Баярлалаа 2015 он минь

Шинэ оныг угтан хөөрөхдөө би улиран одож буй жилд болж өнгөрсөн онцгой сайхан үйл явдлуудыг дурсан тэмдэглэх дуртай. Жилийн эхэнд  төлөвлөсөн, мөрөөдсөн зүйлсээс минь хэд нь үнэхээр биеллээ олж вэ, хэдий нь би хэрэгжүүлж вэ гэдгийг дүгнэх сайхан байдаг юм. Амьдрал үргэлж сайхан мөчөөр дүүрэн байдаггүй, хүнд хэцүү үе тохиодог ч сайхан зүйлий нь үл няцаан, тэр бүгдэд талархаж байвал, сайн сайхан руу тэмүүлж л байвал амьдрал баян биш гэж үү? Ихэнх тохиолдолд хүн өөрийн шийдвэр, сонголт, тэдгээр дээр тулгуурлан гаргах араншин, үйлдлээсээ болж аливаа үр дүнд хүрдэг. Хувь заяаны гэнэтийн цохилтийг эс тооцвол шүү дээ. Иймд ямар үр дүнд хүрмээр байна, түүндээ л чиглэсэн алхам хийж байх нь ухаалаг хэрэг. Чухам юу болж бүтэж байна, түүнийг үнэлж, талархаж байвал үйлс улам л бүтэж, өөдрөг байдаг мэт надад санагддагийг нуух юун.

Шинэ оноо угтан авахдаа хуучин ондоо би үргэлж талархдаг. Огт юу ч хийж бүтээгээгүй байлаа гэж бодоход бид ямар нэгэн хэмжээгээр илүү туршлагатай болж, аль нэг зүйлийг мэдэж авсан л байдаг. Энэ бол талархах шалтгаан бас л мөн тийм үү?

Нэгдүгээр сард миний хувьд онцлох нэгэн учрал бол Германы эрүүгийн эрх зүйн "Загалмайлсан эцэг" гэгдэгч, дэлхийн 24 их сургуулийн өргөмжит доктор, манайхаар бол гавьяат хуульч, алдарт профессор Клаус Роксинтой уулзсан явдал байлаа. Энэ буурайн нэрийг мэдэхгүй хуульч гэж Германд үгүй. Эрүүгийн эрх зүйн лекцэн дээр түүний гаргаж ирсэн онол, түүний бүтээл гээд нэрийг нь олонтаа эшилнэ. Азид, ялангуяа Япон, Хятадад энэ хүмүүнийг бурхан мэт дээдлэнэ. Миний хувьд, би түүнтэй Монголын эрүүгийн хуулийн шинэтгэлтэй холбоотой асуудлаар зарим нэг зүйлийг тодруулж, санааг нь сонссон юм. Эрдэмтэй хүн хэзээд бусдад чиг зааж өгдөг. Миний судалгааны ажилд энэ уулзалт хэд хэдэн сэдвийг хөндөх санаа төрүүлсэн юм. 

Prof.Dr.Dr.h.c.mult.Claus Roxin

Сайхан газар аялахаараа үүнийгээ хайртай дотно хүмүүстээ үзүүлэх юмсан гэж бодогддог биз дээ? Ээжийгээ Герман, Австри, Франц орноор хэд хэдэн удаа аялуулсандаа би маш их баяртай явдаг. Энэ удаад үеэл дүүдээ Герман орныг үзүүлэхээр авчирсан нь хоёрдугаар сарын онцлох тохиол байлаа. Залуу хүн газар үзэж, нүд тайлснаар аливааг өөр өнцгөөс хардаг, харьцуулдаг болдог. Хэрэв надад эгч байгаад, намайг оюутан байхад эсвэл ид залуу, зүг чигээ олох гээд төөрч байхад  газар үзүүлж, чиглүүлсэн бол хэчнээн сайхан бол гэдэг мэдрэмжинд хөтлөгдөн хийсэн алхам минь. Шинэ зорилго, хүсэл тэмүүлэлтэй болог, энэ ертөнцөд үзэж харах зүйл их байдаг гэдгийг мэдрэг, амьдралд шунаг, уулын цаана уул байдаг гэдгийг ойлгож мэдрэг гэсэндээ зорьсон хэрэг. Сэтгэх хаяагаа тэлнэ гэдэг маш том "боловсрол" шүү дээ. Ийм боломжийг залуу хүнд олгоно гэдэг үнэхээр сайхан. Баярлалаа хоёрдугаар сар минь.

Үеэл дүү минь Мюнхен хотын төвөөр зугаалангаа

Гуравдугаар сард миний төрсөн өдөр тохиодог. Төрсөн өдрөөр минь баяр хөөр нэмж, сайхан сэтгэлээр, урмын үгээр тэтгэн, намайг улам баян болгодог бүх найзууддаа баярлалаа. Найзууд бол хүний амьдралын хамгийн чухал багануудын нэг. Найз нөхөдтэй байхын тулд өөрөө сайн найз байх хэрэгтэй. Найз болохоор надад туслах ёстой, миний асуудлыг хуваалцах ёстой гэж шаардах нь нөхөрлөлийн утга биш. Зарим "найз"-ад яаж ч туслах гээд чадахгүй үе байна. Учир нь тэр хүн өөрөө өөртэйгээ асуудалтай, чи хэчнээн хичээсэн ч тусыг үл олох тохиолдол байдаг. Найз нөхөддөө тунирхахаасаа өмнө чи өөрөө нөхөрлөлийнхөө төлөө ямар алхам хийсэн бэ гэдгийг нэг тунгааж байгаарай. Олон хүн чамаас дөлж, ганцаардаж байвал өөртэйгээ шударгаар нэг ярилцаж үзээрэй. Ихэнхдээ найзтай байх боломжоо өөрөө хясаад эсвэл сүйтгээд байдаг, бодит байдал дээр үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүйд учир байдаг мэт санагддаг. Өөрөө сайн найз байж л олон сайн найз нараар хүрээлүүлдэг болов уу.

Төрсөн өдрийн гоёмсог цэцгүүдэд баярлалаа!

Би гал тогоондоо муу. Тийм болохоор жилд нэг гоё хоол, нэг амттан сайн хийж сурч байя гэж шийдсэн юм. Зарим хүн долоо хоногт нэгийг сурдаг байх даа. Надад бол жилд нэг байхад л хангалттай. Энэ удаад макарон хийж үзлээ. Амт нь гоё болсон ч хэмжээ нь арай л жижиг болчихсон. Мөн дунд нь хавчуулдаг цөцгийн найрлага шингэдээд наалдаж өгдөггүй. Дараагийн оролдлогоор амжилттай болвол хэрхэн хийх аргы нь хуваалцнаа. Ямартаа ч гуравдугаар сард сурахаар оролдсон шинэ зүйл байлаа.

Дөрөвдүгээр сард онцлох үйл явдал бол хуримийн 5 жилийн ой тохиосон явдал. Айлын бэр болоод таван жил болжээ. Хуримийн таван жилийн ойг "Модон" хэмээн нэрийддэг аж. Намайг үргэлж дэмжиж, хайраар дутаадаггүй нөхөртөө би талархаж явдаг. Би ч сайн эхнэр байхыг хичээдэг. Гэр бүл байна гэдэг сайхан, гэвч амаргүй зүйл.  "Сайн хүнтэй суучихсан, азтай" гэж зарим нь өнгөцхөн ярьдаг. Гэр бүл хэзээ ч нэг талын гавьяа байдаггүй. Үнэн хэрэгтээ бол гэр бүл маш их хайр, итгэл, ойлголцол, хүндлэлээр хоёр талаас хөрөнгө оруулалт хийж, хичээл зүтгэл шаардаж байж сая нэг баг болдог. Хэн хэн нь гэр бүлээ гэсэн алхам хийж байж сайхан гэр бүл оршдог болов уу. Нөхрөөсөө эсвэл эхнэрээсээ л юм хүсээд өөрөө юу ч хийхгүй, нэхээд л суувал үр дүнгүй л болох байх. Зарим хүмүүс "одоо түүний гарт л бүх зүйл байна " гэдэг. Үгүй дээ, өөрийн чинь гарт таны сонголт, шийдвэр байгаа. Нөхрөө эсвэл эхнэрээ муулдаг хүнд бас хэлмээр санагддаг юм: Чи л түүнийг сонгосон шүү дээ. Нэг тийм үг байдаг, тарьчихсан мод биш, болохгүй бол яв л даа гэж. Болж бүтээмээр байгаа бол хичээ, зүтгэ, бодит алхам хий. Болж бүтэж байвал үнэл, таларх, арчил. Хэн хэнээ гэсэн сэтгэл, хүндлэл байгаа цагт ямар ч асуудлыг ойлголцлоор шийдэж болдог мэт. Харин хайр даахгүй алдвал ёстой өөрийн мулгуугийнх. Бие биенийхээ сайн зан чанарыг  уусгаж аваад, сайхан хайраа тордож, гэр бүлээ цогцлоож явах нь чамгүй их хөдөлмөр юм шүү.

Тавдугаар сар миний хувьд үнэхээр сайхан сар байлаа. Миний анхны хамтарсан бүтээл "Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий анги. Удиртгал" ном хэвлэгдэн гарч, Монголоос нисээд хүрээд ирэв. Багштайгаа хамтран туурвисан энэхүү ном нь Монголд өдгөө явагдаж буй эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн явцад цаашид бодолцон үзэх, харьцуулан судлах, хамтран ажиллах нөхцлийг бий болгож буй гагцхүү сайн санааны үндэс юм. Эрүүгийн эрх зүйн судлаач, хуульчдын мэдлэгт, цаашлаад Германд над шиг хууль сурахаар ирэх нэг ч гэсэн оюутанд агуулгын болон нэр томьёоны өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулбал энэхүү номыг бичих үүтгэлийн гол зорилго биелэх нь тэр ээ.

Өөр нэгэн үеэл дүүдээ Герман орныг үзүүлэх боломж олгосон зургадугаар сард баярлалаа. Мөн адил, залуу хүн газар үзэж, нүд тайлаг гэсэндээ зорьсон алхам минь. Дүүтэйгээ Герман, Австри, Итали орноор аялаад сайхан амраад ирсэн. Миний дүү энэ аялалаас их зүйл ойлгож, аливааг тунгаах хаяагаа тэлсэн гэдэгт найдаж байна. 

Долдугаар сар минь, надад далайн эрэг дээр ном уншин, салхины сэвшээг мэдрэн алхах, эргэцүүлэн бодох цаг гаргасанд баярлалаа. Заримдаа байгаль дэлхийн энгийн мэт бүх зүйлс гайхамшигтай, амьд оршихуйг мэдрүүлнэ. 

Нэгдүгээр ангиасаа эхлээд найзалсан танхил багын найзтайгаа Германд хөтлөлцөөд явж байна гэдэг сайхан тохиол биш гэж үү? Наймдугаар сард айлчилсан хүндэт зочид, миний багын андууд. 7 настайдаа нэгэн сайхан өдөр Салцбург хотын Мирабелл ордны цэцэрлэгт ингээд хамтдаа гүйж байна гэдгийг төсөөлөө ч үгүй байсан даа.

Миний олон жил санаж, хөөцөлдөж байсан үйл энэ сард биеллээ олсон юм. Аль оюутан байхын туслахаар ажилладаг байсан тэнхимдээ Хятад, Солонгос, Япон , Турк гээд гадны их сургуулиудаас төлөөлөл ирэх бүрийд Монголоос минь ингэж ирдэг бол хэмээн боддог байлаа. Герман багшдаа Монголын тухай аажим сурталчилж, нийтлэлүүдий нь орчуулан гаргаж, эцэст нь хамтын номоо гаргахдаа ч энэ бүхэн нэг л өдөр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байсан юм. Ингээд МУИС-ийн ХЗС-ийн эрүүгийн эрх зүйн тэнхим ба Баварийн Юлиус-Максимилианы их сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхим хооронд хамтын ажиллагааны гүүрийг албан ёсоор босгож, бидний урилгаар Проф.Док.Баярсайхан айлчлан ирж, хоёр тэнхимийн эрхлэгч профессорууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Эрдмийн солилцооны энэхүү гүүрээр хоёр талаас судлаачид, оюутан солилцож, харилцан айлчлал хийж, хурал хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Нэг ч гэсэн Монгол хүн миний сурч байсан энэ сайхан сургуульд хөл тавих болно гэдэг сэтгэлд өег. 

Аравдугаар сар бол судалгааны ажлаа ахиулах, унших, унших, бас дахин унших сар байлаа.

Энэ сард докторын ажлынхаа хамгийн чухал хэсгийн ерөнхий бүтцийг бэлэн болгосон, судалгаагаа хамгийн ихээр ахиулсан сар байлаа. Ажил амралтаа зохицуулж, цагаа зөв хуваарилах нь амжилттай ажиллахын нэг үндэс. Хэдий чинээ их ажиллана, өөртөө төдий чинээ зайгаа цэнэглэх цаг гаргаж, энергиэ сэлбэж байгаарай. Тэнцвэр гэдэг аливаа зүйлийн гол юм.

Арванхоёрдугаар сарын хамгийн онцлох нэгэн тохиол бол сүүлийн хоёр жил бодож, ажиллаж, засварлаж байсан блогоо нээсэн явдал юм. 12.12-нд Chansys Desk цахим хуудас минь мэндэлсэн билээ. Удаан бодож байсан зүйлээ хэрэгжүүлэх үнэхээр сайхан мэдрэмж шүү. Блогт минь морилж, бичвэрүүдээр минь хамт байдаг бүгдэд нь баярлалаа.   

Сар бүрийн гоёмсог зурагтай энэ хуанлиг фэшн зураач Керри Хесс зурсан бөгөөд инстаграм дээр дагагчиддаа сар бүр хуанли хэвлэн гаргах цахим холбоосыг мейлээр түгээсэн юм. Хүсвэл инстаграм дээр kerriehessillustration гэж дагаарай. 

2015 он минь баярлалаа!

Та нар ч гэсэн улиран одож буй 2015 оноо эргэж нэг хараад, сайхан мөчүүдээ талархан дурсаарай. Шинэ ондоо улам их сайхан мөчөөр дүүрэн яваарай!

Kommentar schreiben

Kommentare: 7
  • #1

    Chimegee (Samstag, 02 Januar 2016 12:13)

    Bayrlalaa! Saihan bichjee Ingeed sar saraar dugneh n neeree ur duntei um baina shu! :-)

  • #2

    Tsegi (Samstag, 02 Januar 2016 16:51)

    Bayar hvrgii Chansaa. Vneheer goe boljee.

  • #3

    Nara (Samstag, 02 Januar 2016 17:21)

    Gaihaltai busgui shuu! Chamaar mash ih baharhaj yabdag. 2016 on ulam olon amjilt, gaihamshigt adal yabdalaar duuren on bolog gej erööe!

  • #4

    Chansy (Sonntag, 03 Januar 2016 18:00)

    Баярлалаа, бүсгүйчүүд ээ!Шинэ ондоо сар бүр заавал нэг зүйлийг онцлон хийж, бүтээгээрэй.

  • #5

    Goo, (Montag, 04 Januar 2016 03:24)

    Shine onii mend Chansy.. unshaad erch huch avlaa. bayarlalaa. urgeljluuleed baigaarai, :-)

  • #6

    Haliun (Montag, 08 Mai 2017 17:20)

    Oorin chin blogig unshaad ih yum bodloo oortoo joohon dugnelt hilee yaj im ih ajilig amjuulj hij chaddag bna bas yaj bukh yum chin im goi tsegtstei bdag bnaa uneheer mundaga busgui yumaa erch huch ogsond bayarlalaa

  • #7

    Гоо (Freitag, 18 August 2017 03:09)

    Сайн байн уу ! Үнэхээр мундаг бүсгүй юмаа маш их баярлалаа . Хайж байсан олон асуулт суралцах зүйлсийн хариулт маань байна . Ийм мундаг охиноо хүмүүжүүлсэн ээжид нь баярлалаа. Илүү ихийг аз жаргал , гэрэл гэгээг түгээгээрэй .