“Рене.. хэн гэнэ үү?!” хэмээн анх нэрийг нь уншчихаад ахин нэг лавлан харж билээ. Мюнхен хотын зар сурталчилгааны баганан шонгууд дээр ээлж дараалан наагддаг тэр олон сурталчилгаан дундаас шаргал үстэй бүсгүйн жоготой харцыг буулган зурсан зураг анхаарал татах тэр л мөчид уг зургийн эзний уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэх гэж буйг олж мэдсэн юм.
Мюнхен хотод жуулчдын, ялангуяа эрчүүдийн заавал зорин очдог нэгэн газар бол BMW музей юм. Техникийн хөгжил дэвшил, хийц урлагийг харуулсан тэр л музейд фэшн зургийн үзэсгэлэнг дэлгэсэн нь нэн өвөрмөц сэдэл мэт. BMW музей нь 4000 гаруй квадрат метр талбай дээр өөрийн 90 жилийн түүхийг гэрчлэх хамгийн үнэ цэнэтэй, үлгэр жишээ загваруудаа танилцуулсан байнгын үзэсгэлэн гаргахаас гадна шинэ нээлт, загварынхаа эх хувилбар, онцгой загварууд, түүнчлэн компанийн соёлын салбарт оруулах хувь нэмрийг өсгөх зорилгоор гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэнг тусгайлан дэлгэдэг. Рене Грюогийн бүтээлүүдийг энэхүү тусгай үзэсгэлэндээ дэлгэж, урлаг, загварын салбар дахь оролцоондоо нэгэн шинэ өнгийг нэмжээ.
Галерист Джоэл Шарио аль 1982 оноос Рене Грюогийн бүтээлүүдийг судалж түүний 80 гаруй эх бүтээлийг уран бүтээлийнх нь оргил үе тус бүрт ангилан 1946-2000 он хүртэлх цаг хугацаагаар аялуулах мэт эвлүүлжээ.
Нэр нь төдийлөн олны танил бус ч энэ зураач 1950-иад оноос фэшн зургийн ертөнцийг бүтээлцсэн, өнөөгийн фэшн болон зурагт хуудас, зар сурталчилгааны зурагт хамгийн их нөлөөлсөн уран бүтээлч аж.
Ренато Цавалли Рикарделли 1909 оны хоёрдугаар сарын 4-нд Италийн Римини хотноо төржээ. Аав Алессандро Цавалли италийн гүн, ээж Мари Грюо нь язгууртан гаралтай франц бүсгүй. Эцэг эх нь түүнийг бага байхад нь салж Ренато ээжтэйгээ амьдрах болж, ээжээрээ овоглох болсноор Рене Грюо нэр нь бүрэлджээ. Багадаа ээжтэйгээ Римини, Парис, Венец, Монте Карлогоор байнга аялж, хүүхэд насаа аз жаргалтай өнгөрөөсөн ч тун удалгүй эцгийн хөрөнгө үгүйгээр урьдын чинээлэг амьдралаа хэвээр хадгалах боломжгүй болж, 14 настай Ренед мөнгө олж, ээждээ туслах чухал хариуцлага тохогджээ. Багаасаа зураг зурах дуртай, гартаа үргэлж харандаа барьж явдаг, архитектор болохыг хүсдэг байсан тэрбээр чаддаг ганц зүйл нь зурах болохоор мөнгө олохын тулд анхны бүтээлүүдээ танил редактор бүсгүйд үзүүлтэл сэтгүүлд фэшн зураг зурах санал тавьсан байна.
Фэшн зураг гэж юу болох, хувцасны загварыг хэрхэн зурдаг талаар мэддэггүй түүнд ээж нь тусалж, эмэгтэй хүн хэрхэн зогсож, хэрхэн суудаг, ямар байдалтайгаар хөл гараа байрлуулдаг зэргийг харуулан анхных нь манекен болж өгсөн гэдэг. Рене ээжийнхээ тухай дурсан ярихдаа үргэлж эрхэмсэг, дэгжин, хайр дүүрэн сайхан эмэгтэйн дүр зургийг өгдөг нь түүний хэвлэлд өгсөн ярилцлага бүрээс анзаарагдана.
Ренегийн анхны фэшн зургууд Италийн Lidel сэтгүүлд хэвлэгдэж, улмаар нүүр хуудсан дээр заларснаар гадны бусад хэвлэлийнхний анхаарал залуухан зураач руу татагдсан байна. Түүний зурсан эрхэмсэг эмэгтэйн зургууд хэний гараар бүтсэнээ илтгэх мэт бүгд нэгэн таних тэмдэгтэй. Грюо зураг зурж байхдаа будгаа цаасан дээр санамсаргүй дусааж орхисон бөгөөд тэрхүү дуслыг од болгон хувиргаснаар зурагаа тамгалах гарын үсэг нь төрсөн түүхтэй.
Италид Муссолини засгийн эрхэнд гарч фашизмыг үл тэсвэрлэгч Рене 21 насандаа төрөлх нутгаа орхин ээжтэйгээ хамт Парисыг зорьжээ. Загварын төв Парис хотод ирснээр Ренед фэшн зураг зурах хэд хэдэн ажил олдож, сэтгүүлүүдэд зурагаа хэвлүүлж эхлэв. Парис хот Ренед амжилт авчраад зогсохгүй ирээдүйд амьдралыг нь өөрчлөх төөрөгтэй хүмүүстэй учруулсан юм. Le Figaro сэтгүүлтэй хамтран ажиллах хугацаандаа тэрбээр тухайн үед нэрд гарч байсан Жак Фать, Пьер Бальмен, Кристобал Балонсиага зэрэг залуухан загвар зохион бүтээгчидтэй танилцаж, үүн дундаас хамгийн онцлох учрал нь 1936 онд Le Figaro сэтгүүлийн редакцид Кристиан Диортой танилцаж, сайн нөхөд болсон явдал байв.
Пьер Бальмений загварыг Femina сэтгүүлд зориулан зурсан нь
Балонсиагад зориулсан зураг
Диорын сурталчилгаанд зориулсан ноорог
Парис эзлэгдэх үед Рене Канн руу дүрвэсэн бөгөөд үргэлжлүүлэн зурсаар байв. Хэзээ ч урлагийн сургуульд сурч байгаагүй Рене фэшн зураг зурахыг бие даан сурсан юм. 1944 онд Парис чөлөөлөгдөх үед түүнийг эргэн ирэхэд, дайны дараа шалдаа буусан загварын ертөнцийг Кристиан Диор цээж задгай, гүн ухлаадас, нарийн бэлхүүстэй, эмэгтэйлэг, шинэ загвараараа аварч байв. Дайны өмнөх үеийн эмэгтэйлэг бөгөөд эрхэмсэг хэв загварыг эргэн сануулсан энэхүү шинэ хэв маягийг Диор бүтээж, Рене зурж олонд хүргэж байжээ.
Кристиан Диор анхны сүрчиг Мисс Диороо танилцуулахдаа Рене Грюод хандан сүрчгийг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг даатгаж, хүсэл тааллаараа зурах эрх чөлөөг түүнд олгосон байна. Учир нь хоёр найз фэшн мэдрэмж, сонголтоороо үргэлж санаа нэгддэг төдийгүй бие биеэ уран бүтээлчийн хувьд хүндэлж, гүнээ итгэдэг дотно харилцаатай байжээ. Мисс Диор сүрчигний анхны сурталчилгааны зургууд дээр сүрчигний шилэн сав огт үл харагдах нь тухайн үед маш том хувьсгал болсон аж. Ренегийн зургуудаас тэрхүү сүрчигний эрхэмсэг чанарыг мэдэрч болох авч сурталчилж буй эд өөрөө үзэгдэхгүй нь сонирхолыг улам ихээр татаж тухайн үед шинэлэг алхам болсон байна. Кристиан Диор 1957 онд таалал төгсөхөд Рене дотны андаа төдийгүй уран бүтээлийн дэмжигчээ алдсан юм. Хожим Рене, Кристиан Диороос хойш түүн шиг тийм нарийн мэдрэмжтэй, хүндэтгэл төрүүлэм, таатай уур амьсгалтай хамтрагчтай учирч байгаагүй тухайгаа өгүүлсэн байдаг.
Мисс Диор сүрчгийн анхны сурталчилгаа болон суталчилгааны ноорог
Рене Грюо хэдийгээр өөрөө Японд очиж үзээгүй ч 1960-аад оны эхэн үеэс уран бүтээлдээ японы уран бичвэрээс санаа авч байв. Түүний бийрийн таталт улам нарийсч, хэрэглэх өнгө нь ч багасч байжээ.
Сэтгүүл, хэвлэлийн компаниуд гэрэл зураг руу шилжиж фэшн зураг зуруулах хандлага багасахын зэрэгцээ 1968 онд Европт өрнөсөн оюутны хөдөлгөөнөөс хойш залуу үеийнхний хүсэл эрмэлзэл, түүнийг дагаад хувцаслах хэв маяг нь өөрчлөгдөж, шинэ залуу загвар зохион бүтээгчид төрөн гарч, богино банзал эрхэмсэг от кутюрийг моодноос шахан гаргасан нь Ренед харь, басхүү таагүй санагдаж байв. Иймд тэрбээр загварын ертөнцөөс аажмаар холдож, театр, кабаре шоуны зурагт хуудас зурах болжээ. Энэ тухайгаа Рене Грюо “Би тав, зургаан настайгаасаа л ээжийнхээ гэрт хаа сайгүй тархсан загварын сэтгүүлүүдийг эргүүлж, элдэв дотуур хувцастай эмэгтэйчүүдийн зураг үздэг байсан болоод ч тэр үү, анх эмэгтэй хүний хөл зурах гэж сараачдаг байсан. Кабаре шоуны зурагт хуудас бүтээнэ гэдэг тэгэхээр миний хувьд хувь заяаны тохиол байсан болов уу ” хэмээн дурссан байдаг.
Рене Грюо 2004 оны гуравдугаар сарын 31-нд Ром хотноо таалал төгсчээ. Тэрбээр гэрээслэлдээ өөрийн нас барсан явдлыг нэг сар нууцлахыг чандлан захисан гэдэг. Олны анхаарал татаж сүр дуулиан болгохгүй гэсэндээ л тэр. Амьд ахуйд нь тухайн цаг үеийн бараг бүх алдартай сэтгүүлд зураг нь хэвлэгдэж байсан тэрбээр нэрээ гарган цээжээ дэлдээгүй, өөд болохдоо ч аниргүйхэн салах ёс хийжээ. Гэвч түүний гараар бүтсэн үзэсгэлэнт эмэгтэйчүүд дуулиан тарьсаар.
©Диор. 2011 оны хавар зуны коллекц
2011 онд тухайн үед Диорын тэргүүн загвар зохион бүтээгч асан Жон Галлиано хавар, зуны коллекцоо танилцуулсан нь загварын ертөнцөд алга ташилт, магтаалаар өлгийдүүлсэн дуулиант үйл явдал болсон юм. Олныг бишрүүлсэн энэхүү коллекц Рене Грюогийн зурсан фэшн зургуудаас үүдэлтэй бөгөөд түүний хүндэтгэлд зориулсан үйл байв. Нэрий нь ч мэдэхгүй явахдаа зөнгөөрөө түүний бүтээлүүдэд татагдан сэтгүүл дээрээс хайчлан, дэвтэр юугаа гоёж байсан надад өдгөө энэ нэр эгээ л түүний таних тэмдэг болох од мэт хэдийнэ танил болжээ...
Kommentar schreiben