Та нар сүлд модоо хэрхэн засдаг вэ? Би эрээн мяраан, олон тоглоом замбараагүй өлгөх дургүй. "Сүлд модоо засахдаа цаасан дээр зураад эгнээ эгнээгээр нь хэдэн тоглоом өлгөхөө бичдэг хүн хараагүй юм байна" гээд л хадам аав маань намайг шоолдог юм. Би жил бүр аль нэг өнгөн бүрдлийг сонгож, тодорхой сэдэвтэйгээр засах дуртай. Ингэвэл бусад чимэглэлүүдээ, ширээ засалтаа, мөн бэлэгний цаасаа хүртэл тэр өнгөндөө зохицуулж жигдлээд нэг л сайхан санагддаг юм. Магадгүй зарим нь хэнээтэй гэх байх ;)
Гурван жилийн өмнө жишээ нь "Цагаан зул сар" сэдэвтэйгээр зөвхөн цагаан, мөнгөлөг өнгөөр сүлд модоо зассан.
Хоёр жилийн өмнө "Ягаан-мөнгөлөг зул сар" сэдэвтэйгээр мөнгөлөг тоглоомнууд дээрээ зөөлөн ягаан өнгийн тоглоомууд нэмээд л засчихсан. Зүгээр бөөрөнхий тоглоом өлгөхөөр нэг л зүйл дутагдаад байдаг мэт байдаг тул тууз аваад өөрөө бүчин зангилаа хийж нэмэхээр илүү сүртэй болдог мэт санагддаг юм.
Өнгөрсөн жил харин тиффани хөх буюу оюу ногоон өнгийн сэдэвтэйгээр засах санаа төрөөд гадуур тиффани өнгөтэй бөмбөлөг хичнээн хайсан гээч! Баглаа тоглоомон дундаас л хэдхэн тийм өнгөтэйг нь ялгах шаардлага гарч билээ. Харин оюу өнгөтэй тууз элбэг байдаг юм байна, түүгээрээ аль болох их бүчин зангилаа хийж, мөнгөлөг өнгөтэй тоглоомтой хослуулан "хулхидав" .
Энэ бүчин зангилааг хийх маш амархан шүү. Ямар хэмжээтэй хийхээс хамаарч, туузаа огтлоод бүчин зангилаа болгон нийлүүлээд төмөр утсаар бэхэлж өгнө, ирмэгий нь хөврүүлэхгүйн тулд галаар хөнгөхөн шүргээд л болоо. Дээр нь нэмж тоглоом бөхлөх юм уу, эсвэл цасан ширхэг, шигтгээ, сувд голд нь нааж тогтоовол илүү үзэмжтэй болох байх.
Саа унжуулж тавих нь бас л их ялгаатай болгож байгаа биз? Би өнгөрсөн жилийн зул сарын баярын ширээгээ яг ийм өнгөтэй сэдвээр засаж, бэлэг боох туузаа ч ижилхнээр сонгосон. Энэ жил ямар өнгөтэй зул сар болгох бол гэж сонирхож байна уу? Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр сүлд модоо засаж амжвал та нартайгаа хуваалцнаа. Түүнчлэн дараагийн бичвэртээ баярын ширээ засалтын санаануудаа хуваалцах болно. Хэрэв та бүхэн бүчин зангилаа хийж, сүлд модоо зассан бол инстаграм дээр @chansy_dash #chansysdeskdeko аргамж хийж надтай хуваалцаарай.
Удахгүй дараагийн бичвэрээрээ уулзацгаая,
Kommentar schreiben
Degi (Samstag, 12 Dezember 2015 21:23)
Amjilt husie tanid:) Mundag shuu:)
NGoo (Montag, 14 Dezember 2015 02:02)
Bayarlalaa, daraa jil heregjuulnee, ene jiliih oroitchihoj, :-)