Зул сарын ширээ засалт

Олон улсын харилцааны оюутан байх үед хамгийн дуртай хичээл маань дипломат ёс, ёслолын ажиллагаа байсан юм. Энэ хичээл дээр, хүлээн авалтан дээр биеэ хэрхэн авч явах, зоогийн газар зөв хооллох, ширээн дээрх олон халбага сэрээ, хундаганы хаанаас эхлэх гээд л сонирхолтой зүйлсийн тухай анх сонссон тэр мөчөөс хойш миний хобби болсон зүйл бол ширээний соёл. Хожим Германд оюутан болж ирээд хичээлийнхээ хажуугаар өндөр зэрэглэлийн зочид буудлын зоогийн газар ажиллаж байхдаа ширээ засах гэдгийг ёстой янз янзаар нь сурч билээ. Хамгийн зугаатай нь амны даавуун алчуураар элдэв хуниас хийж засах явдал байв. Миний хамгийн дуртай хуниас: Сараана цэцгэн хуниас.  Мэдээж зоогийн газрууд цардсан даавуугаар засдаг болохоор илүү үзэмжтэй болно. Гэрийн нөхцөлд бол угааж, индүүдсэн, 50*50 см хэмжээтэй даавуун алчуур байхад л хангалттай. 

Даавуун алчуурын дотор талыг дээш харуулан, нэг үзүүрий нь дээш нь чиглүүлж дэлгэнэ. Дээд үзүүрээс доош нугалж гурвалжин үүсгэнэ. Гурвалжны хоёр талын үзүүрийг доод үзүүр лүү нугалж өгнө.

Ингэж нугалсан хоёр үзүүрээ таллан дээд үзүүр лүү нугална.

Доод үзүүрийг дээр үүссэн гурвалжингийн тал хүртэл дээш нь нугалж өгөх ба үлдсэн доод хэсгийг дээш нь тэнцүүлэн нугална. Ингээд алчуурыг бүтэн эргүүлэн ар талыг урагш харуулан тавьна.

Үүссэн гурвалжингийн баруун зүүн үзүүрийг голд уулзуулан нугалахдаа баруун үзүүрийг зүүн үзүүрийн хуниас руу хийж сайтар дарна.Алчуураа эргүүлэн ар талыг урагш харуулахад ийм хэлбэртэй харагдана.

Ингээд алчуураа босгон бортогон хэлбэрт оруулж зогсооход хоёр талын үзүүр аяндаа сөрдийгөөд ирнэ. Доош нь буулгаж хэлбэрт оруулаад л бэлэн боллоо доо.

Сараана цэцгэн хуниас урд болон ард талаасаа

Хэрэв даавуун алчуур байхгүй бол амны цаасан алчуур ч тохиромжтой. Цаасан алчуурын хувьд хэмжээ нь аль болох том байх тусмаа хуниасан засалт илүү гоё харагдана. Энд би жишээ болгоод Икеа-гийн 40*40 см хэмжээтэй цаасан алчуураар хийлээ. Болж өгвөл 50*50 см-ийн хэмжээтэйг сонгоорой. 

Ширээн дээр хэн хаана суух эрэмбэ нь мөн нарийн утга учир агуулдаг, гэрийн эзэн, эзэгтэй хаанаа суудаг, зочдыг хэрхэн, ямар эрэмбээр ширээний ард суулгах нь дипломат ёсны нэгэн том салбар шинжлэх ухаан. Энэ бүгдийг үл өгүүлэн гэрийн нөхцөлд зассан ширээнийхээ нэрийн карт тавих суурийг хуваалцъя. Гэртээ бол зочидоо өөрийн дураар суулгах нь ойлгомжтой. Мэдээж яриасаг нэгнийг үг цөөтэй нэгний дэргэд суулгавал ухаалаг хэрэг болно, хоёр дуу муутай хүн зэргэцүүлээд суулгачихвал хоорондоо ярих зүйлгүй онцгүй шүү дээ. Зул сар гээд хааяагүй л байдаг ийм чихэр хямд байдаг. Ердөө гурван ширхэгийг нийлүүлээд скочдоно, тэр хэсгээ улаан туузаар бүчин зангилаа хийж далдлаад л нэрийн карт тавих суурь маань бэлэн болчихно. Цагаан цаас хайчлан зочдынхоо нэрийг дураараа бичиж, чимэглээд л болоо. 

Ширээн дээрээ шигтгээ, шилэн чулуу, сувд гэх мэт чимэглэлүүдийг цацаж өгөх уг нь гоё. Гэвч жижиг ширээтэй нөхцөлд элдэв зүйл нэмэх нь зууш, салат, уух зүйлс тавих зайг эзэлдэг тул хэрхэн чимэглэх нь ямар зоог барих гэж байгаатай шууд холбоотой. Хэрэв гал тогоонд хоолоо хачирийн хамт таваглаад зочиддоо өгөх бол ширээн дээр зай элбэг, хүссэнээрээ чимэглэж болно. Хэрэв, жишээ нь энэ ширээн дээрх шиг фондю буюу ширээн дээрээ халуун тосонд мах шаран зооглох бол шарах бүх зүйл, хачирын хамт ширээн дээр тавигдах шаардлагатай болж, элдэв шигтгээ, чимэглэл зай эзлэх болно. 

Зочид орж ирээд ширээнд суухаас өмнө мэнд ус мэдэлцэж, ярьж зогсох үед нь хоол идэх дур өдөөгч жижигхэн зүйлийг, уух зүйлийн хамт санал болгоорой. 

Энэ миний өмнөх жилүүдийн зул сарын ширээ засалтууд. Сараана цэцгийн хуниасны хоёр үзүүрийг хоёр тийш нь унжуулахгүйгээр дотогш нугалж өгвөл бас л нэгэн өөр төрх гарч байгаа биз?

Ингээд зул сарын баяраа сайхан тэмдэглээрэй, элдэв зочидгүй гэрийнхэнтэйгээ ч гэсэн ширээгээ сайхан засаж, баярын уур амьсгал оруулаарай. Зассан ширээнийхээ зургийг инстаграм дээр @Chansy_Dash, #chansysdeskdeko аргамж хийж хуваалцаарай. 

Kommentar schreiben

Kommentare: 4
  • #1

    Sarashka (Mittwoch, 23 Dezember 2015 01:24)

    Uneheer goyo shiree zasdag shu ! Surah zuil ih baina Goyo zuvulguu sanaa ugsund bayarlalaa.Meddeg zuilee huvaaltsaj baigaad tani mash ih bayarlalaa. Amjilt huise Chansy !

  • #2

    Chansy (Mittwoch, 23 Dezember 2015 01:30)

    Баярлалаа, Сарашка

  • #3

    Chimgee (Sonntag, 25 Dezember 2016 23:54)

    Yamar goy chamin shiree be?! ali zereg ezegtei be gdg n Um uman deer ilerch bgaa medremj shu de :-) chi yostoi medremjtei ezegtei bno

  • #4

    Binduush (Mittwoch, 11 Oktober 2017 08:56)

    Yamar goy shiree ve, uram zorig avaad shn bn bayarlalaa :)