Хатан Хаан Сиссигийн мөрөөр

“Сисси” хэмээх чихнээ дотно нэр нэг л мэдэхэд хаант улс, харш шилтгээн, бүжигт наадам гээд тэртээ хөгшин Европ руу бодлыг хөтлөх...Энэ бүхнийг үүтгэгч нь Эрнест Маришкагийн  найруулж, үзэсгэлэнт  Роми Шнайдерийн бүтээсэн дүрээр бидний зүрхэнд шингэсэн “Хатан хаан Сисси” гурван ангит кино яахын аргагүй мөн билээ. Эх хэлээр нь хальт сонсоод л гол дүрийнх нь дуу хоолойд, хэл ярианд ховсдуулсан мэт татагдаж Герман хэл улам шамдан сурсансан. Хэдэн удаа үзсэнээ ч мартжээ. Аль ч хэсгийнх нь харилцан яриа цээжнээ тов тод.

Гэвч амтархан үздэг энэ кино минь уран сайхны бүтээл учир бодит амьдралаас ихээхэн зөрүүтэй болохыг Европт очиж, хатан хаан Сиссигийн мөрөөр аялсныхаа дараа л би мэдэж авсан юм. Роми Шнайдерийн бүтээсэн сэтгэл хөдөлгөм, аз жаргалтай, гэгээн дүр хийсэн одож, Сиссигийн адармаатай боловч гайхалтай жинхэнэ амьдрал, туулсан замнал нь зөрчилдөөнтэй ч хүндэтгэм, ухаалаг, дэвшилтэт эмэгтэйн төрхийг сэтгэлд минь сийлжээ. Сиссигийн намтар, түүхийг бичигчид хоёр тал болон хуваагдсан байдаг. Нэг хэсэг нь түүнийг магтан дуулж үлдсэн нь халаглан харуусна. Мөн түүхчид, судлаачид Австрийн эсвэл Баварийн гэсэн бүс нутгаараа ялгаран Сиссиг буруутгаж эс бөгөөс өмөөрөн бичсэн байх нь элбэг. Ямартаа ч Элизабет гэгч хатан хаан түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээсэн гэдгийг европын хэд хэдэн хотод түүнд зориулан босгосон хөшөө, гүүр, харш, музейнүүд илтгэнэ.

Сиссигийн төрсөн харшийн гадна хана дээрх самбар

Элизабет Амалий Оегений 1837 оны 12-р сарын 24-нд буюу Христийн мэндэлсэн өдөр Баварийн Мюнхен хотноо төржээ. Зул сараар төдийгүй ням гаригт буюу нарны өдөр /Германаар Sonntag/ мэндэлсэн бяцхан охиныг бүгд  л “Нарны хүүхэд” хэмээн бэлэгшээн угтсан гэдэг. Нэг ёсондоо тухайн үеийн итгэл бишрэлээр аз одын бүхий л  шинж тэмдэг бүрэлдсэн хэрэг. Бавари дахь Виттелсбахын удмын гүн Макс, Баварийн хааны охин Людовика нарын голомтод охин үр болон мэндэлсэн нь Элизабетийн хатан заяа, дээдсийн удмыг улам төгөлдөржүүлжээ. Германы үндэсний телевизээр жил бүр зул сарын баяраар Хатан хаан Сисси кино цацагддаг нь түүний мэндэлсэн өдөртэй холбоотой биз ээ. “Австрийн хатан хаан” гэж австричууд Сиссигээр бахархах бол “Баварит мэндэлсэн, жинхэнэ Мюнхений охин доо” хэмээн германчууд булаацалдана. Австричууд Сиси гэж нэг “с” үсэгтэйгээр бичдэг бол Баваричууд Сисси гэж хоёр “с”-тэйгээр залруулна. Эрнест Маришкагийн киноноос хойш хоёр “с”-тэй хувилбар нь олонд илүү танил болсон ч аль аль хувилбар нь хүлээн зөвшөөрөгддөг аж. Гүн Макс, гүнгийн авхай Людовика нар тухайн үеийн уламжлал ёсоор хүүхэд байхдаа сүй тавьж,  хоёр гэр бүлийнхний хүсэлтээр гэрлэсэн хосууд байсан болохоор кинон дээр өгүүлдэг шиг тийм аз жаргалтай, бие биендээ хайртай байгаагүй аж. Гүн Макс эрх чөлөөгөө эдлэн, аялж, морь унаж, шүлэг уран зохиолд хорхойсч, ихэнх цагаа циркийн морин үзүүлбэр, дуу хуур, шүлэг найрагт зориулдаг байсан бол Людовика ордондоо хүүхдүүдээ харан ноходтойгоо тоглон суудаг байжээ. Хэдийгээр хайр сэтгэлээр хомс ч энэ гэр бүлд 9 хүүхэд заяасан аж. Хүүхдүүдээ өхөөрдөн бавари нэр оноож, Элизабетийг Лизль, Лиси, Сисси,  эгч Хеленийг Ненэ, дүү нарыг нь Гакел, Шпац, Мапперл гэхчлэн дууддаг байжээ.   

Гүн Максийн харш нь Мюнхен хотын хамгийн төв өргөн гудамж болох Людвигийн гудамжинд оршдог. Өнөөдөр энэ харшид Баварийн муж улсын төв банк байралдаг. 

Хаварын урь  оровуу үгүй юу Людовика хүүхдүүдээ аван Баварийн үзэсгэлэнт Штарнберг нуурын баруун эрэг дээрх гэр бүлийн зуны эдлэн болох Поссенхофен ордондоо гарна. Сисси бага насаа Поссенхофенд байгальд ойр, хүссэн үедээ усанд сэлж, зүлгэн дээгүүр хөл нүцгэн гүйж, ойр хавийн хүүхэд багачууд, эгч дүү нартайгаа уралдан тоглож, морь унаж, бавари аялгаар ярьж, дуулж, эрх чөлөөтэй, элдэв ёс дүрэмд захирагдалгүйгээр аз жаргалтай  өнгөрөөжээ. Гүн Макс, Людовика нар хүүхдүүддээ сайн боловсрол олгосон бөгөөд хүүхдүүд нь гадаад хэл, усанд сэлэлт, морь унах, бүжиг гээд урлаг спортын олон хөтөлбөрт хамрагддаг байжээ. 

Мюнхен хотоос баруун өмнө зүгт орших Штарнберг нуур нь Баварийн 2 дахь том нуур бөгөөд усанд сэлэх, гэр бүлээр зугаалга хийх, амрахад зохимжтой хүн хөдөлгөөн ихтэй газар

Сиссигийн өсөж торнисон  Штарнберг нуурын эрэг дээрх Поссенхофен шилтгээн. Өдгөө тус шилтгээн хувь хүний эзэмшил тул зөвхөн гаднаас нь л харж сонирхох боломжтой. Сисси энд амьдралынхаа хамгийн аз жаргалтай, эрх чөлөөтэй үе болох хүүхэд насаа өнгөрүүлсэн.

Поссенхофен болон Штарнберг нуур Сиссийг хатан хаан болсон хойноо ч алжаалаа тайлж, хааны ордны хатуу дэгээс хэсэгхэн ч болов холдон жаргалтай хүүхэд насандаа эргэн очиж, эрх чөлөөгөө мэдэрдэг өлгий нутаг нь хэвээр байсан юм. Эдүгээ Поссенхофений гал тэрэгний төв буудал дахь тухайн үеийн хаад, язгууртнууд аялах замдаа саатан морилдог байсан хүлээлгийн өрөөнд Хатан Хаан Элизабетийн музей байх бөгөөд өнгөрсөн жил түүний дурсгалд энэхүү хөшөөг босгожээ

Поссенхофений галт тэрэгний төв буудал

150кг жинтэй энэхүү хүрэл хөшөөг  2013 оны 10 сарын 2-нд 1000 гаруй  км зам туулан байж Поссенхофенд авчиржээ. Польш гаралтай, Штарнбергт ажиллаж амьдардаг уран барималч Ёозек Новакийн бүтээл

Австрийн хаан ширээг залгамжлаад ердөө  5 жил болж байсан, тухайн үедээ Европт хамгийн хүсэмжит  ганц бие эрчүүдийн нэг байсан залуу хаан Франц Иосефийн ээж Софи, өөрийн дүү Людовикатай нууцхан зөвлөлдөж, Иосефийг охин Ненэтэй нь сүй тавиулахаар Австрийн Бад Ишл хотноо хааны зуны өргөөнд уулзахаар болзжээ. Гэвч эгч дүүсийн энэ төлөвлөгөө бүтэлгүйтэж залуу хаантан Сиссид ухаангүй дурласныг бид киноноос мэднэ. Ненег хатан болгох зорилгоор бусад хүүхдүүдээсээ илүү боловсрол олгож, шашин, ёс жаягийн хичээл зааж байсан төдийгүй Нене өөрөө ч хатан хаан болно гэдэгтээ итгэдэг, хувь заяандаа дуртайяа бэлддэг байсан гэдэг. Гэтэл, дөнгөж 15 нас хүрээд байсан,  хүүхдээрээ шахам Сиссиг бараг 8 насны зөрүүтэй хаан хатнаа болгохоор сонгоход Софи дургүйцэж, Сисси өөрөө балмагдан сандарч, харин Людовика охиноо “Хаан хүнд үгүй гэж болдоггүй юм, алдас болно” хэмээн ятган тайтгаруулж байсан гэдэг. Софи энэ тухай эгч Марийд бичсэн захидалдаа “Франц бүр царай нь гэрэлтээд л...Тэр баярлахаараа ямар харагддагийг чи мэднэ дээ. Тэр бяцхан амьтан Францад ямар гүн сэтгэгдэл төрүүлснээ өөрөө ч мэдэхгүй яваа, бүрэг ичимхий жаахан хүүхэд...” гэсэн байдаг бол Франц Иосеф ээждээ “Сисси ямар эгдүүтэй, цовоо сэргэлэн гээч. Гоёмсог үс нь нүүрийг нь титэм мэт хүрээлээд л... Үзэсгэлэнтэй дөлгөөн нүд, гүзээлгзэнэ мэт уруул. Жаахан хүүхдийнх шиг гэмгүй төрхтэй ч энэрэнгүй, сайхан сэтгэл нь гэрэлтсэн, ямар нэг хэлбэрт баригдаагүй чөлөөтэй, өөрийнхөөрөө зан  нь хичнээн хайр хүргэм гээч... ” хэмээн бичиж байв.

1853 оны 8-р сарын 18-нд Франц  Иосефийн  23 насны ойн баяраар Бад Ишлд Сисси Францтай сүй тавив. Авсрийн хааныхан гэр бүлээрээ зун амардаг байсан энэхүү харшыг хожим Софи хүү бэр хоёртоо хуримын бэлэг болгон өгсөн бөгөөд харшийг өргөтгөн хоёр жигүүр нэмж бариулснаар харшийн дэвсгэр зураглалын хэлбэр нь Э буюу Элизабетийн нэрний эхний үсэг болсон байна.

Хурим болох хүртэл хэдхэн сарын хугацаанд Сисси Австрийн түүх, франц, итали, чех хэл, ордны ёс, дэг жаяг, ордны бүжиг гээд л одоогийнхоор бол гүнзгийрүүлсэн шуурхай курс хичээлд дарагдав. Элдэв хүлээс, дарамт шахалтгүй амьдарч байсан эрх чөлөөт охин гэнэт бүхний анхаарлыг татаж, хэлэх ярих, хөдлөх гүйхээ хүртэл ёс журамд тохируулах болж, төрж өссөн нутгаа орхин танихгүй хот, тааж үл мэдэх ирээдүйг зорин одно гэхээс эрхгүй айдаст автаж байжээ. Сисси аав шигээ шүлэг найрагт дуртай, багаасаа л шүлэг бичиж дүү нартаа уншиж өгдөг нэгэн байсан юм. Тэрбээр энэ үеийнхээ сэтгэлийн түгшүүр, айдсыг илэрхийлэн

Хараацай минь надад далиа зээлдээч

Холын хол намайг аваад яваач

Бүх дарамтыг тэслэн

Бүхий л хүлээсээ тайлмаар байна... хэмээн мөр холбосон нь бий.

1854 оны 4-р сарын 20-нд Сисси зургаан морь хөлөглөсөн сүйх тэргээр Мюнхен хотоос Австрийг зорин ээж, аав, эгч дүүс, итгэлт шивэгчин нараа дагуулан хөдлөв. Ирээдүйн хатан хааныг замдаа таарах хот бүрт хотын дарга нар угтан авч, найр наадам үүсгэж, хурсан олон баяр хүргэн хашгирцгааж, сүм хийдүүд хонхоо цохиж, хүндэтгэлийн буун дуу нүргэлж байсан нь 16-хан настай  жаахан охины хувьд хичнээн сүрдэм байсан нь ойлгомжтой.  Сисси 4-р сарын 23-нд найман морь хөлөглөсөн хааны сүйх тэргээр Вена хотруу орж ирж, шинээр баригдсан Элизабет гүүрийг нээх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд хатан хаанаа харахаар цугларсан Веначууд сүйх тэргэн дотроос цочирдож, балмагдсандаа уйлсан бяцхан охин гараа даллахыг л олж харсан гэдэг. Ингээд 4-р сарын 24-нд 15 000 лаа асаасан Аугустины сүрлэг сүмд гэрлэх ёслол болж Сисси тухайн үед  Европт эрх хэмжээгээрээ Оросын дараа хоёрт ордог эзэнт гүрэн Австрийн хатан хаан болов. 

Австийн хааны ордонд ирсэн, дөнгөж цэцэглэж буй, эрх чөлөөт бавари охинд хаалга бүрийн дэргэд зогсох харуул, хөдлөх ярих нь хүртэл дэгтэй ордны хатуу ёс жаяг, үргэлж загнан зэмлэж, зааж сургах хадам ээж, хаа яваа газар нь дагалдан тандах харь үйлчлэгч, ордны элдэв хов жив, өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл төлөвлөсөн хөтөлбөр, насанд нь ахадсан үүрэг хариуцлага хичнээн хүнд бэрх байсан нь илт. Энэ нь түүний эмзэг зөөлөн мөн чанар, угийн бүрэг ичимтгий зан, байгальд ойр, эрх дураараа өссөн хүүхэд настай нь зохицолдоход амаргүй байсан талаар олон судлаачид бичсэн байдаг. Сисси энэ үеээ торонд орсон шувуутай зүйрлэн шүлэглэсэн байдаг.

Шёнбрунн шилтгээн.1997 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн энэ ордон жуулчдын хамгийн их зорьдог газар. Вена хотноо очвол заавал үзэх газарын нэгд тооцогддог.

Шёнбрунн шилтгээний цэцэрлэг, Глориет

Франц Иосеф Сиссид хайртай байсан ч үнэндээ тэднийг нэгтгэх зүйл цөөн байв. Франц Иосеф өөрийх нь баримталж буй бодлогыг эсэргүүцсэн бослогыг цуст хядлагаар дардаг, хаан ширээ, улс төрийг тэргүүнд тавьдаг, дайн, зэвсгийн хүчинд итгэдэг хатуу чанга дэглэмтэй нэгэн байсан бол Элизабет шүлэг найраг сонирхдог, байгаль, амьтанд ойр, улс төр, хаант улсын тогтолцоог шүүмжилдэг оюунлаг бүсгүй байв.

1855 онд Сисси анхны охин Софигоо төрүүлсэн ч харамсалтай нь бяцхан үр нь хоёрхон насандаа өөд болжээ. 1856 онд хоёр дахь охин Гизела, 1858 онд угсаа залгамжлагч хүү Рудолфийг төрүүлсэн бөгөөд хүүхдүүд нь төрмөгц өсгөн хүмүүжүүлэх бүх эрхийг хадам эх нь түүнээс булаан авсан юм. Сисси үүнтнэй чадах хэрээр тэмцэлдэж, хадам эхийн хорьсон бүхий л үйлийг үйлдэж, хааны ордонд ихээхэн шуугиан тарьж байв. Дөрвөн жилийн дотор гурван ч удаа амаржсан нь түүнийг туйлдуулж, хадам эхтэйгээ хийсэн тэмцэл нь сэтгэл санааг нь тогтворгүй болгосон гэдэг.

Анхны охиноо алдсны дараа ордны өнцөг булан бүр гунигт дурсамжийг нь сэдрээх болсон тул Франц Иосеф, Сисси хоёр Вена хотын Хофбург дэх хааны харш руу нүүн орсон юм. Эдүгээ энэ харшид Сиси Музей байрлах ба хатан хаан Сиссигийн өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дэлгэж олноо хүргэдэг.

Вена хот дахь Сиси музей нь хамгийн их цуглуулгатай, Сиссигийн хүүхэд байхдаа өмсөж байсан гуталнаас эхлээд зураг, захидал, даашинз, гоёл чимэг, зүүлтийг дэлгэн харуулсан байдаг.

Хуримынхаа өмнө, Мюнхенээс гарахын өмнөх оройн баярт Сиссигийн өмссөн даашинзны дуурайлган хийсэн хувилбар. Эх хувилбар нь Вена хотын соёлын түүхийн музейд хадгалагдаж буй. Энэхүү даашинз дээр араб хэлээр  “Бурхан минь, юутай сайхан хувь заяа вэ” хэмээн бичжээ.

Эхнэр ээж хоёрынхоо үл ойлголцол дунд хэсэгтээ зовсон Франц Иосеф удалгүй Польшийн гүнгийн ахай зэрэг өөр бусад эмэгтэйчүүдтэй нэр холбогдож эхлэв. Сисси энэ үед гар хөл нь хавдаж, арьс нүүрээр нь тууралт гарч, байнга ханиалгаж, хоолой нь өвдөн зовиурт автаж байжээ. Энэ бүхнийг ордны зүгээс уушгины үрэвсэл хэмээн албан ёсоор тайлбарлаж байсан ч хаан хатанд бэлгийн замын өвчин халдаасан тухай хов жив ордноор тархаж байсан тухай баримт ч бий.

Өвчнөөрөө шалтаглан Сисси зургаан жилийн дараа, ирснээсээ хойш анх удаа хааны  харшийг орхин Мадейра руу алсын замд гарчээ. Хүүхдүүдээ авч явах боломж түүнд байсангүй. Үнэндээ ордонд үлдсэн ч хараа хяналтгүйгээр тэдэнтэйгээ уулзан эрхлэх боломж байсан ч биш дээ. Ордны хүлээсээс тайлагдсан Сисси өвчин нь илааршиж, сайхан байгаль, цаг уурт идээшин дасч, морь мал, нохой худалдан авч, Шекспир тоглож, Хайнрих Хайнегийн шүлгүүдийг уншин, нутгийн зоны хайр хүндэтгэлийг булааж, өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авсан гэдэг. Хагас жилийн дараа хүүхдүүдээ санасан Сисси Венад эргэн ирсэн боловч өвчин нь дахин сэдэрч Корфу явжээ. Тэрбээр Севияа, Гибралтар, Майорка, Малта, Корфу, Триеэстээр аялж, Киссингенд сувилалд эмнүүлж, Баварид гэр бүлийнхэндээ очин амарч байгаад 2 жилийн дараа Венад эргэн ирэхдээ үзэсгэлэн төгөлдөр, өөртөө итгэлтэй бүсгүй болсон байсан нь веначуудийг эрхгүй догдлуулсан гэдэг.

Франц Ксавер Винтерхалтерийн зурсан хөрөг, Сиссигийн хамгийн алдартай, түгээмэл хөрөг. 1864 он 

Иосеф Сиссигийн гоо үзэсгэлэнг зурган дээр төгс буулгах зураач байгаагүйгээс ихэнх зураачдын бүтээлийг Франц Иосеф голдог байв. Өөрийнх нь хамгийн дуртай өтгөн хүрэн үсийг нь сул тавьсан энэ хөргийг Ф.Ксавер Винтерхалтер зуржээ.

“Бурхан минь, тэр ямар үзэсгэлэнтэй юм бэ?” хэмээн Персийн шейх Насреддин 1873 онд Венад болсон Дэлхийн Үзэсгэлэнд ирэхдээ дуун алдсан гэдэг. 1860,1870-аад онд Элизабет дэлхийн хамгийн сайхан эмэгтэйн тоонд орж байв. Венад суух америкийн элчин Сиссиг “Үзэсгэлэн гоон гайхамшиг. Өндөр гоолиг биетэй, хүрэн шаргал үстэй, дөлгөөн нүд, сайхан инээмсэглэлтэй, час улаан уруултай” гэж тодорхойлсон байдаг. Хаа явсан газраа зон олныг гоо үзэсгэлэнгээрээ бишрүүлэх Элизабет тэрхүү гоо үзэсгэлэнгийнхээ үнэ цэнийг мэддэгээр барахгүй бүр донтсон мэт өөрийгөө арчлан торддог байжээ.

Сисси 1,72 метр өндөртэй хэрнээ 45 кг жинтэй, бэлхүүснийх нь тойрог 50 см байсан гэдэг. Тэр тугалын түүхий махаар нүүрэндээ бигнүүр тавьж, нүүр хүзүүний арьсандаа нухсан гүзээлгэнэ түрхэж, дэр дэрлэхээс зайлсхийн, арьсаа уян зөөлөн байлгахын тулд чидун жимсний тостой усанд ордог байсан байв. Сул тавибал шагайг нь шүргэх урт үсээ арчлахдаа гурван долоо хоног тутамд түүхий өндгийг коньяактай холин угаах бөгөөд, энэ арчилгаандаа бүтэн өдрийг зарцуулдаг байсан гэдэг. Ордны шивэгчин, үйлчлэгч нарын тэмдэглэн үлдээснээр өдөр бүр Сиссигийн үсийг самнаж сүлжихэд бүтэн гурван цаг зарцуулдаг байжээ. 

Сиссигийн үсээ янзалдаг ширээ

Сиссигийн унтлагын өрөө

Биеийн жингээ 50 кг-аас илүү гаргахгүйн тулд хоолны чанга дэглэм барьдаг байсан нь ордны олон эмч нар болон хааны санааг зовоодог байв. Сиссигийн хамгийн  уух дуртай умдаа нь түүхий сүү байжээ. Гэхдээ зүгээр л нэг үнээний сүү бус ордны хяналтан дор байх саалийн газарын үнээний сүү уудаг байв. Тэр ч байтугай аялалаар явахдаа үнээгээ авч явах тохиолдол байх бөгөөд хэрэв замд нь сайн сүүтэй үнээ таарвал худалдаж аваад Шёнбрунн руу илгээнэ. Сисси хоолны дэглэм барихаас гадна туялзуур жад зэрэг  спортоор хичээллэж, морь унаж, байнгын дасгал сургууль хийдэг байв.

Сисси өдөр бүр дасгал хийж ордны ёс дэгийг зөрчин өрөөндөө спорт төхөөрөмжүүд бариулж байжээ. Өдөр бүр дасгалынхаа дараа цусны эргэлт сайжруулах зорилгоор массаж хийлгүүлдэг байв. Хожим аялахдаа урьд нь буудаг байсан зочид буудал, бусад орд харшдаа ч ийм цагариг хаалганд нь хадуулж биеийн галбираа хадгалахын тулд уйгагүй дасгал хийдэг байж. Дасгал хийж байхдаа “хэрэв тэр ахайтан намайг даашинзтайгаа дүүжигнэж байхыг харвал нүд нь орой дээрээ гарах байх даа” хэмээн ёжилдог байсан гэдэг.

Франц Иосефийн ажлын ширээ. Франц Иосеф Сиссид үнэн зүрхнээсээ хайртай, түүний гоо сайхныг бишрэн шүтдэг байв. Харин гэрлэлтийн эхний жилүүдэд ээжийнхээ талд орон ганцаардуулж, үр хүүхдээс нь холдуулж байсныг хэзээ ч уучлаагүй Сисси өдөр ирэх бүр Франц Иосефт хүйтэн хөндий хандаж, эргэн тойрныхоо бүх эрчүүдийг өөртөө дурлуулж байлаа. Гэвч Франц Сиссигийн хүссэн бүрийг биелүүлж, аялал бүрийг нь санхүүжүүлдэг байсан гэдэг.

 “Улс төрийг би хүндэлж үздэггүй болохоор сонирхлыг минь татдаггүй ” хэмээн Сисси нэгэнтээ хэлсэн байдаг. Улс төр гэж тус тусын эрх ашгаа л халхалсан худал хуурмаг гэж үздэг Сисси Франц Иосефийг дайн хийх болгонд “энхийн замаар шийдвэрлэвэл дээр бус уу?”, эсвэл “Эсрэг талын хаан хэрэв нас барчихвал дайн гаралгүй Бурхны аврал болно доо” гэхчлэн эсэргүүцэн ярьдаг байв. Харин амьдралдаа эхний бөгөөд эцсийн удаа улс төрд оролцсон нь түүнийг Унгарын хатан хаан болгосон явдал юм. Хадам ээж Софигийн үзэн яддаг Унгарт 1857 онд анх удаа хааны хамтаар айлчлан очихдоо л Сисси  энэ орныг сэтгэл зүрхэндээ шингээсэн гэдэг. Ингээд тэрбээр ордны зүгээс ирэх эсэргүүцлийг үл тоон, эргэн тойрондоо унгарчуудыг цуглуулж, мажар хэл шамдан сурч эхэлжээ. 1866 онд 28 настай Элизабет тухайн үед 42 настай байсан унгарын хувьсгалч, улс төрч Андраши гүнтэй танилцаж, түүний урилгаар Будапешт хотноо айлчлав. Андраши гүн Элизабетэд нөлөөлж, Элизабет Франц Иосефт нөлөөлснөөр унгарчууд өөрийн үндсэн хуультай болж, Австрийн эзэнт гүрнээс Австри-Унгарын тэгш эрхт эзэнт гүрэн үүсэх том үйл биелэлээ олжээ. 1867 онд Франц Иосеф Унгарын хаан, Элизабет Унгарын хатан болох ёслол Будапештийн Маттиас сүмд болжээ.

Сисси Унгарын хатан болох ёслолд өмссөн даашинзны дуурайлган хийсэн хувилбар. 

Ёслолоос хойш 10 сарын дараа Сисси дөрөв дэх хүүхэд болох охин Мари Валериг төрүүлсэн байна. Энэ удаад л тэрбээр төрүүлсэн үрээ өсгөж, хүмүүжүүлж, хайрлан энхрийлэх эрхээ эдэлсэн гэдэг. Ийм ч учраас Мари Валериг амь шигээ хайрлаж “”Унгар охин” хэмээн нэрийддэг байж. Хожим бүхнээ зориулсан энэ л охиноо хадамд гарахад нь Элизабет ихэд ганцаардан сэтгэлээр унажээ.

Вена хотын хааны харш дахь Сиссигийн унтлагын өрөөний цонхны дэргэдэх бичгийн ширээ. Сисси энэ ширээнээ сууж шүлэг бичдэг байжээ

Сисси үсээ янзлуулж байх 3 цагийн хугацаандаа Грек уншигчаараа эртний Грекийн үлгэр домгуудийг чангаар дуудуулдаг байсан бөгөөд өрөөнийхөө ханыг өөрийнхөө болон аавынхаа хамгийн дуртай яруу найрагч Хайнрих Хайнегийн хөргөөр чимжээ. Хайне тухайн үед Австрид persona non grata буюу дипломат хэлээр “тааламжгүй этгээд” буюу тухайн улсад үл таашаагдсан этгээд гэсэн статустай байсан бөгөөд Сисси ордны эсрэг тэмцлийнхээ илрэл болгон зориуд түүний зургаар ханаа чимсэн нь энэ аж. 

Унгарын хатан хаан болсноосоо хойш Сисси жилийн ихэнхийг Унгар дахь ордондоо өнгөрүүлж, бусад үед нь Бавари явж, Венад үзэгдэхээ бараг больсноос австричууд түүнийг багагүй шүүмжлэх болов.Франц Иосеф ч хатныхаа хаа явааг сонин хэвлэлээс л олж мэддэг болсон гэдэг. Сисси олон арван бараа бологч, дагуултайгаа баварит очдог байсан болохоор Поссенхофен дахь ордон жижигдэж, ойр байрлах Штраух зочид буудалд буудаг байжээ. Олон жилийн турш, зун бүр буудаллаж байсан тус зочид буудлыг эдүгээ “Хатан хаан Элизабет” хэмээн нэрийддэг. Сиссигийн дуртай хоол, Сисси салон гээд энэ зочид буудлын өнцөг булан бүр түүний тухай түүхийг өгүүлнэ.

Штарнберг нуурын ойролцоох Хатан Хаан Элизабет дөрвөн одтой зочид буудал

Сиссигийн зугаалдаг байсан зам өдгөө нутгийнхны зугаалах дуртай зам, жуулчдын жим болжээ.

1889 онд цор ганц хүү Рудольф нь амиа хорлосноор Элизабет сэтгэлийн гүн дарамтанд оров. Тавин нэгхэн настай хатан хаан хүнээс бэрэгшээсэн, ганцаардмал, тайван бус, сэтгэлийн байнгын дарамттай нэгэн болж хувиржээ. Хөгширч,  гоо үзэсгэлэн нь гундаж буй хатан хаан амьдралынхаа сүүлийн есөн жилийг гашуудлын хар хувцастайгаар, орон гэргүй нэгэн мэт сувиллаас сувилал руу, зочид буудлаас зочид буудал руу нүүдэллэн амьдарч өнгөрөөсөн юм. Залуу цагийн гоо үзэсгэлэнгээ авч үлдэхийн төлөө тасралтгүй тэмцэх Сисси зураг авахуулахаа ч  байж, сониуч нэгэн зураг дарах гэвэл бушуухан дэвүүрээр нүүрээ халхалж, эсвэл шүхэрнийхээ дор нуугддаг байсан гэх. Үнэхээр ч энэ чармайлт нь талаар болоогүй юм. Учир нь хожим түүнийг дэлхий ертөнц цэл залуугийнх нь гоо үзэсгэлэнгээр л дурсан санадаг билээ.

Сиссиг 1898 оны есдүгээр сарын 10-нд Женев хотоос аялалд гарахаар усан онгоц руугаа орох үед италийн анархист Луижи Лучени зүрх рүү нь үзүүрт шөвөг дүрэн амийг нь хөнөөжээ. Тэрхүү зэвсэг ч  Вена дахь Сиси музейд тавигдсан байдаг.

Хүүхэд төрүүлэх л үүрэгтэй гэргий, хааны чимэг төдийхөн байхыг хүсээгүй тэрбээр эмэгтэйчүүдийн талаарх уламжлалт ойлголтыг сөрөн зогсож, эрх чөлөө, хүсэл тэмүүллийнхээ төлөө тэмцсэн нь өнгөрсөн зууны эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөнийг эрхгүй санагдуулна. Тэр бол цаг үеэсээ өмнө төрсөн нэгэн байв. Хэрэвзээ Сисси энэ цаг үед төрсөн бол гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн миссээр тодорж, хоёр орныг энхийн замаар эвлэрүүлснээрээ “Энх тайвны төлөө” Нобелийн шагналд нэр дэвшиж, морин спортын төрлөөр олимпод өрсөлдөхийн сацуу хүүхэд ахуй цагаасаа мөр холбон шүлэг бичиж байсных алдартай шүлэгч нэгэн байх ч юм бил үү...

Хатан хаан Сисси Вена хотын Мадам Туссо лааны тосон музейд

Kommentar schreiben

Kommentare: 4
  • #1

    Урнаа (Dienstag, 15 Dezember 2015 20:00)

    Унгарт Сисиг маш их хүндэлдэг, хайрладаг. Сиси биш хатан Элизабет гэж нэрлэдэг юм билээ. Унгарын Андраши гүнтэй хайр сэтгэлийн холбоотой бсан. Унгар улсад маш их хайртай бсан, улс төрийн тал дээр ч Унгарыг их дэмждэг бсан гэж бсан. Үнэхээр гоё бүсгүй хамгийн гоё гоёл нь үс нь бсан гэдэг. Өтгөн хүрэн үсээ янз бүрээр сүлжиж гоёдог бсан гэдэг. Энэ амралтын өдрүүдээр Вена орно. Сисигийн ордонг үзнэ дээ. Намтраас нь үзэж бхад Францтай гэрлэснийгээ амьдралынх нь хамгийн буруу шийдвэр бсан гэж үздэг тухай бичсэн бсан. Тун сайхан найруулж бичиж, маш их мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Миний хувьд Сисиг Роми Шнайдерийн тоглосон Хатан хаан Сиси киногоор нь анх мэдэж авч блаа. Чехэд ч бас зул сарын баяраар энэ киног жил бүр гаргадаг гэсэн.

  • #2

    Chansy (Freitag, 18 Dezember 2015 21:56)

    Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа, Урнаа. Вена хот руу тэгвэл сайхан аялаад Сиссигийн ордонг үзээд, маш их зураг аваарай. Хүсвэл үзсэн харснаа инстаграм дээр @chansy_dash, #chansysdesktravel аргамж хийж хуваалцаарай.

  • #3

    Gerelee (Sonntag, 10 Juni 2018 20:24)

    Ih bayrlalaa. Bi Ungart bdag. Godollo gd shiltgeeniig ni uzsen. Vienna ch yvj bsan. Gaihaltai busgui shuu.

  • #4

    Zochin (Sonntag, 22 September 2019 07:08)

    Mash ih taalagdlaa,bayarlalaa