар тэмдэглэл бичдэгээ хуваалцъя гэж бодлоо.  

Мөрөөдлөө бичээд, он сартай нь товлон бичснээр тэр нь зорилго болдог. Зорилгоо биелүүлж эхлэх алхамуудыг  товлосноор төлөвлөгөө болдог. Төлөвлөгөөний дагуу бодит үйлдэл хийж эхэлснээр энэ нь мөрөөдөл биелэхийн эхлэл болдог гэдэг.

Шинэ оны эхэнд миний хамгийн түрүүн сольдог зүйл бол ширээний хуанли. Ширээний хуанли олон давуу талтай. Долоо хоног бүрт таны өмнө ямар чухал үйл явдал хүлээж буйг, мартаж үл болох хэдэн уулзалт, тов байгааг ганц хараад л мэдчихнэ. Би уулзалт, товоос гадна тухайн долоо хоногт өөр хийх зүйл юу байна, номын сангаас авсан номнуудыг өгөх хугацаа хэзээ байна, гэр ахуйн болон бусад худалдаж авах зүйлс юу байна гэх мэт зүйлсийг тэмдэглэдэг. Орой нь унтахаасаа өмнө тэр өдрийн төлөвлөгөөнөөс хэдий нь амжуулсан байна тэр бүгдийн ард инээмсэглэл тавиад л маргааш ямархуу тов байгааг харж бэлтгэдэг. 

Энэ ширээний хуанли хамгийн энгийн, долоо долоо хоногоор дэлгээд тавьчихна. Би энд ирэх хоёр долоо хоногоо төлөвлөх гээд сууж байгаа нь. 

Жил бүр хөтөлдөг бас нэгэн дэвтэр бол өдрийн тэмдэглэл. Өдрийн тэмдэглэлийг би багаасаа л хөтөлж ирсэн. Намайг оюутан байхад их сургуулийн гадаа хайрцагтай алим ширхэглээд зардаг байсан юм. Яг тийм цаасан хайрцаг дүүрэн тэмдэглэлүүд надад бий. Германд ирснээс хойш ч үргэлжлүүлсээр, нүүж суухад хэрэглэдэг том цаасан хайрцаг дүүрэн болсон доо. Ердөө л дотоод ертөнцөө уудлан, бодлоо бичдэг байсан гэмгүй энэ үйлдэл ямар их тустай болохыг хожим олж мэдсэн юм. Дотоод сэтгэлээ гадагшлуулан чөлөөлөх нь сэтгэл зүйн асар их засал болдог эмчилгээний чанартай болохыг шинжлэх ухаан хэдийнэ тогтоожээ. Сэтгэц задлан шинжлэлийн ухааны эцэг гэгдэгч Зигмунд Фройд жишээ нь аливаа зүйлийг бичснээр далд ухамсар, ухамсар хоёрын хооронд холбоос үүсч, дотоодод нуугдсан хүч энергийг идэвхжүүлж өгдөг гэдгийг тогтоосон байдаг. Түүнчлэн сэтгэлийн дарамт болж буй зүйлийг санаж, бичснээр уг дарамтыг боловсруулж байдгийг онцолжээ. Тэрбээр өөрөө зүүдний өдрийн тэмдэглэл хөтөлж байсан гэдгийг олон эх сурвалжид дурдсан байдаг. 

Миний хувьд өдрийн тэмдэглэл аливаа зүйлийг зайнаас шинжиж, өөрийн бодол, байгаа байдал зэргийг ажиглахад тус болдог болов уу, дараа нь уншихад өөрийгөө хэрхэн өөрчлөгдснөө, асуудалтай хэрхэн харьцаж байснаа дурсан хөгжилтэй мэдрэмж төрдөг юм. 

Миний 2014,2015 болон энэ шинэ жил эхэлж буй өдрийн тэмдэглэлүүд. Энэхүү дэвтрүүд уг нь жоохон охидод зориулсан тасагт зарагддаг юм. Яагаад ч юм дэвтэр, наалддаг жижиг стикерс цаасны хувьд би жоохноороо үлдчихсэн мэт. Дэвтэр зэргийг үзээд зогсож байхад эргэн тойронд дан жоохон охидууд харагддаг. Санаа зовмоор ч нэгэнт би ийм л зүйлд дуртай нь үнэн болохоор тэгээд өөртөө үнэнч л үлдэнэ дээ. 

Миний хөтөлдөг өөр нэгэн тэмдэглэлийн дэвтэр бол "Бүтээлч санаа"-ны дэвтэр. Хүнд заримдаа гэнэт гоё гоё хийж бүтээх санаанууд орж ирдэг дээ. Бодол болоод л өнгөрөхөд харамсалтай тийм санаануудаа хурдхан шиг тэмдэглээд авчихвал, дараа нь завтай үедээ уг санаагаа хэрэгжүүлэх алхам хийхэд дөхөмтэй бас урамтай байдаг. Тэгээд ч бичиж тэмдэглэсэн зүйл үлдэцтэй, амархан мартагддаггүй шүү дээ. Ийм бүтээлч санааны тэмдэглэлдээ би бичих зүйл, зурах зураг, гэр чимэглэх санаа гээд ямар ч хамаагүй зурвасхан орж ирэх санаануудаа тэмдэглэж аваад, хожим хэрэгжүүлсний дараа зургий нь авч,бичсэн санааныхаа доор нааж баримтжуулдаг. Аяндаа л улам их санаагаа ажил хэрэг болгох урам ороод ирнэ. Та нар туршаад үзээрэй.

Энд жишээ нь, угаалгын өрөөнд өлгөх зургийн санаагаа тэмдэглээд, хожим бэлэн болсных нь дараа он сар өдөртэй нь санаа хэрхэн хэрэгжснийг зурагтай нь тэмдэглэсэн байгаа нь

Энэ жил бүтээлч санааны дэвтэр шинээр эхэлнэ, ер нь бол хоёр жилд нэг дэвтэр зарцуулагддаг. Мэдээж хэр их санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлэхээс шалтгаалж нэг дэвтэр удаан хэрэглэгдэж болно. 

Дараагийн тэмдэглэл бол уншсан номын тэмдэглэл. Би ном уншихдаа тодруулагчаар дээр нь сараачаад, сум зааж, анхаарлын болон асуултын тэмдэг дагалдуулаад их л олон юм болдог. Хөөрхий ном. Уншиж дууссныхаа дараа үнэхээр таалагдсан мөртүүд, сургааль болох зүйлс зэргийг уншсан номын тэмдэглэлдээ бичих дуртай. Энэхүү ганган дэвтрийг дотно найз маань төрсөн өдрөөр минь бэлэглэсэн юм. Нэг л гоё дэвтэр, цаанаа нэг донжтой. Макаронд дуртайг ч хэлэх үү. Уншсан номын тэмдэглэл маш хурдан дуусдаг болохоор номнуудаа төрлөөр нь ялгаж өөр өөр дэвтэр дээр тэмдэглэдэг. Тийм ээ, би хэнээтэй гэдгээ хэлсэн ш дээ ;)

Уншсан номын тэмдэглэлээс гадна уншсан сэтгүүлийн тэмдэглэл гэж хөтөлдөг. Гоодаль сэтгүүллд өөрөө бичиж эхлэхээс өмнө ч тэрхүү сэтгүүлийг амтархан уншдаг байсан. Үнэхээр сайхан бичвэрүүдтэй сэтгүүл, зарим үгийн сонголт, өгүүлбэрийн найруулга мэл гайхуулж орхидог. Олон жил гадаадад байж, эх хэлээсээ их бага хэмжээгээр хөндийрч байгаа хэн бүхэн сайхан монгол хэлээрээ чанартай зүйл уншаад, дадал болгочихвол хэл нь дороо цэгцрээд ирдэг юм шүү. 

За тэгээд тэмдэглэл, хуанли хөтлөхөд салшгүй нэгэн зэвсэг бол наалддаг жижиг стикерс зургууд, наадаг туузнууд. Нэг л их зогсоо зайгүй бичсэн зүйл онцгүй санагддаг болохоор стикерс нааж, эрээн мяраан болгохдоо би сайн. Багын л ийм байсан одоо ч тийм, өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн байх. 

Ширээний хуанлинаас гадна өөр нэгэн чухал хуанли бол цүнхний тойм хуанли. Ихэнх хүмүүс ийм хуанлид уулзалт, цаг товоо тэмдэглэдэг бол би тухайн өдөр юу болж өнгөрсөн, ямар уулзалт хаана болсон зэргийг товчхон ганц хоёр үгээр тоймлож бичдэг. Ширээний хуанли дээр төлөвлөгөөгөө биччихдэг болохоор цүнхний хуанлид ингэж товчилсон нь дараа нь юм сэргээж харахад хэрэг болдог. Жижиг хэмжээтэй нь ямар ч цүнхэнд багтчихдаг болохоор авсаархан.

Харин энэ жилийн миний хамгийн чухал хуанли бол дээрх цагаанаас том, жишиг хэмжээтэй Файлофакс гэгч хуанли. Блогийнхоо өнгөөр сонгож авсан энэхүү хуанли нь бүхэл бүтэн өөрийн гэсэн ертөнцтэй, хэрэглэгчид нь бараг нийгэмлэг үүсгэсэн хуанли. Тийм болохоор файлофаксаа дараа нь жинхэнэ утгаар нь өөр бичвэрээр танилцуулнаа. 

Та нар хуанли болон тэмдэглэлээ хэрхэн хөтөлдөг вэ? Хуваалцаарай! Хэрэв зургий нь хуваалцах бол инстаграм дээр @chansy_dash, #chansysdeskplanner аргамж хийгээрэй. Цагаа зөв хуваарилж, ажлаа төлөвлөн, цаг барьж, хэлсэндээ хүрэх нь амжилтын үндэс, тийм болохоор шинэ ондоо зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргаж, бодит алхам хийн, хуанли, тэмдэглэлтэй нөхөрлөөрэй. Үгүй дээ л санаагаа тэмдэглэн, үйл хэрэг болгох эсвэл зүгээр л дотоод ертөнцөө чөлөөлөн дарамтгүй байхын төлөө бичээд байгаарай! 

Kommentar schreiben

Kommentare: 6
  • #1

    secret admirer (Dienstag, 12 Januar 2016)

    Wow! Mash gaihaltai blaa. Uuriinhuu nandin yurtunts, torgon medremj, gegeeleg saihan bodrol, buteelch arga bariluudaa ilen dalangui huvaaltsaj bgaad bayarlalaa. Uneheer buteelch, mundag busgui yumaa. Filofax-iin talaarh daraah bichveriig n huleej bna shuu! Calendar, notebook geh met gadaad ug hereglehgui, saihan Mongol nershileer n blogoo hutulj bgaa chin bas ih saihan sanagdlaa.

  • #2

    Boloroo (Freitag, 22 Januar 2016 01:50)

    Sainu?... Bi bas temdeglel huduldug... 10 jil bolj baina... Saikhan baidag yum... Muruuduj,tuluvluj, bichij baisan zuiluud nadad urgelj saikhn zuiluudiig avchirsaan... Amjit huseye...

  • #3

    оюунбаяр (Donnerstag, 15 September 2016 11:29)

    энэ өдрийн мэнд. Үнхээр сонирхолтой байлаа. Ахиад нэг зүйл асуух гэсэн юм. боломжтой бол sacred_99@yahoo.com энэ хаягт майл хаягаа өгнө үү.

  • #4

    Chansy (Donnerstag, 15 September 2016 23:27)

    @secret admirer, @boloroo Баярлалаа. @oюунбаяр мейл бичих бол фб-т Chansys Desk хуудсанд мессежээр явуулаарай. Баярлалаа.

  • #5

    Ariuntsetseg (Montag, 14 Januar 2019 23:22)

    Тэмдэглэл бичихээр хүмүүс найзууд уншаад ер нь уншчихаад байдаг юмаа тэгээд шоолно их хэцүү би багаасаа өдрийн тэмдэглэлээ уйгаржин монгол бичгээр бичнэ хүн бүр уншаад байж чадахгүй гэж боддог байлаа энэ мөрөөдлөө энэ 2019 онд биелүүлж дадал зуршил болгоноо. Чоймаа гээд мундаг монгол бичгийн багш байдаг юм байна лээ тэр багшийн дээр үеийн бичлэгүүд нь нэтэд тавигдсан байна лээ маш ойлголмжтой сайхан.

  • #6

    puujee (Samstag, 19 Dezember 2020 03:38)

    Wow uneheer goe medeelel setgegdel ugluu. ���� Өөртэйгээ адилхан үзэл бодол, хүсэл эрмэлзэлтэй, өөрөөсөө илүү эрч хүчтэй, мундаг, урам аван даган дуурайх хүнтэй болох үнэхээр сайхан бна. Яг л зөв газараа ороод ирсэн мэт сайхан санагдаж бна.