Мисс Диороор амьсгалсан нэг өдөр

Зөвхөн өөрт нь зориулж төрсөн нутагт нь үзэсгэлэн гаргана гэдэг сүрчгэнд байж боломгүй өндөр хүндлэл мэт. Гэхдээ сүрчиг хэмээх энэхүү тансаг эд хүмүүний хэрэглээнээс хэдийнэ хальж, өөрийн хувь шинж, түүх замналтай болсныг Шанель Nº5 хэмээх үнэртэн саяхан өөрийн намтар номтой болсон явдал батална. Парист хүргэх нисэх онгоц агаарт амжилттай хөөрснийг илтгэн дохио дуугарахад аюулгүйн бүсээ суллан тухлаад суудлын урд байх сэтгүүл эргүүлэн нээтэл “Мисс Диор” үзэсгэлэнгийн сурталчилгаа нүднээ дурайж яарсан сэтгэлийг минь улам догдлуулна. 

Парис хотын хамгийн нэр хүндтэй харш Гран Палайд дэлгэгдсэн “Мисс Диор” үзэсгэлэнг үзэхээр цугларсан олон Ватиканы үүдэнд дугаарлах жуулчдыг санагдуулж, Диор гэх энэ эрхэм нэр Парист бараг шашин шүтлэгийн хэмжээнд хүрснийг илтгэнэ. Нэгэнт зорин ирсэн хүмүүсийн хувьд дараалалд хоёр цаг зогсох нь тийм ч хэцүү асуудал биш байв.

“Дуудах нэр нь л гэхэд “Бурхан” (Dieu), “Алт” (Or) гэх өлзийт хоёр үгнээс бүрдсэн энэ ер бусын хүмүүн гар хүрсэн болгоноо алт шиг гялалзуулж явдаг” хэмээн түүний дотны найз, зохиолч, яруу найрагч Жан Кокто алдарт Кристиан Диорын нэрийг томьёолсон байдаг. Загвар зохион бүтээгч болж олонд танигдахаасаа өмнө Кристиан Диор галерист байсан бөгөөд урлагт хайртай, уран зураг цуглуулдаг, тухайн үедээ Парист алдартай байсан бүхий л уран бүтээлчидтэй хамтран ажилладаг, чөлөөт цагаа зохиолч Жан Кокто, зураач Кристиан Берард, Сальвадор Дали түүний эхнэр Гала нартай өнгөрөөдөг байжээ. Хожим тэрбээр өөрийн загваруудад урлагийг хайрлан дээдэлдэг энэхүү чанараа шингээж чадсан учраас л тэдгээр нь мөнхийн хутгыг олсон биз ээ. Тэрхүү ер бусын хүмүүний үлдээсэн өвийг сэргээн хадгалах нь эл үзэсгэлэнгийн зорилго байсан бөгөөд Кристиан Диорын бүтээсэн хамгийн анхны сүрчиг болох “Мисс Диор”-ын удмын санг орчин үеийн урлагаар дамжуулан дахин илэрхийлэхийг олон улсын 15 эмэгтэй уран бүтээлчээс хүсчээ.

 “Энэ үзэсгэлэнгээр бид Мисс Диор сүрчгийг сурталчлах бус, үзэгчдэд түүх өгүүлж, өнгөрснийг эргэн сануулж, эрхэмсэг агаад адал явдалт орчинд зочлохыг урьсан билээ. Тиймдээ ч өөрийгөө илэрхийлэх бүрэн эрх чөлөөг уран бүтээлчиддээ олгосон” хэмээн тус үзэсгэлэнгийн куратор Херве-Микаелоф өгүүлжээ.

Кристиан Диор 1947 оны 2 дугаар сарын 12-нд хамгийн анхны коллекцоо танилцуулсан бөгөөд чухам тэр л коллекцоороо алдрын оргилд хүрсэн юм. Мөн эл өдөр тэрбээр багын найз Серж Хефтлер-Луйшийн хамт олон жилийн турш эрэлхийлж байж олсон үнэрээ буюу “Мисс Диор” сүрчгээ танилцуулжээ. Анхны коллекцоо насны хувьд нэлээд хожуу буюу 42-тойдоо гаргасан ч тэр л коллекц нь түүхэнд “New Look” болон мөнхөрсөн шиг анхны усаа мөн л гарцаагүй төгс боловсорсон хойно нь олонд дэлгэсэн гэлтэй. Түүний үгээр бол энэ сүрчиг эмэгтэйлэг чанарын төгс гүйцэтгэл, аливаа даашинз урлалын сүүлчийн хатгалт болох аж. 

Мисс Диор нь түүний төсөөллөөр зүүн өмнөд Франц нутгийн наран шингэж байх үе болон харуй бүрий шиг, гэрэлт цохнууд нисэн буух хөрс шиг, шөнийн харанхуйг сөрөн зогсох ногоон мэлрэг цэцэгс шиг үнэртэх ёстой байв. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн эрс тэс чанарыг агуулах тэрхүү сүрчиг сэрүү татуулах мэт үнэрийг зөөлөн үнэртэй хольсноор өөрийн төрхөө олжээ. Үнэртэн төрмөгц  Диор эргэн тойрныхоо цөөн хэдэн хүнд туршилт болгон үнэртүүлжээ. Гэтэл уг үнэрийг таалах нэгэн байхад бүр эвгүйцэх нэгэн ч гарав. Гэвч  “Хамба хилэн диктатор” хочит Диор өөрийн санаанаас буцсангүй, урлангийнхаа танхимд тэр чигээр нь “Мисс Диор”-ыг цацах тушаал буулгаж анхны шоуныхаа зочдыг шинэхэн сүрчгийнхээ үнэрээр угтан авчээ.

“Шилэн савны тагийг нээхэд л миний зохион бүтээсэн даашинзууд төсөөлөгддөг, миний бүтээсэн даашинзыг өмссөн бүсгүй тэр үнэрээр мартагдашгүй сэтгэгдэл үлдээдэг байлгах гэж л би сүрчиг хийдэг хүн болсон юм шүү дээ” хэмээн тэрбээр нэгэнтээ дурдсан байдаг. Зөвхөн даашинз худалдан авсан үйлчлүүлэгчдээ Мисс Диорыг дагалдуулан өгдөг байсан нь сүрчиг бол даашинзыг төгөлдөржүүлэгч хэмээх түүний үзлийг бататгана.

Аливаа сүрчиг гурван үе давхарга бүхий үнэр аясын зохицлоос бүрэлддэг аж. Сүрчигний тэргүүн охь тухайн ус хэр зэрэг анхилуун болохыг шийддэг бол зүрхэн охь нь усны гол өнгө аясыг тодорхойлно. Харин суурь охь нь тэр сүрчиг хэр удаан анхилахыг тодорхойлж өгдөг байна. Мисс Диорын гол найрлагад мэлрэг цэцгийн ханд, сарнайн тос, патчули, ванил ордог. Кристиан Диорын өсөж торнисон гэр, эргэн тойрон дахь үзэсгэлэнт сарнайн цэцэрлэг, нутгийн агаарыг сэтгэлд нь дагуулсан ногоон мэлрэг цэцэгсийн үнэр зэрэг нь “Мисс Диор” мэндлэх хөрс суурь болжээ.


Харин Мисс Диор гэгч хэн байв? Энэ нэрний эзэн бол Кристиан Диорын эмэгтэй дүү Катерин Диор билээ. Дэлхийн II Дайны сүүлийн жилүүд Кристиан Диорын хувьд хүндхэн цаг үе байлаа. Түүний дүү Катерин Германд эзлэгдсэн Францад германы арми, зэвсгийн хөдөлгөөнийг тандан мэдээлэл цуглуулдаг нууц бүлгийн гишүүн байсан бөгөөд 1944 онд Гештапод баригдан Равенсбрук дахь эмэгтэйчүүдийн хорих лагерь руу ачигджээ. Тухайн үед наци офицерүүдийн эхнэрийг хувцасладаг, загвар зохион бүтээгч Лелонгийн салонд ажиллаж байсан Кристианы хувьд энэ бүхэн амьдралын гашуун егөөдөл байсан юм. Тэрбээр дүүгээ суллуулахын тулд бүхий л арга чаргаа хэрэглэж байв. Катерин 1945 оны 5 дугаар сард Парист эргэн ирсэн бөгөөд Кристиан үүнээс ердөө хоёрхон жилийн дараа анхныхаа сүрчгийг бүтээж, зоригт охин дүүгийнхээ хүндэтгэлд зориулан ийн нэрийджээ. Францын засгийн газраас хожим нь Катерин Диорыг хэд хэдэн хүндэтгэлийн медалиар шагнасан байна.

Франц уран бүтээлч Карол Бензакен “Мисс Диор” сүрчгийн гурван үе давхарга болох суурь, зүрхэн, тэргүүн охийг нүдэнд харагдахуйц дүрслэхийг оролджээ. “Мисс Диор”-ыг үнэртэх үед түүнд бүсгүй хүн харагдах бус харин өнгө, байгалийн зохицол төсөөлөгддөг аж. “Энэ бол арьс ба судас хоорондын, зүрх ба зүрхний цохилт хоорондын харилцаа юм” хэмээн тэрээр урлагийн бүтээлээ тодорхойлжээ.

Италийн уран бүтээлч Карла Матти Кристиан Диорын дуртай сарнайн дуулийг өөрийн яруу найраг болгосон нь энэ. Сканердаад дахин эвлүүлж 3Д-гээр хэвлэн  гаргасан эл бүтээлд “Мисс Диор”-ын алдарт сарнай нь 5 өөр төрлийн сарнайн бүлээс сонгон нийлүүлсэн нэгэн цэцэрлэг болон хувирчээ. Энд сарнай хүний гараар бүтээгдсэн цэцэг бөгөөд хүн байгальд хэрхэн нөлөөлж байгааг мөн хүн, байгаль, технологийн уялдаа холбоог харуулахыг хичээжээ. 

“Хязгаар үгүй сарнай” нэртэй энэхүү өнгөлөг бүтээл миний сонирхлыг хамгийн ихээр татсан бүтээлүүдийн нэг. Гэрлийн тусгал болон ажиглагчийн хөдөлгөөнөөс шалтгаалан өнгө хэлбэрээ өөрчлөх энэхүү чамин сарнайг Нью-Йоркийн уран бүтээлч Алисон Шотз урлажээ. Энд ямар ч гадаргуу байхгүй, дотор болон гадна байхгүй гэсэн санаа нь гайхалтай санагдсан. “Гадаргуу гэдэг бол дотоод бүтэц, дотоод бүтэц бол гадаргуу юм” хэмээн уран бүтээлч эцэс төгсгөлгүй мэт энэ сарнайгаа тодорхойлжээ. Уг сарнайг тойрон явахад бидний байршил, гэрлийн тусгал өөрчлөгдөж, тэр бүрийд нүд тархи хоёр сарнайг өөр өөрөөр олж харах аж. Орон зай, эзгүй хоосон орчин энд нэгдэн нийлжээ.

Словенийн уран бүтээлч Ника Зупанг бүсгүйчүүдэд зориулан Диорын үлгэрийн асрыг барьсан нь энэ. Зочдын сэтгэгдлийг шингээхээр ширээн дээр тавигдсан зузаан дэвтэр олон янзаар зурж, бичиж сараачсан хуудсуудаар дүүрсэн байх. “Миний л орон зай” нэртэй зөөлөн ягаан өнгөөр туяарсан энэхүү гэгээлэг шилтгээнд би Монгол бичгээрээ мөрөө үлдээсэн байгаа. 

Дахин дахин харж байж энэхүү сүүдрэвчийн дээвэр бээлийнээс бүтсэн болохыг анзаарна. Иоана Ваутрин “Амарлингуйн сүүдрэвч”-ийнхээ гурван метр диаметртэй уг загварлаг дээврийг бүтээхдээ “Мисс Диор”-ын өнгөөр  864 ширхэг ягаан бээлий, 592 ширхэг цагаан бээлий, 504 ширхэг хар бээлий ашиглажээ.

Улаан ягаан өнгөөр ээлжлэн анивчих, гурван метрийн өргөнтэй энэ аврага том бүчин зангилааг Лиссабоны уран бүтээлч Жоана Васконселос урлажээ. Бүчин зангилаа бол “Мисс Диор”-ын салшгүй нэг илэрхийлэл билээ. 1665 ширхэг үнэртэй усны шилэн дотор ЛЕД гэрэл хийсэн энэхүү инстолляцийг ойроос харвал Диорын бас нэгэн алдарт сүрчиг J’adore-ын шилэн сав болох нь танигдана. “Мисс Диор”-ыг яагаад өөр сүрчигтэй хольсон юм бол гэж танд бодогдож байна уу? Гэхдээ яг үүнд л уран бүтээлчийн зорилго оршиж байгаа юм. “Мисс Диор”-ын гэмгүй цагаан чанар ба дүрэлзсэн зоригийг холбож өгсөн эл бүтээлдээ тэрбээр загварын ертөнцийн чамин бөгөөд тохуутай чанар, уран барилгын хүнд боловч нарийн хийц, хөвөн даавууны хөнгөн чанар гэх эсрэг тэсрэг туйлуудын хосломжийг бүтээж “Мисс Диор”-ын мөн чанарыг тодорхойлжээ.

Хятадын уран бүтээлч Лианг Юанвей Кристиан Диорын 1949 оны коллекцийн даашинзнаас санаа авч энэхүү уран зургиийг бүтээжээ. Кристиан Диорын энэ л даашинз түүнд “Тоос болон алга болох цэцэгсийг зурснаар түүнийг мөнхрүүлэх мөчийн мэдрэмжийг би үзүүллээ” гэсэн мөрүүд бүхий Рилкегийн шүлгийг санагдуулсан аж.

“Мисс Диор” үзэсгэлэнд уран бүтээлч авьяаслаг эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна Кристиан Диорын “Мисс Диор” сүрчигтээ зориулан гаргасан коллекцийн даашинзууд хурсан олны харааг булааж байлаа. 

Кристиан Диор эл даашинзыг 1949 оны хавар зуны коллекцдоо зориулан бүтээхдээ “Мисс Диор” сүрчигний найрлагад орсон цэцэгсийг торгон дээр буулгаж яг “ижил найрлагатай” даашинз урласан бөгөөд үүгээр өөрийгөө сүрчиг бүтээгч, мөн загвар зохион бүтээгчийн аль алин болохыг харуулжээ.

Харин энэ хар даашинзыг 2013 онд Диорын загвар зохион бүтээгч Раф Симонс “Мисс Диор” сүрчгийн элч болсон жүжигчин Натали Портманд зориулан урлажээ. Ингэхдээ Кристиан Диорын 1949 оны бүтээлээс санаа авч торгон цэцэгсээр битүү чимэхдээ орчин үеийн coolness болох хар өнгийг сонгосон байна.

Мисс Диорын сурталчилгаан дээр Натали Портманы өмсдөг энэ даашинз их дотно харагдаж байгаа биз? Уг даашинз дээрх цэцэг бүрийг гараар оёсон гээд бод доо!

Харин энэ хээнцэр даашинз бол 1961 оны хавар зуны коллекцийн даашинз бөгөөд домогт жүжигчин Элизабет Тейлор, Жина Лолобригида нар өмсөж байсан нь Кристиан Диорын даашинзуудын нэр хүндийн нэгээхэн илрэл юм.

Мисс Диор сүрчигээр амьсгалсан энэ өдөр алгуурхан өндөрлөв. Үзэсгэлэнгийн танхимаас гарахад нар хэдийнэ шингэж, Парис гэрлэн чимэглэлээрээ гоёжээ. Гүн сэтгэгдэл, мэдрэмжид автуулсан энэхүү үзэсгэлэнгийн дараа Шонз-Элизе дагуу алхаж явахдаа би хэдэн цагийн өмнө урт дараалалд зогсож байх үеийнхээсээ ч илүү сэтгэл хөөрсөн байхыг анзаарч билээ. Сарнай, мэлрэг цэцэгсийн хүрээлэн бүхий Кристиан Диорын төрсөн нутгийг төсөөлөнхөн явахдаа “Хэрэв би үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчдийн нэг байгаад “Мисс Диор”-ыг өөрийнхөөрөө илэрхийлсэн бол юу гэх байсан бол?” гэх амттайхан бодолд умбана. “Мисс Диор” бол миний хувьд энгийн нэгэн сүрчиг бус аливаа хүн жаргалтай өнгөрүүлсэн мөч, бага нас, төрөлх нутгаа хэзээд сэтгэлдээ тээж явдагийн илрэл, мартагдашгүй хором мөч бүрээ хийж бүтээж буй бүхэндээ шингээх гэсэн оролдого, агуу их дурсамжийн толь юм болов уу. Миний бүтээл үзэгч бүрт сэтгэлээ тольдохыг урьсан тийм л бүтээл байх байсан биз ээ.

Жич: Энэхүү үзэсгэлэн нь аялан явах үзэсгэлэн бөгөөд Парист гараагаа эхлээд одоогоор Бээжин, Шанхай, Сөүл хотуудад дэлгэгдсэн байгаа.